Засгийн газарт 0.00063, дэд сайд нарт 100 хувь ашигтай шийдвэр
2015-11-04

Засгийн газар төсөв хэмнэх зорилгоор дэд сайдын орон тоог хасах санал гаргасан. УИХ уг саналыг нь ёсоор болгож 2015 оны төсвийн тодотголыг батлахдаа дэд сайд нарын орон тоог хасав. Засгийн газар ч УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлж даваа гаригт болсон ээлжит хуралдаанаараа дэд сайд нараа үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Дэд сайдын орон тоог цомхотгосноор түүнийг дагаад туслах, жолооч нь мөн ажилгүй болно. Өөрөөр хэлбэл, сая ажиллаж байсан арван дэд сайдыг дагаад 20 хүн ажлаас чөлөөлөгдөж байна. Нийтэд нь тооцвол 45 хүний цалин, хангамж төсвөөс хасагдлаа. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Байнгын хорооны хуралдааны үеэр “Дэд сайд нарын орон тоог хасаад хасаад нийт төсвийнхөө 0.00063 хувийг л хэмнэнэ. Ингэлээ гээд асуудал шийдэгдэнэ гэж үү. Ийм зүйл хийчихээд мундаг реформ хийчихсэн гэж баярлах гээд байгаа юм уу” гэсэн.

 

Үнэхээр ийм хэмжээний мөнгө хэмнэж байгаа бол үүнийг жинхэнэ Засгийн газрын популизм гэхээс өөр юу гэх вэ. Дэд сайдын орон тоог цомхотгосон шийдвэр нь ард түмэнд хамгийн их таалагдаж байгаа ч эдийн засгийн хэмнэлт талаасаа ямар ч ач холбогдол, агуулга алга. Харин ч үүнийг Засгийн газарт хохиролтой, ажлаас чөлөөлөгдсөн дэд сайд нарт ашигтай шийдвэр боллоо гэж дүгнэж болох юм.

 

Ажлаасаа чөлөөлөгдсөн дэд сайд нар “Ядаж он дуустал ажиллуулаад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс чөлөөлчихгүй дээ” гэж бодож л байгаа байх. Гэвч улс төрийн тогтвортой бус байдал, төрийн албан хаагчдын цалинг бууруулах талаар ярьж байгаа энэ үед ажлаасаа чөлөөлөгдсөн нь бараг онож байгаа бололтой. “Сохорсон биш завшив” гэдэг шиг л юм. Учир нь, Төрийн албаны тухай хуульд улс төрийн албан тушаалтан албан тушаалаасаа чөлөөлөгдвөл зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно гэж заажээ. Өөрөөр хэлбэл, дэд сайд, түүний жолооч, туслах ажлаасаа чөлөөлөгдсөн хэдий ч ирэх дөрөвдүгээр сар хүртэл ажилласнаас өөрцгүй юм. Мөн 2016 оны төсвийг батлахдаа төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувиар бууруулах тухай ид ярьж байна. Энэ санал нь олонхийн дэмжлэг авах магадлалтай. Харин сая ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүс цалин бууруулахаас өмнө зургаан сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэлэг авах нь.

 

Түүнчлэн Г.Уянга гишүүний цуглуулж буй Засгийн газрыг огцруулах тогтоолд гарын үсэг зурах гишүүдийн тоо улам нэмэгдэж байгаа сурагтай. Засгийн газар хэмээх онгоц сүйрвэл дэд сайд нар албан тушаалынхаа эрэмбээр нэлээд хойгуур сууж яваа ч адилхан л дэлбэрэлтэд өртөнө. Энэ бүх эрсдэлээс өмнө ноосоо тушаачихаад зургаан сарын цалинтайгаа тэнцэх тэтгэлэг авч байгаа нь ашигтай учраас дэд сайд нар ажилгүй болчихлоо гэж гутрах хэрэг алга. Харин ч зургаан сарын цалингаа бөөнд нь халаасалчихаад дараагийн сонгуульд ялалт байгуулж жинхэнэ сайдын суудалд суухын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх боломж гэж ойлгох нь зөв байх.

 

Засгийн газарт 0.00063, чөлөөлөгдсөн дэд сайд нарт 100 хувийн ашигтай энэхүү шийдвэрийг гаргасан хүмүүс ирээдүйд уг шийдвэрийнхээ ашиг тусыг гаргах ганцхан л арга бий. Энэ бол аль ч нам, эвсэл сонгуульд ялалт байгуулснаас үл хамаарч Засгийн газрыг цаашдаа байнга дэд сайдгүй ажиллуулах. Тэднийг өнөөдөр чөлөөлж байгаа нь ашиг багатай ч ирээдүйд дахин томилохгүй байж чадвал их ашигтай. Учир нь, Сангийн сайд Ч.Улааныг огцорсон үед дэд сайд С.Пүрэв түүнийг орлож 2015 оны төсвийг батлуулснаас өөр дэд сайд нар хариуцаж хийсэн ажлын жишээ олддоггүй юм.

 

Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлд дэд сайд нарын хүлээх хариуцлагыг тодорхойлохдоо, “Сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах, сайдын даалгаснаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах, УИХ, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх” гэж заажээ. Эндээс үзвэл дэд сайд нарт үнэндээ өөрөө мэдээд хийчих ажил алга. “Барын сүүл явснаас батганы толгой явсан нь дээр” гэдэг зарчимтай хүн тоож хийх ажил биш л юм байна. Өөрөө сэтгэж, өөрийнхөө үзэл бодлоор ажиллах боломжгүй энэ албан тушаалд дахин томилгоо хийх эсэхийг цаг хугацаа харуулна биз.

 

С.ШИЙЛЭГТӨМӨР

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Aharhan bodoltoi hun be. Shiilegdambiin duu shig l baih yum
2015-11-05
зочинф:
Намбарваан одоо сонгуулын хууль хүлээгээд л хэвтэжаагаа. Хэрэв...хэрэв шүү сонгуулын хууль 12сарын 30ны дотор намууд сонгуульд хэрхэн яаж орохоо шийдсэн байх естой гэсэн шинэ зарчимаараа батлагдуул МАХН асуудалгүй МАНтай очоод эвсчинэ. Энэ тохиолдолд шудрага бус эвсэл задрана. Бүүр тодруулбал засаг дахин хөдлөнө. Энэ хөдөлгөөн АНын хяналтанд огт хамаагүй зарчимаар явагдана. Ингээд наад огцоруулсан дэд сайдуудын оронд чинь ахиад дэд сайдууд томилно. Асуудал одоо АНын хяналтанд байх хөг нь өнгөрсөн...
2015-11-04
Зочин:
Наад хумуус чинь авилгалаар сайд ьолдог байсныг хун бур мэдэж байгаа Эд нарт сарын цалин олгох нь буруу
2015-11-04
Зочин:
Хөөрхийдөө дэд сайдын цалин, тэтгэмж бодож суудаг. Наадуул чинь цалингаараа амьдардаггүйншдээ.
2015-11-04
Baagii:
Ded saidgui bolgoh ni tor tsomhon iluu zarlagagui baihad tustai. Daraa daraagiin zasgiin gazruud ded said gedeg oron toogui baih zarchmaasaa uhrahgui bol uneheer tom hemneltiin ehlel bolno gej harah heregtei. Onoodortoo aguu ih ediin zasagch Amarjargal guaid taalagdahgui baij boloh ch ard olond bol taalagdaj bna. Oorchloltiig mongoor hemjij boloh yum ch bii bolohgui yum ch bii. Utga aguulga ni yu gedgiig jiriin irged medej bna. Yadaj l songuuliin daraa shagnaliin sandal suudal huvaarildag balai yavdal bagasna gej harj bgaa shuu.
2015-11-04