Хятад, Тайвань гар барьцгаав
2015-11-09

Хятад болон Тайванийн удирдлагууд 66 жилийн дараа анх удаа уулзав. Энэ тухай “CNN агентлаг мэдээллээ.

 

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Тайванийн Ерөнхийлөгч Ма Юн Жи нар өчигдөр Сингапурын таван одтой “Shangri-La” зочид буудлын хүндэтгэлийн танхимд уулзлаа. Хоёр улсын удирдлагууд ийнхүү 66 жилийн дараа анх удаагаа уулзаж, гар барьцгаажээ. Си Зиньпин уулзалтад ирэхдээ хар костюм өмсч, улаан өнгийн зангиа зүүсэн бол Ма Юн Жи хар костюм өмсч, цэнхэр өнгийн зангиа зүүжээ.

 

“Си дарга зангианы өнгөөрөө Тайванийг Хятадын нэг хэсэг хэмээж буй бол Ерөнхийлөгч Ма цэнхэр өнгөөр Тайвань бол тусгаар улс гэх санааг илтгэж байна” хэмээн “AFP” агентлаг мэдээлэв.

 

Түүхэн уулзалтыг сурвалжлахаар 50 гаруй орны сурвалжлах баг ирсэн байна. 1949 оноос хойш хоёр улсын удирдлагууд уулзаагүй юм. Учир нь дайны дараа Тайвань Хятадын эх газраас салан тусгаарлаж, өөрсдийгөө тусгаар улс хэмээн зарласантай холбоотой билээ. Өнөөдрийг хүртэл Хятад, Тайванийг нэг хэсгээ хэмээн үздгээс болж, хоёр улсын харилцаанд том цав үүссэн юм. Хоёр улсын харилцаа 66 жилийн өмнө муудсан бөгөөд хятадын үндсэрхэг үзэлтнүүд Коммунист намынханд ялагдаж, улмаар Тайвань гэх арал руу бөөнөөрөө дүрвэсэн билээ.

 

Уулзалтын эхэнд удирдагчид хамтарсан мэдэгдэл хийхгүйгээр гар барьж буй түүхэн зургаа авахуулжээ. Тэд нэг нэгнийхээ гарыг нэг минут орчим барьж, инээмсэглэжээ. “Хоёр улс 66 жилийн дараа болж буй уулзалтад ихээхэн ач холбогдол өгөхөөс гадна ярьж буй зүйлдээ анхаарлаа хандуулж байсан” хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

 

Өнөөдөр түүхэнд дурсагдах болно” хэмээн БНХАУ-ын Комминуст намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга хэлэв. Тэрбээр “Хятад хэзээ ч Тайванийг харийн улс гэж үзэж байгаагүй” гэж мэдэгджээ. Си дарга уулзалтын эхэнд 1992 оны “Хоёр тал-нэг хятад” зөвшөлцлийг даган мөрдөж, Хятад үндэстний сэргэн мандалтад хамтран зүтгэж ёстой хэмээн сануулсан байна.

 

Хоёр улсын харилцаа 1949-2008 оныг хүртэл тааруухан байсан. Бээжингийн оролцоогоор долоон жилийн өмнөөс хамтран ажиллах гэрээ байгуулж, энэ хугацаанд 23 гэрээ үзэглэж, 40 мянган оюутныг солилцоогоор сургаж, нэг жилд найман сая жуулчин харилцан зорчжээ. Хоёр улсын жилийн худалдааны хэмжээ 170 тэрбум ам.долларт хүрчээ. Удирдагчид албаны хүмүүсийн хамтаар дөрвөн цаг уулзжээ.

 

Уулзалтын дараа Си дарга “Бид мах ясаараа холбогдсон ахан дүүс. Энэ бол гарцаагүй үнэн. Энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй. Энэ үнэнг хэн ч үгүйсгэж чадахгүй. Бидний харилцааг энгийнээр тайлбарлавал хэсэг хугацаанд хагацсан төрөл төрөгсөд” гэсэн бол Ерөнхийлөгч Ма “Хоёр тал бие биенийхээ үнэт зүйлсийг хүндлэх ёстой” гэж мэдэгджээ.

 

Си дарга өнөөдөр үүсээд буй маргааныг энхтайвны аргаар шийдвэрлэхийг Ерөнхийлөгч Мад уриалсан бөгөөд “Бид нэг гэр бүл” хэмээн дахин сануулжээ.

 

“Синьхуа” агентлаг “Удирдагчид анх удаагаа уулзаж буй мөртлөө ихээхэн тав тухтай харагдаж байсан. Си дарга 2008 оноос сэргэж эхэлсэн худалдаа боловсролын салбарын харилцааг сайшаасан” гэж мэдээлжээ.

 

Уулзалтын гол зорилго нь Тайванийн хоолойн орчимд хоёр хятадын хооронд үүссэн дайсагналыг намжаах зорилготой юм. Олон асуудалд цэг тавьж, гэрээ байгуулна хэмээн найдаж байсан удирдагчдын уулзалтад ганц ч гэрээ үзэглээгүй хэмээн Тайванийн талаас мэдээллээ. Уулзалт хаалттай явагдсан бөгөөд тэвчээртэй хүлээсний эцэст “гэнэтийн бэлэг” сонсох болно хэмээн орон нутгийн хэвлэлүүд онцлов.

 

Уулзалтын дараа Ерөнхийлөгч Ма хагас цаг орчимд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ. Сэтгүүлчид, ерөнхийлөгчөөс “Тайванийг чиглэсэн Хятадын олон баллистик пуужингийн талаар Си дарга ямар бодолтой байна” хэмээн асуухад тэрбээр “Хятадын дарга эдгээр пуужингууд Тайванийг чиглээгүй хэмээн амласан” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин