Онгоцны осолтой хэт даврагчид холбоогүй
2015-11-05

Синайн хойгт сүйрсэн Оросын зорчигч тээврийн онгоцны осолтой Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл холбоогүй хэмээн Египетийн талаас мэдээллээ. Ослын газар ажиллаж буй хоёр улсын шинжээчид дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.

 

Египетийн Засгийн газрын төлөөлөгч Хуссам аль Кувейш “Энэ бол баталгаатай мэдээлэл. Хэт даврагчид осолтой холбоогүй. Мөрдлөгийн явцад энэ бүхнийг тогтоосон. Оросын ажилчид осолдсон онгоцны сэг зэргийг авч явсан” гэж хэлжээ. Хэт даврагчид осолтой холбоогүй гэх мэдээллийг Москвагийн тал батлаагүй байна.

 

“Airbus A321”онгоц техникийн асуудлаас болж агаарт дэлбэрсэн гэх таамгийг шинжээчид гаргаад байгаа юм. Учир нь онгоцны сэг зэрэг өргөн цар хүрээг хамарч буйгаас гадна “Airbus A321” гадны нөлөөтэй осолдсон гэх эд мөрийн баримт олдоогүй байгаа. Ослын дараа хэт даврагчид өөрийн твиттертээ онгоц осолдож буй үеийн бичлэгийг нийтэлж, “Airbus A321” онгоцыг устгасан гэсэн билээ.  Хэт даврагчид өчигдөр твиттертээ нийтэлсэн бичлэгээ устгасан байна.

 

“Египет ирээдүйд гарч болох эрсдлээс сэрэмжилж, хэт даврагчдыг санаатайгаар хамгаалж байна” хэмээн оросын хэвлэлүүд мэдээлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Абдуль Фаттах аль Сиси “Нэг талыг барьсан мэдээллээс болж Египетийн асуудалд оруулахыг хүсэхгүй байна” хэмээжээ.

 

Ослын шалтгаан тодорхой болох хүртэл АНУ болон Британийн тал Синайн хойгийн дээгүүр нислэг үйлдэхээ зогсоосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин