Шинэ цэвэрлэх байгууламж 2020 онд ашиглалтад орно
2015-11-04

Сэнхийтэл хамар цоргиж, дотор эвгүйцүүлэх цэвэрлэх байгууламжийн таагүй үнэр Нийслэлийн иргэдийг ихээхэн тавгүйтүүлж байгаа. Лагийн үнэр Био-комбинат, Яармаг, Сонсголон орчимд үнэртдэг байсан. Сүүлийн өдрүүдэд хотын төв орчимд ч үнэртэж эхэллээ. Үүнийг цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсон, лаг боловсруулах орчин үеийн технологи байхгүйтай холбон тайлбарладаг. 1964 онд ашиглалтад орсноос хойш 50 гаруй жил болж байгаа Төв цэвэрлэх байгууллага 4300 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. Гэвч өдгөө 140-170 мянган шоо метр бохир ус хүлээн авч байгаа тул ачаалал нь ихдэж, үйл ажиллагаа нь доголдоход хүрээд байгаа гэдэг. Иймд өнгөрсөн долдугаар сараас цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулж 250 мянган шоо метр хүчин чадал бүхий шинэ байгууламж байгуулахаар болсон. Уг бүтээн байгуулалтын техник эдийн засгийн үндэслэлийг францчууд боловсруулж эхэлсэн бөгөөд өчигдөр ТЭЗҮ, зураг төслийн анхны хэлэлцүүлгийг өрнүүллээ.

 

 

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу НЗДТГ-ын харьяа агентлагуудаас бүрдсэн 19 байгууллага, 20 гаруй мэргэжилтэн, ажлын хэсгийн төлөөллүүд оролцсон юм. Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, УСУГ-ын дарга С.Үнэн болон “Артелиа вил энд Транспорт” компанийн төлөөлөгч, төслийн удирдагч Магнус Холмер нар оролцож санал бодлоо солилцов.

 

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Шинэ цэвэрлэх байгууламж хэзээ ашиглалтад орох вэ?

-Ирэх онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх зорилт тавьж ажиллана. Ингэснээр цэвэрлэх байгууламжын ажил дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд 2020 он гэхэд орчин үеийн шинэ технологи бүхий цэвэрлэх байгууламж бэлэн болгохоор төлөвлөж байна.

 

-Нийслэлчүүд 2020 он хүртэл цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрийг үнэртсээр байна гэсэн үг үү?

-400 мянган шоо метр лаг гэдэг маш том асуудал. Ийм хэмжээний лаг хуримтлагдсан хот дэлхийд бараг байхгүй. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл одоогийн  байгууламжийн үйл ажиллагааг хэвийн явуулах засварын ажлыг тогтмол хийж, ялгарч байгаа лагийн үнэрийг арилгана. Өвөл хөлдчихнө. Харин хавар үнэртүүлэхгүй байх үүднээс одооноос ажлын хэсэг гаргаж судлана. Мөн лагийг хог гэж харахаасаа илүү ашиг орлого олж болох эдийн засгийн нөөц гэж харах хэрэгтэй.

 

-Лагаас ашиг олох боломжтой гэхээр?

-Лагийг дахин боловсруулалтад гаргаснаар хий, эрчим хүч, цахилгаан үйлдвэрлэх бөгөөд үнэрийг 100 хувь арилгаж ч болно. Төв цэвэрлэх байгууллага сард 170 сая төгрөгийг зөвхөн цахилгааны төлбөрт зарцуулдаг. Харин лагийг дахин боловсруулж ашигласнаар эрчим хүчний 60-70 хувиа өөрсдөө хангах боломжтой болно.

 

-Шинэ цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтыг яаж шийдэх вэ?

-300 орчим сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Францын “Артелиа вил энд Транспорт” компанитай гэрээ байгуулсан. Нийслэлийн Засаг дарга 6 тэрбум төгрөгийг төсөвтөө суулгасан байгаа.

 

-Яагаад заавал Францын компанийг сонгосон юм бэ?

-Засаг даргын захирамж, худалдан авах хуулийн дагуу хоёр шатны олон улсын тендер зарласан. Хоёр дахь шатанд богиносгосон жагсаалт гаргаж Франц, Япон, Герман гэсэн гурван улсын компанийг шалгаруулсан. Үүнээс цэвэрлэх байгууламжийн асуудлыг мэддэг, өмнө нь судалж байсан туршлагатай, боловсон хүчний чадвар зэргийг харж Францын “Артелиа вил энд Транспорт” компанийг сонгоод байгаа.

 

Өнгөрсөн долдугаар сард “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний ажлын гэрээг дээрх компанитай байгуулсан. Ингэснээр инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уг компани, шинэ цэвэрлэх байгууламжийн гүйцэтгэгчээр ажиллахаар болсон.

 

 

Хэлэлцүүлэгт компанийн төлөөлөл,төслийн удирдагч Магнус Холмер оролцож, техник эдийн засгийн үндэслэл 90 хувийн гүйцэтгэлтэй байгааг танилцуулав. Тэрбээр “Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад ортол орчны эвгүй үнэрийг арилгахын тулд үнэтэй техник төхөөрөмж суурьлуулах нь алдагдалтай учраас тодорхой хэмжээгээр үнэрийг бууруулахаар судалгаа явуулж байна. Гэвч үнэр бүр мөсөн алга болохгүй. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад цэвэрлэх байгууламжид очиж байгаа бохир усны бохирдолтын хэмжээ 40 хувиар өсжээ. Хэрвээ энэ хэвээр бохирдлын хэмжээ буурахгүй, ахуйн болон үйлдвэрлэлийн бохир ус нэг газар очоод байвал шинэ цэвэрлэх байгууламжтай болсон ч цэвэрлэгээний үр дүн гарахгүй. Тиймээс цэвэрлэх байгууламжаа шинээр байгуулахаас гадна ус бохирдуулсны хуулийн хэрэгжилтийг хангуулах нь чухал” гэдгийг хэлж байв.

 

Шинэ цэвэрлэх байгууламжид цахилгаан болон дулаан үйлдвэрлэх генератор байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр өөрийн хэрэглээний цахилгааныг 50 хувь, дулааныг 100 хувь хангах хүчин чадалтай цогц байгууллага баригдах талаар хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтнүүд санал хуваалцаж байв. Хэлэлцүүлгийн явцын санал, шүүмжлэлийг  төсөлд тусган, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах юм байна. Мөн ирэх долоо хоногт Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
france dior ireh yum u:
Hhhh ene yamar unetei orig unertneer bohiriin uneriig darah yum bol oo.
2015-11-06