Туулах чадвар сайтай машины туслалцаа хүсчээ
2015-11-03

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 2-ны өдөр хүртэл Дорнод аймагт ажиллаад иржээ.

Ажлын хэсэг Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дугаар салбар болон Хилийн цэргийн 0198 дугаар отряд, түүний харъяа  Бурхантын застав, 0132 дугаар отрядад тус, тус ажилласан байна.

 

Хилийн цэргийн отрядуудын удирдлагуудын зүгээс "Эх орныхоо зүүн бүсийг манай дайчин цэрэг эрс сонор сэрэмж алдахгүй хамгаалж ирсэн түүхтэй. Энэ үүргээ бид нэр төртэй биелүүлсээр байх болно. Гагцхүү газар нутгийн байдал маань бартаа саад ихтэй учраас хил хамгаалахад туслах машин техникийн хувьд дутагдалтай байна. Туулах чадвар сайтай машин техникийн хувьд туслалцаа үзүүлэх тухай хүсэлт тавьжээ.

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд өнгөрсөн жилээс Монгол Улсын Батлан хамгаалах төрийн  бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргахаар орон нутаг дахь Зэвсэгт хүчний ангиудад ажиллаж эхэлжээ.

 

Зүүн бүсэд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Ганбаатар, Х.Тэмүүжин нар Дорнод аймаг буюу  зүүн бүс дэх Зэвсэгт хүчний анги, хилийн отряд, заставуудад ажиллалаа. Гишүүдийг дагалдаж ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Р.Сүхбат, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, БХЯ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Бодлого стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нарын албаныхан ажилласан байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин