Ингэх гээд байсан юм
2015-11-05

“Хувьсгалт” гэх үг, Х үсэгний маргаанаас болж хагацаж салсан ахан дүүс өчигдөр эргэн уулзав. МАХН нэрнээс Х-г адалж, хэдэн удирдлагынхаа үл ойлголцлын улмаас хагацсан МАН, МАХН-ын ахмад гишүүд өчигдөр хоёр намынхаа удирдлагуудтай уулзаж өргөх бичиг барилаа. Ахмадуудын далбаан дор нэг өдөр, нэг цагт зохион байгуулсан энэхүү уулзалт хоёр нам ирэх сонгуулиар хамтарч УИХ-д оролцоно гэсэн эртнээс явсан таамаг яриа үнэний ортой байсныг баталлаа. Ингэх гээд байсан юм, тэд. 



Эрт орой хэзээ нэгэн цагт тэд нэгэн эрх ашгийн төлөө нэгдэх нь цаг хугацааны асуудал байлаа. Өчигдөр МАХН, МАН-ын ахмад гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нартай уулзаж өргөх бичгээ өгсөн бөгөөд эртнээс угшил нэгт, үзэл бодол үндэс угсаа адилхан ахан дүүс ирэх сонгуульд эвсч орох ёстой гэж санал тавив. Намын ахмад гишүүдийн өргөх бичиг барих нэг хэрэг боловч хариу нь чухам ямар байсан нь хамгийн сонирхолтой.



 МАХН-ын дарга Н.Энхбаяр аливаа асуудалд хөнгөн гоомой, сэтгэлийн хөөрлөөр хандах нэгэн биш. Угшил нэгт намынхаа ахмадуудыг өөрийн биеэр угтан авч, тойрч гүйхгүй, хойшоо суухгүй идэвхтэй оролцох ам өгсөн нь энэ яриа ажил хэрэг болох эхлэл тавигдлаа гэсэн үг. МАХН-ын дарга Н.Энхбаяр ахмадуудад хандан “Ахмадуудынхаа өргөх бичгийн агуулгыг сонсоход та бүхний сэтгэлийн зовнил, өнөөдрийн хүнд хэцүү байдлыг дүгнэн энэ байдлаас гарах гарцыг хоёр нам эвсэх гэж дүгнэж тунгаажээ. Энэ бүхэнтэй би санал нэгтэй байна. Гэвч нэг хүн санал нэгдэхээс илүүтэй өөр олон хүмүүсийн санал нэгдэж байж энэ асуудал цааш өрнөх ёстой. Ялангуяа МАХН, МАН-ын удирдах бүрэлдэхүүний санал нэгдэх ёстой. Тийм учраас бид хойшоо суухгүй, тойрч гүйхгүй идэвхтэй оролцоё” хэмээн ярьсан аж. 


Гэвч улс төрийн “number one” зүгээр нэг амлаад гаргахыг хүсээгүй нь тодорхой байна. Том эрх ашгийн төлөө нэгдэх нүхээ малтахаа ч энэ үеэр мартсангүй. Тэрбээр, бидний өмнө дөрвөн үүд нээлттэй байгаа хэмээн ярьжээ. Нэгдүгээрт, мэдээж бие дааж сонгуульд оролцож, МАН, АН-ын аль алиных нь саналыг хуваах, гэхдээ ганц нэг суудлаас хэтрэхгүй. Хоёрдугаарт,МАН-тай хамтрах буюу том наймаа хийх. Гуравдугаарт, АН-аас мөн л том бялуу авч, Ардын намын саналыг хуваах явдал. 


Харин хамгийн сүүлд ерөөсөө л жижгүүдэд найр тавьж, хоёр томыг айлгах төлөвлөгөөгөө танилцуулжээ. МАХН өнөөдөр засгийн эрх барьж буй улс төрийн хүчин. Тиймдээ ч ирэх сонгуульд хэн нь рейтинг өндөртэй байхыг Н.Энхбаяр хамгаас сайн мэдэж байгаа учраас нүх малтаж тал засахаа мартаагүй нь лавтай. Тиймдээ ч өөрт ашигтай хувилбарыг МАН-д тулгаж, үүнийг нь хүлээж авахгүй бол хэнээс болсон, яагаад болсонгүй вэ гэдгийг ахмад гишүүд та нар ойлгох ёстой хэмээн нүхээ малтахаа мартаагүй юм. МАН, МАХН хоёр эргэж нэгдэх, эвсч сонгуульд орох яриа эртнээс л амь бөхтэй байсан.



 УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАН-ын даргад удаа дараа хүсэлт тавьж байлаа. МАН-ын нэр бүхий гишүүд ч МАХН-ын даргатай уулзаж нэгдэж нийлэх талаар ярьж байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бараг л нийлэх нь тодорхой байсан ч тийм зүйл болоогүй. Н.Энхбаяр нэр хүндийг биш хамгийн ашигтай хувилбарыг нь сонгодог гэдгийг уншигч та санаж буй биз. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН хэрвээ МАН-тай эвссэн бол Ерөнхийлөгчийн суудалд Б.Бат-Эрдэнэ суух л байсан. Гэсэн ч эрх барьж буйд нь санал хувааж тусалснаар өөрөө ялаас өршөөгдөж байсныг энд сануулах нь илүүц биз. 
 

 

МАН-д үүнээс өөр сонголт алга 
 


Өнгөрсөн хугацаанд МАН-ын ганц толгойн өвчин болж байгаа улс төрийн хүчин бол МАХН. Үүнийг олон шалтгаанаар тайлбарлаж болно. 2012 оны сонгуулийн хамгийн том алдаа нь нэрээ сольсон явдал гэдгийг МАН ойлгохын дээдээр ойлгосон. Өнгөрсөн хугацаанд ард түмний дунд ажиллахдаа ч үүнийг мэдэрсэн нь лавтай. 



Өглөө бүр л намдаа тунисан хэн нэгэн МАХН-ын үнэмлэх авсан мэдээг МАН-ын удирдлагууд сонины нүүрнээс уншдаг. Чиг буруу АН-ыг биш угшил нэгтэй, өөрийнхөө үнэмлэхэд байгаа намаа сонгосон хэмээн тэд зальтай тайлбар өгчихдөг. Ямар ч тохиолдолд үзэл бодол нэг учраас тэднийг урвагч мэтээр буруутгах боломжгүй юм. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн ч тэд хамтдаа. Тэмдэглэлт баяр бүрээ бие биеэсээ харамлана. Гэвч үзэл баримтал, үнэт зүйл нь нэг болохоор яалтай ч билээ. УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуульд олонхи болоход тээг болдог ганцхан улс төрийн хүчин нь МАХН. 



Санал хуваадаг, АН-д боломж өгдөг ганц том шалтгаан нь, тэд. Тиймдээ ч МАХН гэх улс төрийн хүчин МАН-ын хоолойд тээглэсэн мах, нүдэнд орсон хог болчихоод байсан юм. Өчигдөр мөн л МАХН, МАН-ын ахмад гишүүн МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарт өргөх бичгээ өгсөн бөгөөд нэгдэж нийлэхийн шалтгаан нь ирэх сонгууль олонхи болж, зүг буруу АН-ын замбараагүй цамаархалд цэг тавих явдал хэмээн тайлбарласан аж. МАН-ын хувьд энэ мөчийг тун удаан хүлээсэн нь дамжиггүй. Тиймдээ ч МАН-ын дарга М.Энхболд намынхаа удирдах зөвлөлд яаралтай танилцуулж, ирэх сонгуулиар нэгдэх талаар шийдвэртэй хариуг ойрын хугацаанд өгөхөө амлажээ
 

 

АН үүрэг гүйцэтгэж, МҮАН арчигдах уу 
 


Угшил нэгт улс төрийн хүчнүүд нэгдсэн тохиолдолд улс төрд юу болох вэ гэдэг энэ хүрээнд яригдах сэдэв. Яагаад гэвэл,МАХН одоо Засгийн газрын бүтцэд ажиллаж байгаа улс төрийн хүчин. Мөн 2012 оны сонгуулиар байгуулсан эвслийн бүлэг өнөөдөр бүрэн бүтэн ажиллаж байна. МАХН, МАН хоёр нэгдэх яриа хэдэн гишүүдийн байр сууриас хальж улс төрийн намуудын удирдлагын төвшинд очсон энэ цагт хамгийн их анхаарал хандуулах улс төрийн хүчин бол АН. Шийдлийн Засгийн газраас МАХН гарах уу, үгүй юу гэдэг нь цаг хугацааны л асуудал болсон. 
 

Өршөөлийн хуулиар өөр байр суурь илэрхийлж, Н.Энхбаяр ба түүний нөхдийг өршөөгөөгүй учраас АН өнөөдөр МАХН-ын “заналт дайсан” болоод байгаа. Эрх мэдэл нь өнөөдөр энэ намыг засагт тогтоож байгааг нуух юун. Хэрвээ МАН түүнд илүү их эрх мэдэл /Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших/ амлавал Н.Энхбаяр юу ч бодохгүй АН-ыг орхино. Тэр цагт АН 2012 онд МАН үүрэг гүйцэтгэгч Засгийн газар байгуулж байсан түүхийг давтахаас өөр аргагүй болно. 
 

Мөн 2012 оноос хойш Н.Энхбаярын нэр нөлөөнд оодорч байсан МҮАН улс төрийн тавцангаас арчигдах нь дамжиггүй билээ. Өнөөдрийн нөхцөл байдлаас дүгнэхэд сонгууль дөхсөн энэ цагт хамгийн үнэ цэнэтэй хүн Н.Энхбаяр болж байна. Тэд улс төрийн том наймаанд ямар үнээр “биеэ үнэлэх” бол гэдэг нь ирэх өдрүүдэд ямар шийдвэр гаргаснаас харагдах билээ.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Өнөртогтох
Shuud.mn
Сонин хачин
zochin:
MUAN chini harin uned ordog um bishuu! Bie daagchidtai niileed sularsan saiduudiin suudaliig ezelne! Ardchilsan nam yhaalag baival tsaashid hojino.
2015-11-05
Зочин:
Монголд Олон Нам нэртэй эрх ашгийнхаа телее амьдрагсад олширчээ ард Тумэн монголоо бодож байгаа хун угуй болж дээ
2015-11-05
зочин:
Одоо улс төржихөө зогсоож ард түмнээ бодох цаг болжээ, амьдрал улам хүнд болж эхэллээ, 5000 гаруй аж ахуйн нэгж хаагдсан гэж байна, хичнээн олон залуус тэдний ар гэр мөнгөгүй, хоолгүй болж байгааг харач, АН-ын буруу бодлогоос эдийн засаг уналаа, өрөө төлж чадахгүй, дампуурах магадлалтай боллоо, чөлөөт бүс нэрээр үржил шимт газрыг маань гадныханд өгөх гэж ородож байна, ийм ноцтой байдал үүссэн үед МАН, МАХН 2 нэгдэж улс орноо аврах хэрэгтэй
2015-11-05