Египетээс иргэдээ татаж эхэлжээ
2015-11-09

Синайн хойгт Оросын онгоц осолдсонтой холбогдуулан тус улс Египетэд амарч, зугаалж буй иргэдээ эргүүлэн татаж эхэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. ОХУ-ын Тээврийн яамнаас мэдээлснээр “Энэ амралтын өдөр Оросын 11 мянган иргэнийг эргүүлэн татсан. Иргэдийг зөөвөрлөхийн тулд Москва хоосон 93 онгоц илгээсэн” гэжээ.

 

Египетэд оросын 89 мянган жуулчин амарч байгаа аж. Тэдний 90 хувь нь Шарм эль Шейх болон Хургада амралтын газарт байгаа гэнэ. Ослын дараа жуулчид урт дараалал үүсгэж, нутаг буцахыг илүүд үзэх болжээ. Оросоос гадна Британи, Герман, АНУ, Ирланд, Канад улс Египетээс иргэдээ эгүүлэн татаж эхэлсэн байна.

 

Онгоцны сүйрлийн шалтгаан тодрох хүртэл 24 улс Шарм эль Шейх хүрэх нислэгээ зогсоож буйгаа өнгөрөгч баасан гаригт мэдэгдсэн. “Airbus A321”-ийн сүйрлээс болж Египетийн агаарын болон аялал жуучлалын салбар бүхэлдээ уналтад оржээ.

 

Олон улсын шинжээчдийн баг онгоцны хар хайрцагны бичлэгүүдийг шалгаж эхэлсэн. Өчигдөр шинжээчид “Нисгэгчдийн бүхээгний хар хайрцаг эвдэрч, мэдээллийг нь тайлахад багагүй хугацааг зарцуулах болно” гэж мэдэгджээ. Эхний хар хайрцагны бичлэгт нисгэгчид техникийн догогдол үүссэн гэх ганц ч үг өгүүлбэр хэлээгүй гэдгийг албаныхан баталсан байна. Харин 23 минут үргэлжилсэн нислэгийн төгсгөлд хүчтэй дэлбэрэлт болж буй чимээ бичигджээ.

 

Египетийн талаас “Онгоц Шарм эль Шейх амралтын газраас хөөрөхөөс өмнө хэт даврагчид онгоцны хөдөлгүүрийн хэсэгт тэсрэх бөмбөг байршуулсан байх магадлалтай. Учир нь онгоц гаднаасаа бус дотроосоо дэлбэрсэн” гэж мэдэгдсэн байна. Энэхүү хувилбарыг Орос болон АНУ-ын талаас “Хамгийн магадлалтай хувилбар” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
bi:
ongotsond suuj bolohgui
2015-11-09