Г.Мэнд-Ооёо: Хийсэн хүнд өөлөх юм гарна. Гэхдээ шантрахгүй, зорилгоосоо ухрахгүй
2015-11-02

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёог “Ардын эрх” сонин “Онцлох зочин”-оороо урьж ярилцлаа. Түүнд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг гардуулах болсноо Ерөнхийлөгчийн Тамгын газраас баасан гаригт зарласан билээ. Энэхүү эрхэм хүндтэй дээд шагнал, тэргүүн зэргийн одонг энэ сарын 12-нд тохиох эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдрөөр гардуулах юм.

 

“Чингис хаан” одон гардуулах тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан мэдээнд Г.Мэнд-Ооёо зохиолчийг “малчин ардын хүү” хэмээн тодотгосон байв. Монголын эгэл жирийн малчин ардын хүү нүүдэлчдийн өв соёл, урлаг, утга зохиолыг дэлхий дахинд сурталчлан таниулахад түүчээлэн зүтгэж, ном бүтээлийн дээжис тээсэн бичиг соёлын жингийн их цувааг хөтлөн магнайлж явааг нь ийн үнэлж, тодотгосон хэрэг буй заа.

 

 

-Монгол төрийн дээд шагналын эзэн болсонд тань уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

-Баярлалаа. Энэ мэдээг та нартайгаа л зэрэг хүлээж авлаа даа. Гэртээ тооноор хөх тэнгэр ширтсэн шигээ хэвтэж байтал ийм сайхан мэдээ ирдэг юм байна.

 

-Таны зохиолыг шимтэн уншдаг уншигчид, утга зохиолын хүрээнийхэн энэ мэдээг аваад баярлаж байгаа байх даа. Гэхдээ хамгийн их баярлаж байгаа хүн ижий тань болов уу?

-Алд биеийг төрүүлж, ангир уургаа шимүүлсэн ижийтэйгээ цуг энэ мэдээг хүлээн авсан минь юутай азтай хэрэг вэ.

 

-Та сүүлийн үед ямар бүтээл туурвиж байна. Уран бүтээлийн олз омог арвин байна уу?

-Өвөлжөөлчихөөд л сууж байна даа. Өвөл жаахан тогтож сууж ажиллахад тохиромжтой байдаг юм. Зун, намар бол үйл явдлууд ихтэй байдаг. Яг одоо “Гол ус тунгалагших цагаар” гэж нэртэй шинэ номоо хэвлэлтэд бэлдээд дардасаа уншиж байна даа.

 

-Саяхан Болгар яваад ирсэн гэсэн. Аяны богцоо задалж, явсан газрын сонин сайхнаас хуучилбал сайхан байна?

-Болгарт соёлын ажлаар яваад ирлээ. Тус улсад суугаа манай Элчин сайд Л.Дүгэржав бид буддын соёлын төв байгуулах талаар ярилцаж байгаа юм. Тэнд сайхан байр бэлэн байна. Тиймээс Монголын соёлыг Европт сурталчлах төв байвал их зүгээр юм гэж бодоод байгаа юм. Тэгвэл янз бүрийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Европ дахинд байгаа музей, соёлын газруудтай харилцах, тэнд байгаа Монголын түүх, соёл, шашны эд өлөг, урлагийн зүйлүүдийг гадаадынхантай хамтарч судлах зэрэг олон ажил зохион байгуулах боломж бүрдэнэ. Энэ нь судалгааны сан хөмрөгийг арвижуулахад хэрэгтэй. Нөгөө талаас Монголыг өрнө дахинд танилцуулахад тохиромжтой юм. Одоохондоо энэ ажил эхлэлийн байдалтай байна.

 

-Аян замд уран бүтээлийн ганзагалаа арвин явсан бололтой. Болгар болон өрнө дахины соёл урлагийн талаар хэр  мэдээлэлтэй ирэв?

-Цөөхөн хоносон. Гэхдээ тэнд байгаа монгол судлалын эрдэмтэдтэй уулзлаа. “Монголын нууц товчоо”-г орчуулсан Александьр Федотев гэж алдартай эрдэмтэнтэй уулзсан. “Монголын нууц товчоо”-г тэнд хэд хэдэн удаа хэвлэсэн юм байна. Тэр их сайхан санагдлаа. Бас Людмила Класанова гэж буддын урлагийг судалдаг доктортой уулзсан. Болгарын үндэсний галерейг үзлээ. Би маш бага төсөөлөлтэй очсон юм байна. Болгарын галерейд Монголтой холбоотой маш их өв соёл байна. Жишээлбэл монголчуудын сайн мэдэх Н.Рерихийн 200 гаруй бүтээл тэр галерейд хадгалагдаж байна. Буддын шашны урлагийн бүтээлүүд, эртний Балба, Бирм хавийн ховор сайхан бүтээлүүд ч байна лээ. Өндөр гэгээн Занабазарын хоёр бүтээл байгаа гэж байна. Нэгийг нь хуулбараар тавьжээ. Мөн Болгарын алдартай зураачдын бүтээл олон байна. Бас Болгарын үндэсний их сургуулиар орлоо. Тэнд Антарктид судлалын тэнхим байдаг. Болгар бол Антарктидын судалгаанд их идэвхтэй оролцдог гол орны нэг юм байна. Элчин сайд Л.Дүгэржав бол Антарктид судлаач хүн. Тэндээс Антарктид судлалын талаар бага сага мэдээлэл оюуны сандаа хуримтлууллаа. Антарктидад очиж үзэх юм сан гэсэн мөрөөдөлтэй л болчихоод ирлээ.

 

-Таны хувьд Монголын соёл урлаг, утга зохиолыг гадаад ертөнцөд таниулах ажлуудыг олон жил хийж байна. Болгарын аялал үүний нэг хэсэг нь гэж ойлголоо. Ер нь сүүлийн үед энэ чиглэлээр хийж байгаа томоохон ажил юу байна вэ?

-Би хоёр чиглэлээр л ажилласан байна. Нэг нь Монголын соёл урлаг, нүүдэлчдийн өв соёлыг хамгаалах, дэлгэрүүлэх чиглэлээр ажиллажээ. Энэ бол миний эрхэлж байсан ажлуудтай холбоотой. Соёлын санд ажиллаж байхдаа 1998-1999 онд Япон, Солонгост “Монголын нүүдэлчдийн соёл” гэсэн томоохон үзэсгэлэнгүүд гаргаж байсан. Тэр бол тухайн улс орнуудад Монголын соёлыг танилцуулах том үйл явдлууд болсон доо. Европоор 2006-2008 онд улс орон дамжиж аялсан “Чингис хааны өв” үзэсгэлэнг зохион байгуулах асуудлыг бүр 1999-2000 онд Германд айлчлахдаа анхны гэрээ хэлэлцээрийг нь хийж, төсөл хөтөлбөрийг эхлүүлж байсан. Тэр маань нэлээд хэдэн жилийн дараа хэрэгжиж эхлээд сайхан явж байна.

 

Сүүлийн жилүүдэд голдуу яруу найраг, монгол бичиг, соёл, уран бичлэгийг сурталчлах талаар ажиллаж байна. Японы хэд хэдэн хотод өнгөрсөн өвлөөс эхлээд уран бичлэгийн үзэсгэлэн амжилттай аялуулсан. Өнөөдөр уран бичлэг буюу каллиграфийг дэлхий нийтийн, соёлтой оюунлаг ертөнцөд маш их сонирхож байна.Энэ бол монгол бичгээ сурталчлах сайхан боломж. Монгол бичгээр туурвисан өөрийн үндэсний яруу найраг, ардын мэргэн цэцэн үг хэллэгийг бичихэд үг дүрслэл хоёр нийлдэг урлаг юм. Уран бичлэг яруу найрагтай салшгүй холбоотой. Манай Данзанравжаа хутагт, Инжинаш зохиолч, тэгээд наашлах юм бол С.Буяннэмэх гээд л энэ соёлыг өөрсдөө зохих хэмжээгээр эзэмшиж, түгээн дэлгэрүүлэх талаар ажиллаж байсан зохиолчид, бичгийн хүмүүс олон байдаг.

 

-Та өөрийн шүлгүүдээ уран бичлэгээр бичдэг. Энэ урлагийг хэзээнээс сонирхох болов?

-Хожуу хожуу. Би хаашаа ч хүн юм. Нэг өөрийнхөө эхэлсэн гэдэг юм уу сэтгэл дотор үүнийг болгочих юм сан гэж бодсон зүйлээ орхих дургүй хүн юм. 1980-аад оны сүүл үеэр үндэсний оюун санааны сэргэн мандалт эхэлж, ардчиллын үзэл санаа бүрэлдэж байсан тэр үед би өв соёлоо сэргээх талаар баахан бичдэг байв. О.Дашбалбар маань “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр” гэж бичиж байсан үе. Бүгдээрээ л бичиж байсан. Би ч “Судар номынхоо цонхоор ертөнийг харах юмсан” гээд “Утга зохиол” сонинд бүтэн нүүрээр нийтлүүлээд л. “Монгол хэл бичгийн сартваахи Шагж” гээд Шагж багшийн тухай нийтлэл бичсэн. Уг нийтлэлийг бичихийн тулд Дотоод яамны архивт сууж Шагж багш яагаад хэлмэгдсэн тухай нь баримт материал цуглуулж байлаа. Шагж багшийн “Монгол бичиг сурах дөт зам” бүтээлийг нь Өвгөөдэй Ц.Дамдинсүрэн гуай, Т.Дашцэдэн гуай хоёроор бичүүлж хянуулаад ном болгож хэвлүүлсэн. Тэр үед “Утга зохиол” сонины эрхлэгчээр Ц.Нацагдорж гуай ажиллаж байсан. Дараа нь Соёлын санд ажиллаж байхдаа Шагж багшийн буруутаж хэлмэгдэх шалтгаан болсон “Монгол үгийн тайлбар толь”-ийн нэг гар бичмэл хувийг олсон. Академич Д.Цэрэнсодном гуай уг толийн дутуу орхигдсон зарим үгэнд тайлбар хийгээд монгол бичгийн программ ч гараагүй байсан үе тул Бээжинд хэвлүүлсэн. Дараа нь 1937 онд буруутаж шатаагдсан “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг нь мөн хэвлүүллээ. Миний Соёлын санд ажиллаж байхдаа хийсэн, Жанрайсигээс гадна нэг том ажил бол “Бичиг соёл” хөтөлбөр байсан. Үндэсний монгол бичгээ сэргээх энэ хөдөлгөөнийг хэрэг дээрээ зохиолчид хошуучилсан юм. 1989 онд байх, Д.Маам гуай Зохиолчдын их хурал дээр үг хэлээд л. Би ч гэсэн монгол бичгээрээ байгаа асар их өвийг эхлээд 365 ботиор хэвлээд XXI зуун руу хос бичигтэй оръё гэж үгээ төгсгөж байсан. Ж.Бямбаа гуай зэрэг олон хүн үүнийг дэмжээд, О.Дашбалбар бид хоёр “Утга зохиол, урлаг” сонинд монгол бичгээр байгаа хуучны судруудыг буулгаад л хэвлэдэг байсан. Монгол бичгийг сэргээхэд С.Дулам бид хоёр өргөх бичгийг нь хийгээд л, ингээд монгол бичигтээ 2000 оноос шилжих тухай Улсын бага хурлын тогтоол гарсан. Харамсалтай нь хоёр жилийн дараа УИХ тэр шийдвэрээс ухарсан юм. Үүнээс болоод монгол бичгээ сэргээх хөдөлгөөн саармагжаад явчихсан. Түүнд сэтгэл дундуурхан байсан. Нэгдүгээр ангид монгол бичиг заадаг байсан нь гуравдугаар анги болоод. Тэр нь ухарсаар байгаад бүр байхгүй болсон доо.

 

Тэгээд л ер нь арай сонирхол татах хэлбэрээр нь монгол уран бичгээ урлагжуулаад үүгээр монгол бичгээ сурталчилбал ямар вэ гэж бодсон. Тэр үед уран бичлэгээр сайн бичдэг Жалайр Д.Батбаяр, Д.Баттөмөр гээд залуус байсан. Тэднийг дэмжээд, хамтраад уран бичлэгийг хөгжүүлье гээд зүтгэчихсэн, өөрөө ч оролдож эхэлсэн.

 

-Уран бичлэгийн үзэсгэлэнг Японоос гадна хэд хэдэн улс оронд зохион байгуулсан байх аа?

-2006 оноос эхлэн жил бүр уран бичлэгийн үзэсгэлэнг үндэсний хэмжээнд зохион байгуулсан. Япон, Тайвань, Филиппин, Македони, Австри зэрэг орнуудад монгол бичгийн гайхамшгийг толилуулан үндэсний соёлоо сурталчилсан даа.

 

-Уран бичлэгээр дорно дахин тэр тусмаа Япон, Хятад эртний уламжлалтай даа?

-Өө тэгэлгүй яах вэ. Монгол бичиг гэхдээ  ханзнаас ялгарах юм. Монгол бичиг авиан бичиг боловч хэлбэр дүрслэлийн хэллэг байгаа нь уран бичлэгээс харагдаад байгаа. Манай залуучууд бол уран бичлэгийг билиг танхай хийж байна шүү дээ. Яахав нэг талаар зарим нь хэт урлагжуулаад бичгийнх нь талыг алдагдуулаад байна гэдэг л юм. Гэхдээ аль алинаар нь явж л байна. Алдахгүй байх аа л гэж боддог юм.

 

-Та Дэлхийн яруу найрагчдын их хурлын дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. “Чингис хаан” одон гардахаасаа өмнө Тайвань яваад ирнэ гэж нүүр номдоо бичсэн байсан. Дэлхийн яруу найрагчид хуран чуулах гэж байгаа гэл үү?

-35 дахь их хурал нь юм. Өнөө жил Монголоос 15 хүн оролцоно. Монголын яруу найргийн өдөрлөг, уран бичлэгийн үзэсгэлэн гарна. Мөн миний шүлгийн түүвэр англи болон хятад хэлнээ “Шинэ нутаг” нэртэйгээр тэнд хэвлэгдэн гарч байгаа.

 

-Манай зохиолч, яруу найрагчид олон улсын яруу найргийн наадам, фестивалиудад тогтмол оролцдог болжээ. Та ч гэсэн яруу найраг, утга соёлын олон арга хэмжээнд оролцдог байх. Энэ бүхний эхлэлийг тавих, анхны зам мөрийг гаргах хэцүү байсан байх даа?

-Монголын утга зохиолын гадаадад таниулах ажил бол 1985 оноос л эхэлсэн. Энэ бол их урт зам байдаг юм байна. Тэр үед бид ганц шүлэг орчуулуулаад авч явж байлаа. Тэр нь хоёр гурван жилийн дараа гадаадын сэтгүүлд хэвлэгдээд л бөөн баяр болж байсан. 2002 онд Румынд болсон дэлхийн яруу найрагчдын ээлжит их хуралд би “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй” гэж өөрийнхөө шүлгийн номоор нэрлэсэн илтгэл тавьж байсан юм. Тэр үед үнэндээ авч очоод хүний гар дээр тавих Монголын уран зохиол, яруу найргийн талаар гадаад хэл дээр гарсан тоймтой ном үнэхээр ховор байлаа. Хуучин социализмын үеийн үзэл суртал голлосон номууд л мэр сэр байсан. Тэдгээр нь бас нэг тийм тохиромжтой биш. Тэгээд би өөрийнхөө цөөхөн шүлгийг нимгэн хавтсанд боож аваад тэр их хуралд очсон. Илтгэлдээ одоохондоо бидний бүх юм шинэ байна, хэлний бэрхшээл, нийгмийн тогтолцооны янз бүрийн бэрхшээлээс болоод Монголын уран зохиолын эртний өв соёлыг ч мэдүүлж таниулж чадаагүй байна гэдгийг хэлсэн. Хоёрдугаарт, ХХ зуун Монголын уран зохиолын хөгжилд маш чухал үе байсан. Гуравдугаарт, Монголын шинэ үеийн залуучууд өрнө дахинд хүчээ авсан модернизм, постмодернизмын аль алинаар бичиж байна. Тэгэхээр бидний бүх үеийн уран зохиол та бүхэнд шинэ байгаа. Одоо гар дээр тань тавих зүйл алга. Удахгүй би том десант буулгаж магадгүй шүү гэж хэлсэн. Тэрнээс хойш олон жилийн дараа буюу ноднин Михай Эмнескугийн олон улсын яруу найргийн наадмын тэргүүн шагнал гардуулах ёслол дээр би “Тэнгэрийн хаяа хязгааргүй, нүүдэл төгсгөлгүй” гэсэн утгатай үг хэлсэн юм. Тэгэхэд би дээр хэлсэн дэлхийн яруу найрагчдын их хурлаас хойш 12 жилийн дараа англи болон бусад хэлээр  хэвлэгдсэн тэвэр дүүрэн номтой очсон. 12 жилийн өмнө тэнгэрийн хаяанд тоос л босгох төдий байсан бол одоо Европын төвд нүүдэллэн ирж ачаа хөсгөө авчран буулгачихлаа. Та нар манай нүүдлийг их сайхан тослоо, гэхдээ энэ нүүдэл цааш үргэлжлэх болно л гэж хэлсэн дээ.

 

-Энэ бол “Шүлэг чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэсэн Явуу багшийн тань гэрээслэлийн биелэл биз?

-Тийм. Явуу багш хоёр хөтөлбөр дэвшүүлсэн гэж өөрөө хэлдэг байсан. Эхнийх нь “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” гэсэн санаа. Хоёр дахь нь “Шүлэг минь, хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж. Тэр нь өөртөө тавьсан хөтөлбөр юм шиг боловч Монголын уран зохиолын дэлхийд гарах зорилгыг тунхагласан юм. Тэр үг бидний зүрх сэтгэлд их хүчтэй тусч үлдсэн байна. Хамгийн сүүлд 1999 онд О.Дашбалбар нас барахаасаа сарын өмнө нэг шөнө манайд ирээд, бид хоёр хуучилж суусан юм. Бие нь бас сайнгүй л байсан даа. Тэгээд, за одоо бол уран зохиолын жижигхэн амбийц, дотоодын жижиг тэмцээн наадам яах вэ. Утга зохиолын үндэсний их том бодлого явуулъя гэж ярьж байсан юм. Тэр яриа миний зүрхэнд хүчтэй эмзэглэл, өдөөлтийг орхисон байна. Ингээд л яваад байлаа. Энэ хугацаанд төр засгаас дэмжлэг үндсэндээ аваагүй. Нэг антологи хэвлэхэд Н.Болормаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байхдаа дэмжлэг үзүүлсэн. Түүнд би маш их баяртай байдаг. Бусдыг нь бол бор зүрхээрээ хийсэн дээ. Монголын уран зохиол, тэр дундаа Монголын яруу найраг хэл, соёл, сэтгэлгээгээрээ өрнө дахины яруу найргаас их өөр юм байна гэдгийг бид таниулсан явдал амжилт юм. Мэдээж орчуулгын хувьд дутагдал байгаа л байх. Гэхдээ л яагаад монгол яруу найраг тэдэнд сонирхолтой санагдаад, Монголын яруу найргийг үнэлээд, анхаараад байна вэ гэдэг бол сонирхолтой асуудал. Ер нь нэг үе Монголын яруу найраг орчуулагдах боломжгүй. Яаж “суусрын гүйдэл шиг салхи” гэдгийг орчуулах юм. Ямар ч бололцоогүй, шал дэмий яриа гэсэн байр суурь гарч л байсан. Хоёрдугаарт, орчуулагдахгүй юм чинь яах вэ дээ. Дотроо ингээд явж байя гэсэн гутранги үзэл аль аль нь байсан юм. Ямар ч байсан бид үүнийг эвдэж чадсан. Залуу үедээ өрнө дорно руу аль аль руу нь хаалга нээсэн. Үүгээр чөлөөтэй явах ёстой гэсэн зориг эрмэлзэл төрүүлсэн байх гэж бодож байна.

 

-Зарим талаар шүүмжлэл ч дагалдсан л байх. Орчуулгын тал дээр бол тодорхой шүүмжлэл гарч л байсан.

-Тийм л байдаг юм. Ер нь хийхгүй бол хэн ч алдахгүй. Хийсэн хүнд бол өөлөх юм байлгүй л яахав. Түүнээс болоод шантрах ч үгүй, зорилгоосоо ухрах ч үгүй.

 

-Монголын уран зохиол дэлхийн дэвжээнд хүрсэн үү. Хэрвээ маш сайн орчуулаад гаргаж чадах юм бол гадаадынхан хүлээж авахад бэлэн үү?

-Би ийм л юм боддог. Аль ч үндэстний уран зохиол тухайн үндэстний язгуур өв уламжлал, сэтгэлгээг нь илэрхийлж л чадаж байвал, хэлнийхээ үнэт зүйлс, хэлний  хүч чадлаа алдаагүй л байвал болоо. Тэгж чадсан тохиолдолд нэг үндэстний утга зохиол нөгөө үндэстний утга зохиолоос дутуу байна гэж огт байхгүй. Тийм болохоор би манайх зуун жилээр хоцорч яваа ч гэдэг юм уу, тэдэнд хүрэх яагаа ч үгүй байна даа гэдэг гутранги үзлээс үргэлж зайлсхийдэг. Бид адилхан л байгаа гэж бодож байна. Бидэнд тэдний уран зохиол үнэхээр дээшээ асар холдоод явчихсан юм шиг харагддаг. Харин тэдний нүдээр биднийг харахад бас шал ондоо, холдоод явчихсан юм шиг харагддаг байж магадгүй. Өөр л харагдаж байгаа.  Яаж ч бодлоо гэсэн хүн төрөлхтний соёл иргэншлийн асар том гал голомт их түүхийн өлгийн монгол хүн бусдаас дутуу сэтгэнэ, доор урлана гэж яаж байх вэ дээ.

 

-Дэлхийн Урлаг, соёлын академиас олгодог дэлхийн яруу найргийн хамгийн дээд шагнал болох “Поэт лаурэт” цол, алтан титмийг танд олгосон. Ноднин Румынд болсон Дэлхийн яруу найргийн наадмаас гранд буюу тэргүүн шагналыг танд хүртээсэн. Монгол яруу найргийг өрнө дахин сонирхож, анхааран харж байгаагийн илрэл энэ байх?

-“Поэт лаурэт” бол яруу найрагч хүнд насан туршид нь олгодог сайхан цол юм даа. Түүнийг монгол хүнд өгье л гэж шийдсэн байх. Түүнд нь би тааралдсан нь азтай л юм. Гол нь Монголын уран зохиолын нэрийг дуудуулж чадсан. Ноднингийн Михай Эмнескугийн наадам бол нэлээд том наадам. Дэлхийд өнөө цаг үед хүлээн зөвшөөрөгдсөн 53 яруу найрагчийн бүтээлээс франц хэл дээр хэд хэдэн үе шаттай шалгаруулалт хийгээд хамгийн сүүлийн шатанд монгол яруу найрагчийг тодруулсан.

 

-Таныг Нобелийн шагналд нэр дэвшсэнийг монголчууд саяхан л мэдлээ. Энэ талаар та нэлээд нууцалсан байх нь? 

-Шведийн “Sydvenskan” хэмээх өдөр тутмын сонинд миний тухай “Нүүдэлчин амьтай яруу найрагч” гарчигтай нийтлэл аравдугаар сарын 8-нд гарсан юм билээ. Нийтлэл бичсэн сэтгүүлч, хэвлэн нийтлэгч Пер Бергстрон сонины цахим холбоосыг надад ирүүлсэн. Энэ нь Нобелийн утга зохиолын 2015 оны шагналтныг зарлахын урьд өдөр таарсан учраас олны анхаарлыг татсан байх. Нүүр номоос л энэ мэдээлэл маань олонд цацагдсан л даа. Уг нь өнгөрсөн нэгдүгээр сард л нэр дэвшсэн юм. Лондонд төвтэй олон улсын “Пэн” байгууллагын Урал-Алтай хэлтний “Пэн” төвөөс намайг нэр дэвшүүлсэн. Нэр дэвшүүлсэн бичиг баримт нууц байдаг юм билээ. Ямар ч байсан монгол язгуур мэдлэг, ухаан, уламжлалт хэл соёл, сэтгэлгээний үнэт зүйлийг бүтээлдээ илэрхийлж хадгалж яваа минь гол шалгуур боллоо л гэж ойлгож байна. Дурын нэг байгууллага нэр дэвшүүлэх боломжгүй байдаг гэнэ лээ. Шведийн Нобелийн академи тухайн жилийн нэр дэвшүүлэгчээ өөрөө сонгодог бөгөөд эрх авсан байгууллага л хүнээ сонгодог болохоор энэ ховор тохиолдол монгол зохиолч надад нэг биш удаа таарсанд баяртай байгаа.

 

-Таны үеийнхэн бол Монголын утга зохиолын 1980-аад оныхон, “Гал” нэгдлийнхэн. Саяхан “Гал”-ынхны ном англи хэлээр хэвлэгдэж, номын хуримаар сайхан уулзалт боллоо доо?

-Бас л хувь тавилан л юм даа. Тэр үед шалдан оюутнууд хэдэн дээд сургуулийн дугуйлан хэсдэг, шүлгийн өвчтэй байсан. Тэр дотроос найзалсаар найзалсаар байгаад арваад залуу салахгүй болсон. Яагаад гэвэл бидэнд тэмүүлэл, эрмэлзэл, өөрийнхөө үндэс, соёл, малчин язгуураасаа ургасан хөрс гэх мэт олон төсөөтэй зүйл байсан байх. Тэгээд сайхан нөхөрлөсөн. Он цагийн уртад хэнийгээ ч орхиогүй. Бүгдээрээ уран зохиолд дуудах нэртэй, дугуйлах буурьтай болоод гараад ирсэн. Тэр нь судлаач, орчуулагчийн сонирхлыг татсан байх. Тиймээс тэр үеийн бүтээлүүдийг орчуулаад, судлаад ном гаргая гэсэн санал тавьсан. Энэ бол гадаад ертөнцөд ч сонирхолтой юм. Бидэнд ч гэсэн сонирхолтой санагдсан. Яг тэр үеийн түүх гэдэг бол сонин. Гэнэн юм их л байна. Гэхдээ л төрийн бус байгууллагыг дураараа байгуулж болдоггүй байсан цагт нууцаар бүлгэм байгуулаад, дарга, нарийн бичгээ томилоод, архивын эрхлэгчээ сонгоод зохион байгуулалтад ороод, бие биедээ шаардлага тавьдаг, протокол хөтөлдөг байсан нь сонирхолтой л үзэгдэл юм.

 

-Ийм зохион байгуулалтад оръё гэдэг санаа яаж гарсан юм бол оо?

-Бие биедээ дамжуулж бичиж шүүмжилдэг захидал шиг дэвтэр байсан юм. Тэр дэвтэр дээрээс л тийм байгууллагатай болъё гэсэн санаа анх гарсан. Гэхдээ бас зарим нь ингэх хэрэггүй, энэ чинь бид найз нөхөрлөлийн үе шатаас өнгөрөөд шал өөр нөхцөл байдалд орох нь. Нөхөрлөлийн энэ сайхан юмаа эвдчихгүй биз гэсэн болгоомжлол хүртэл байсан шүү. Тэгээд намайг ахлагчаар, Ү.Хүрэлбаатарыг архивын эрхлэгчээр, Я.Баатарыг нарийн бичгийн даргаар гэх мэтээр томилж байлаа. Саяын номд бүгдийг багтаагаагүй ч ямар нэгэн хэмжээгээр судалгааны зах сэжүүрийг өгсөн. Нийгэм зохих хэмжээгээр хаалттай байсан үед тэрэнтэй зохицох бас бага хэмжээгээр сөрөх юм байсан л байна. Нэгдүгээрт, бидний хамгийн гол зорилго бие биеэ хөгжүүлэн, уран зохиол, хөгжим, уран зураг гээд урлагийн бүхий л ертөнцөд гарч байгаа шинэ мэдээллүүдийг бие биедээ мэдээлж байх, хүний хувьд зөв хүн болох, төгөлдөрших, дотроосоо ариусах, үндэснийхээ түүх, соёл, шашин руу нэвтрэх гэсэн тодорхой зорилгуудыг дэвшүүлж байсан. Бидний уран бүтээлийн ерөнхий өнгө бол яруу сайхан, хэл, соёлоо дээдлэх чанар. Дотоод эрхэмсэг байдал, уран зохиол уран яруу байна гэдэг дээр тогтож байсан. Эргээд харахад анхны зорилгоосоо хэн нь ч ухраагүй байна.

 

-Анх та “Гал”-ынхнаас хэнтэй нь танилцаж байв?

-Ш.Гүрбазар надтай нэг сургуульд, нэг ангийн дээр байлаа. Их сургуулиас Ц.Ойдов /Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач/, Ж.Оюунцэцэг /нэрт орчуулагч/ нар шүлгийн дугуйлан энэ тэрд их ирдэг байсан. Анх танилцсан нь Ядамбатын Баатар маань юм байна. Бид хоёр нэг анги болж, нэг ширээнд суучихдаг юм. Манай хүн их сонин ааштай. Хичээл дээр багшийн зарим ярьсныг дэвтрийнхээ ард монгол бичгээр тэмдэглээд байх юм. Ямар мундаг эр вэ л гэж бодлоо. Тэгсэн монгол бичгийн хичээл заахаар Дамдинжав багш орж ирдэг юм. Дамдинжав багш “Монгол бичиг оролддог хүн байна уу” гэнэ. Би гар өргөчихдөг юм. Яагаад гэхээр би ааваараа монгол бичгийн цагаан толгойн үсэг заалгасан юм л даа. Цасан дээр шилбүүр, дэрсээр бичүүлээд л үсэг заалгаж байлаа. Тэрийгээ мартаагүй л байсан. Гэтэл нөгөө Баатар нөхөр дуугарахгүй юм. “Чи хэлээч, монголоор бичдэг юм биш үү” гэсэн дуугүй л байна. Багш ойртоод ирсэн чинь Баатар “Мэдэхгүй” гэчихдэг байна шүү. Тэр үед аравдугаар анги төгсөөд л оюутан болж ирсэн хүүхэд “Гэсэр”, “Жангар”-ыг уншдаг. Монгол бичгээр их гоё, хурдан бичдэг байсан шүү. Я.Баатар маань надад их нөлөөлсөн гэж боддог. Дараа нь Ж.Саруулбуян гээд л олон нөхөдтэйгөө танилцсан даа.

 

-О.Дашбалбар гуай та хоёр нэг нутаг усны найрагчид. Бүр эрт танил байсан уу?

-Миний анхны шүлгүүд 1975 онд “Утга зохиол” сонины ”Таны шинэ танил” буланд хэвлэгдсэн. “Голын чулуу” гэх мэт дөрвөн шүлэг гарсан юм. Тэр шүлгүүд бас тухайн үедээ хөөрхөн шуугиан тарьсан. “Утга зохиол” сонин долоо хоногт нэг гарна. Бүгд л А-гаас Я хүртэл алгасахгүй уншдаг байлаа. Тэр үед дөрвөн шүлэг  хэвлэгдэнэ гэдэг бол ховор тохиолдол. Тэгсэн чинь О.Дашбалбар Сүхбаатар аймгаас давхиж ирсэн. Надтай танилцана гэж тэр шүү дээ. О.Дашбалбар тэгэхэд Сүхбаатар аймгийн нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан юм. Тракторын жолооч, бас клубийн эрхлэгч энэ тэр хийдэг байсан. Тэгээд танилцаад удалгүй бас нэг их урт үстэй, савхин хүрэмтэй нөхөр дагуулаад ирсэн. Тэр нь Данзангийн Нямсүрэн байсан. Ерөөсөө ингээд л “Гал” бүрдчихсэн юм. Бие биеэ олоод авчихсан. Тэр цагаас хойш удаан нөхөрлөж байна даа.

 

-Дарьгангын найрагчид хотод бие биеэ олж танилцаж дээ?

-Тэгсэн. Миний утга зохиол, яруу найрагт өөрийгөө уях болсон шалтгаан нэрт яруу найрагч Доржийн Гомбожав багштай минь холбоотой. Би тавдугаар ангид байхдаа “Ганга нуур” гэдэг шүлэг бичсэн юм. Доржийн Гомбожав багш маань тэгэхэд Дарьгангадаа очоод байсан. Хөөрхий минь МОНЦАМЭ-д ажиллаж байгаад хөдөө цөлөгдсөн юм билээ л дээ. Гэхдээ манай Дарьганга сумын хүн л дээ. Багш шүлэг бичдэг хүүхдүүдийг цуглуулаад уран зохиолын дугуйлан байгуулсан Тэгээд манай сургуулийн пионерийн бүлгэмээс ч билүү жижигхэн гар бичмэл ном гаргалаа. Тэнд бидний шүлэг орсон юм. Шүлэг нь номд хэвлэгдсэн юм шиг маадгар байлаа. Дараа жилийн намар хичээл цуглахад Доржийн Гомбожав багш ирээгүй юм. Тэгсэн чинь хотод ирээд байж байхдаа автын ослоор нас барчихсан байсан. Тун харамсалтай. Тэгээд бидэнд баяртай, гунигтай ийм нэгэн дурсамж үлдсэн.

 

Зуны амралт дуусаад намар хүрээд ирсэн чинь “Сүхбаатарын зам” гэж цэнхэр сонины голынх нь хуудсанд “Г.Мэнд-Ооёо “Ганга нуур” Дарьганга сум” гээд миний шүлэг хэвлэгдсэн байна. Энэ миний анхны шүлэг. Доржийн Гомбожав багш маань явахдаа сонинд өгсөн нь хэвлэгдээд гараад ирсэн юм байна лээ л дээ.

 

Ингэж би утга зохиол, яруу найрагт Доржийн Гомбожав багшаараа хөтлүүлж хөл тавьсан. Түүнээс хойш Ганга нуур гэдэг нэртэй ямар ч олон шүлэг бичсэн юм. Нутгаа их л бичлээ дээ. “Алтан овоо” гэж ном бичлээ. Ганга нуурынхаа тухай утга зохиолын бүх л төрөл жанраар бичсэн байна. Өгүүлэг, үлгэр шиг юм ч байна.

 

-Ганга нуур ширгэх нь гэсэн аюулын харанга дэлдээд байгаа. Та Ганга нуураа аврах хөдөлгөөн санаачлан өрнүүлсэн. Дарьгангын найрагчийн хувьд энэ хамгийн хөндүүр сэдэв болж байгаа байх даа?

-Ганга нуур бол нутгийн минь бэлгэдэл юм даа. Энэ бол их амьд, оюун санаатай. Зүгээр нэг жирийн байгаль гэж хэлэхэд тэр хэмжээнээс даваад оюун санаа, бэлгэ тэмдэг, шүтлэг бишрэлийн хэмжээнд дээдлэгдсэн нуур. Ганга мөрнөөс үүссэн гэх мэт домог байдаг. Тэр бүх домгийг нь цуглуулж л байлаа. Ганга нуурын сэдэв бол миний уран бүтээл, миний амьдралын үнэт зүйл болчихсон. Хэдэн жилийн өмнө “Сувдан сондор” аяллыг нутагтаа зохион байгуулж Ганга нуурынхаа хөвөөнд эрдэм шинжилгээний хурал хийлээ.

 

Гэтэл нуур маань жил жилээр татраад байдаг. Сэтгэл эмзэглэж нутгийнхантайгаа энэ талаар яриад л байсан. Гэхдээ нэг л хөдлөхгүй янзтай. Тиймээс ямар нэгэн юм хийж нийгмийг цочроож өгөхгүй бол ерөөсөө болохгүй нь гэж бодсон. Өнгөрсөн зун манай Дарьгангын бүх сумд 90 жилийн ойгоо тэмдэглэсэн. Дарьганга сумынхаа ойд очлоо. О.Дашбалбарынхаа төрсөн сум Наран сумын ойд бас очлоо.

 

Тэгээд телевизийн групптэй явсных тэднийг дагуулж очоод, Ганга нуурынхаа хөвөөнд зогсож байгаад баярлах биш гуниглаж байгаад нэг нэвтрүүлэг хийсэн. “Ганга нуурын дууль” гэж энэ нэвтрүүлэг маань олныг нэлээд цочроосон. Тэгээд аяндаа хөдөлгөөн давалгаа үүсээд, хүмүүс дэмжээд, төр засагт хандлаа. Ямар ч байсан Ганга нуураа аварч үлдэх юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болоод сууж байна. Бидний төсөл хөтөлбөрүүд үндсэндээ хэрэгжиж биелэх бололцоотой болж байна. Нутгийнхан, орон нутгийн удирдлагууд, яам тамгынхан ч хөдөллөө. Уран бүтээлч хүнд өөрийн дуу хоолой байдаг юм. Тэр дуу хоолойг нь өөрийнх нь хүрээний уншигчид, талархагчид хүлээж байдаг. Түүнийг зөвхөн өөрийнхөө бичсэн хэдэн юмаар хангах төдий биш ер нь улс орондоо, нийгэмдээ, байгаль, нутаг усандаа хэрэгтэй үгийг хэлж, өөрийн дуу хоолойгоор түмэн  олон, төр улстаа туслаж байх ёстой юм гэсэн санаа надад байдаг.

 

-Таны “Дэлхий ээж” дуу яг л энэ цагийн сэдвийг хөндсөн дуу шүү. Дэлхий ээж гэхээр таны хувьд Ганга нуур тань, Дарьганга нутаг тань төсөөлөгддөг байж таарна?

-Яг тийм дуу. 30 жилийн өмнө зохиогдсон мөртлөө энэ цаг үеийн сүлд дуу юм шиг л дуулагдаж байна. Тэр үед байгаль, цаг агаар гээд бүх юм өөр л байсан. Гэхдээ өнөө цагийг харсан дуу юм шиг байгаа юм.

 

-Улс төрийн дууны уралдаанд зориулж бичсэн дуу гэдэг биз дээ, уг нь?

-Тэр үед улс төрийн дуу гэхээр бөмбөг бүү дэлбэрэг, дайн сөнөтүгэй гэсэн дандаа тийм уриа шинжтэй байсан юм. Тэгээд л чи тэгвэл би өөдөс чинь давшина шүү гэх маягийн санаатай. Энэ чинь сөрөг тэмцэл, эсэргүүцэл үүснэ гэсэн үг. Тиймээс зүгээр л бүгдийг нь хайрлачихъя гэсэн санаа 27 настай шүлэгчийн дотор орж ирсэн хэрэг.

 

-Ганга нуур аврагдах болсон нь сайхан мэдээ шүү. Одоо хунгийн чуулга ид болж байгаа байх даа?

-Хунгийн чуулга саяхан буцсан байна. Ганга нуур маань эргээд сайхан болно оо. Их аятайхан болно. Нэг жилийн дотор, бүр хоёр гурван жилд бүх юм сайхан болчихгүй. Ямар ч байсан ширгэх аюулаас нь авраад, сайхан ойжуулна. Татарсан булгуудыг нь сэргээнэ. Тачир болсон бут ургамлыг нь сэргээнэ. Ховордсон ургамлуудыг нь бий болгон, дайжсан шувуудыг нь эргүүлж авчирна. Тэнд яруу найраг, үлгэр домог үргэлжилнэ. Миний бие санаачлан “Ганга нуурын чуулган” гэж түүх, соёл, зан заншил, аялал жуулчлал, экологийн арга хэмжээг сүүлийн жилүүдэд зохион байгуулж байгаа. Түүх, соёл нь тусдаа, зан заншил, байгаль экологи нь тусдаа биш юм, эдгээрийг цогцоор хамгаалах хэрэгтэй юм гэж сэтгэж тэр нутгаас төрсөн, ном зохиол оролддог хүү нь байна, нэг ч гэсэн нуур, гол усаа авч үлдэе л гэж зорьж байна даа.

 

Яруу найрагч Г.Мэнд-Ооёог 2001 онд дэлхийн Урлаг, соёлын академийн байнгын гишүүнээр элсүүлж, 2002 онд Румыны Яаси хотноо болсон Дэлхийн яруу найрагчдын XXII их хурлаар утга зохиолын доктор цол олгосон байна. Мөн 2001 онд Хятадын Дайлянь хотод болсон олон улсын яруу найргийн ПЕН клубын VII чуулганаас түүнд нэрэмжит шагналаа олгожээ. Олон Улсын яруу найргийн орчуулга, судлалын төвөөс 2002 оны хамгийн шилдэг яруу найрагчаар өргөмжилж байв.2003 онд АНУ-ын Соёлын нэгдсэн чуулганаас Г.Мэнд-Ооёод олон улсын Энхтайвны шагнал олгосон байна. Г.Мэнд-Ооёо 2005 онд Америкийн Лос Анжелос хотноо дэлхийн яруу найрагчдын дунд зарласан “Бурхны хайр” сэдэвтэй яруу найргийн уралдаанд “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор” шүлгээрээ тэргүүн байрын шагнал хүртсэн юм. Дэлхийн Урлаг, соёлын академийн Ерөнхийлөгчийн “Гарамгай яруу найраг бүтээсний төлөөх” алтан медалийг 2005 онд Лос Анжелост түүнд гардуулсан байна. Г.Мэнд-Ооёод 2006 онд Дэлхийн урлаг, соёлын академийн “Алтан алх” шагнал, Солонгосын “Ханчон” соёлын академийн соёлын шагнал, Грекийн зохиолчдын олон улсын нийгэмлэгийн шагнал, Энэтхэг дэх Олон улсын яруу найргийн академийн шагнал, Дэлхийн энх тайвны утга зохиолын академийн алтан медаль тус тус олгосон байна. 2009 онд Унгарын Будапешт хотноо Дэлхийн урлаг, соёлын академиас дэлхийн яруу найргийн хамгийн дээд шагнал болох "Поэт Лаурет" цол, алтан титмийн хамт түүнд олгосон бол, 2010 онд Японы Сокагийн Их сургуулийн алтан медаль, 2010 онд Тайваны XXI зууны олон улсын форумын алтан медаль хүртээжээ. Г.Мэнд-Ооёогийн “Ертөнцийн явдал” шүлэг 2012 оны Лондонгийн олимпийн нээлтэд уншигдаж байв.Зохиолчийн “Алтан Овоо” туурвилаар Английн монголч эрдэмтэн Саймон Вэкхам Смит 2012 онд АНУ-ын Вашингтоны Их Сургуульд докторын зэрэг хамгаалжээ.Г.Мэнд-Ооёо 2014 оны 5-6 сард Италийн Чеветилла Райнери сангийн тэтгэлэгт хөтөлбөрт уригдаж, Чеветилла хэмээх 15-р зууны шилтгээний урланд суралцаж уран бүтээлээ хийсэн байна.Г.Мэнд-Ооёо 2014 оны есдүгээр сард Румын Улсын Крайова хотод болсон Дэлхийн яруу найргийн наадамд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 50 гаруй яруу найрагчдаас тодорч гранд буюу тэргүүн шагнал хүртжээ.

 

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо 1990-1996 онд Монголын тусгаар тогтнол, ард түмний билгийн мэлмийг нээгдүүлэх, үндэсний өв соёлоо сэргээн мандуулахын бэлгэдэл болох Мигжэд Жанрайсиг хөтөлбөрийг санаачилан, бүтээн залах үйлийг удирдагчдын нэгэн байв. Түүний санаачилгаар Монгол орны өргөн уудам нутагт тархан оршсон түүх соёлын дурсгалыг судлах сурталчилах, сэргээх хамгаалах чиглэл бүхий “Монгол сувдан сондор” соёл, эрдэм шинжилгээний аялал 11 удаа зохион байгуулагдаж олон мянган км замыг туулан эрдэм судалгааны ажил өрнүүлж соёл эрдэм шинжилгээний үлэмж сан хөмрөгийг бүрдүүлэн, түүх, соёл, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий хүн чулуун дурсгал, хадны сүг зураг зэрэг олон шинэ дурсгал илрүүлэн мэдээллийн сан хөмрөгийг бүрдүүлжээ. Г.Мэнд-Ооёо нүүдэлчний язгуур өв соёлыг сэргээхэд 1990 оноос нөхдийн хамт Морин хуурын хөдөлгөөнийг өрнүүлж “Морин хуурын судар”, “Морин хуурын зохионгуй” зэрэг өв соёлын ном бүтээсэн бөгөөд түүний уран бүтээлд уг сэдэв голлох байр суурь эзэлдэг нь тохиолдлын хэрэг биш. Тэрээр дэлхийн томоохон их сургуулиуд болох АНУ-ын Станфорд, Кальфорниа Берклей, Японы Киорицү, Унгарын Будапештын их сургууль, Италийн Умбриа зэрэг олон газар Монголын өв соёл, язгуур мэдлэг ухааны лекц илтгэлүүдийг тавьсан байна. Г.Мэнд-Ооёо Монголын түүх соёлын сэргэн мандалтын үйлсэд нийгмийн зүтгэлтний хувьд үлэмж хувь нэмэр оруулсан бөгөөд Монголын урлагийн зөвлөл, Морин хуурын нийгэмлэг, ЮНЕСКО-гийн үндэсний комисс, Монголын соёлын сан, Монголын Соёл, яруу найргийн академи зэрэг байгууллагыг үүсгэн байгуулалцаж, олон арван хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцжээ.

 

 

Г.СОНИНБАЯР

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин