Сонгуулийн шинэ хуулийн талаар ийм саналтай байна
2015-11-10

УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг боловсруулж, өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн  мэдүүлсэн.  Мөн А.Бакей болон  Х.Тэмүүжин нарын гишүүд  Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт  оруулах тухай хоёр хуулийн төслийг  өргөн мэдүүлээд буй.  УИХ-д суудалтай  болон суудалгүй  улс төрийн  намуудын төлөөлөл  Сонгуулийн  хуулийн төсөлд ямар  байр суурь баримталж  байгааг хүргэж байна.

 

НЭГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

 

С.Бямбацогт

/УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/:

-Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжинэ. Үүний  дараа сонгуулийг шударга явуулах боломж бололцоог бүрдүүлэх нэмэлт өөрчлөлтүүдийг нарийвчлан ярилцаад явна гэдэгт гишүүд саналаа нэгтгэсэн. УИХ-аас Сонгуулийн нэгдсэн хуулийг боловсруулах үүрэг бүхий Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг 2013 онд байгуулсан. Энэ ажлын хэсэг Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг энэ хуулиар зохицуулна гэж байгаа. Гэтэл Үндсэн хуульд эдгээр нь бие даасан институт гэж заасан байдаг. Иймд нэг хуулиар зохицуулах ямар ч боломжгүй. Сонгуулийг нэг өдөр явуулна гэж байна. Цаг хугацаанаас эхлээд хүндрэлтэй зүйл бий. УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Дэмбэрэл, Ч.Улаан нарын санаачилсан хуулийн төсөл байгаа. Өнөөдөр мөрдөж буй Сонгуулийн хуульд тодорхой өөрчлөлтүүд оруулахаар уг хуулийн төсөлд заасан. Тухайлбал, Сонгуулийн саналыг хар машинаас гадна давхар хяналтын тооллогыг хийдэг байх зэрэг өнгөрсөн сонгуулийн хуулиуд дээр гарч байсан алдаа, эргэлзээтэй зүйлүүдийг засах өөрчлөлтүүд оруулсан учраас УИХ богино хугацаанд батлах боломжтой.

 

 

26 ТОЙРОГТ 48 МАНДАТЫГ ХУВААРИЛАХ ЁСТОЙ

 

Н.Батцэрэг

/УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга/:

-Нэр бүхий гишүүд Сонгуулийн тухай гурван хуулийн төсөл өргөн барьсан. Манай бүлэг хуулийн төслүүдийг хэлэлцээд тусдаа Сонгуулийн хуулийг ирэх долоо хоногт өргөн барих нь зөв гэж үзсэн. Харин эдгээр хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсгийг байгуулж, хэлэлцэх нь зүйтэй. Ингэвэл бүх улс төрийн намын эрх ашиг бүрэн хангагдана. УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Су.Батболд нарын өргөн барьсан хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах 48:28 гэсэн тогтолцоо бий. Тэгэхээр улсын хэмжээнд 48 тойрог, 48 мандат байх юм. Энэ учир дутагдалтай гэж манай бүлэг үзсэн. Учир нь хүн ам нь харилцан адилгүй аймгуудад ижилхэн мандат өгөх нь төлөөллийн тэгш байх зарчим алдагдаж байна. Тиймээс олон мандаттай томсгосон тойрог буюу 26 тойрогт 48 мандатыг хуваарилах ёстой гэсэн байр суурьтай байна. Намын жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүсийг нам өөрөө эрэмбэлэхээр хуулийн төсөлд орж ирсэн. Гэвч “Шударга ёс” эвслийн бүлэг нам хүмүүсээ эрэмбэлж хэн нь УИХ-ын гишүүн болох вэ гэдгийг сонгогч шийдэх нь зүйтэй. Иймд сонгогчид жагсаалтад байгаа хүмүүсийн хэн нь УИХ-ын гишүүн байх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Санхүүжилтийн хувьд зарчмын зөрүүтэй саналтай байгаа.

 

 

НАМЫН НЭР ДУГУЙЛАХЫГ ДЭМЖИХГҮЙ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Даваасүрэн

/УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гишүүн/:

-Бидний дэмжихгүй байгаа нэг асуудал бол намын нэр дугуйлах явдал юм. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байгаа тул анхаарах хэрэгтэй. Иргэд төлөөллөөр, шууд, нууц санал хураалтаар сонгоно гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл цаг хугацааг нь тулгаж байгаад өөрсдөдөө ашигтай хувилбараар хуулиа өөрчилдөг хэсэг хүн энэ УИХ-д сууж байгаа. Иргэдийнхээ саналыг авдаггүй, олонд танигдсан хүмүүс намын нэрийн ард нуугдаж, намаа ашигладаг хэсэг үүнийг зохицуулдаг. Тиймээс хуулийн төсөлд энэ арга барил явах бололтой. 

 

 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КВОТ 30 ХУВИАС ДООШГҮЙ БАЙХ ЁСТОЙ

 

С.Оюун

/ИЗНН-ын дарга/:

-Сонгуулийн тогтолцоог байн байн өөрчлөөд байх нь зохисгүй. Манайд пропорциональ тогтолцоо тодорхой хэмжээнд байх ёстой. Мажоритар буюу тойргийн тогтолцоогоор   бол сонгогч саналаа ямар өгснөөс үл хамаарч сонгуулийн үр дүн савладаг. Тиймээс улс төр болоод сонгуулийг тогтвортой байлгахын тулд пропорциональ тогтолцоог байлгах нь зүйтэй. Мэдээж жендер болон эмэгтэй гишүүдийн квотыг пропорциональ тогтолцоонд түлхүү оруулах нь дэвшилттэй зүйл болно. Эмэгтэйчүүдийн квот 30 хувиас доошгүй байх ёстой гэсэн санал эдгээр хуулийн төсөлд ороогүй байсан. Хэлэлцүүлгийн үед саналаа хэлнэ. Мөн сонгуулийн төлбөртэй сурталчилгаа байна. Ардчилал хөгжсөн орнуудад сонгууль гэдэг нь бараа таваар зарж байгаа юм шиг зүйл биш. Харин улс орныг хэн удирдах вэ гэдэг асуудлыг шийдэж байгаа учраас сонголт хийхийн тулд сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч, намуудын мөрийн хөтөлбөрийг дандаа төлбөртэйгөөр сонгогчдод танилцуулах нь дэндүү мөнгөнөөс хамааралтай сонголт болдог сөрөг талтай гэж үздэг.

 

 

ХУРУУНЫ ХЭЭГЭЭ ТАНИУЛАХ ЗАМААР САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ

 

А.Бакей

/УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга/:

-УИХ-д суудалтай нам эвслийн бүлгийн төлөөлөл Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажилласан. Энэ хуулиар Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг нэгдсэн хуулиар зохицуулахаар оруулсан. Одоогоор гурван хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Су.Батболд нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн барьсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төсөл байгаа. Энэ гурван хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх эсэхийг өнөөдрөөс эхлэн хэлэлцэнэ.  Сонгуулийн хуульд орж буй хэд хэдэн гол өөрчлөлт бий. Тухайлбал, тогтолцооны хувьд холимог системээ хадгална. Үүндээ 48 нь мажоритар, нэг мандаттай байх нь зүйтэй гэж тусгасан. Сонгуулийг зохион байгуулах хуваарийг санал авах өдрөөс нааш тооцох ёстой. УИХ-ын сонгуулийг, Орон нутгийн сонгуультай хамтад нь нэг өдөр зохион байгуулна. Мөн өмнөх сонгуулиудад иргэдээс иргэний үнэмлэх шаарддаг байсан бол одоо иргэний бүртгэлтэй холбоотой систем бүрэн автоматчилагдсан тул сонгуулийн насны сонгогч хурууны хээгээ таниулах замаар саналаа өгөх боломжтой. Мөн шинээр байгуулагдаж байгаа нам эвслийн хувьд санал авах өдрөөс 180-аас дээшгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх ёстой. Сонгуулийн маргаан шийдвэрлэх нийт хугацааг 60 хоногоос хэтрүүлж болохгүй. Сонгуулийн зардлын дээд хэмжээг СЕХ тогтоодог байсныг Үндэсний аудитын газар тогтоож, олон нийтэд мэдээллэх ёстой. Сонгуулийн мөнгөн хандивыг шинэчлэн тогтоож, иргэний хувьд гурван сая хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөгийн хэмжээнд байна зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан.

 

 

ХЯНАЛТ ТАВИХ ЭРХИЙГ ИРГЭДЭД ӨГЬЕ

 

Б.Жаргалсайхан

/БНН-ын дарга/:

-Санал тоолох ажиллагаа олон нийтэд ил тод байх ёстой.  Гэтэл манайд  хэсэг, хороод дээрээс ирсэн дүн  СЕХ –нд ирээд замхардаг болчихсон. Уг нь хар машин биш олон нийт саналын хуудсыг тоолж баталгаажуулах ёстой юм. Манайд л хар машинаар тоолсон нэртэй далд сонгууль хийх гэж улайрч байгаа болохоос  Европын холбооны улсууд саналын хуудсаа  гараар тоолж байгаа. Тиймээс бид нэг л зүйлийг шуудхан хэлж байгаа, энд булхай луйврыг  эцэслэх ёстой. Үүний  тулд сонгуулиа  ил болгох хэрэгтэй. Манай намын хувьд гараар давхар тооллого хийе, сонгуулийн үйл ажиллагааг төрийн албан хаагч, Засгийн газраас, СЕХ зохион байгуулдаг юм байгаа биз. Харин сонгуулийн үйл явцад хяналт тавихыг олон нийтийн байгууллага, иргэдэд өгье. Тэгвэл сонгууль шударга болно гэж байгаа. 

 

 

УИХ ЯМАР Ч ХУУЛЬД ГАР ХҮРЭХ  ЭРХГҮЙ

 

Ж.Сүхжаргалмаа

/ИХН-ын дарга/:

-Манай нам 2012 оны сонгуулиар бий болсон УИХ-ыг Монголын түүхэнд бий болсон хамгийн муу хууль тогтоох байгууллага гэж үздэг. Төрөө эмхэлдэг суурь хуулиудаар тэд оролдох ёсгүй. Тиймээс УИХ-ын ажлын хэсгийн төслийг хүлээж авах ёсгүй. Үндэслэл нь энэ  УИХ ёс суртахууны эрхгүй,зохион байгуулж, эмхтгэж байгаа хуулийн  төслүүдийг нь хар. Улс орны өмнө үүссэн өрийг хар. Бүх үйл явц  УИХ-ын зөвшөөрснөөр явж байгаа. Сонгуулийн хууль байтугай, Үндсэн хуулиар ч энэ УИХ оролдох эрхгүй. Аливаа том суурь хуулийг өөрчлөх, шинэчлэхэд өмнөх хуулийнхаа үйлчилгээнд шинжилгээ хийж дүгнэлтээ гаргасан байх ёстой. Гэтэл ямар ч судалгаа, бэлтгэл алга. Хэрэв хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой гэж үзах юм бол,  ардчилсан орнуудын жишигт  аль болох өргөнөөр хэлэлцүүлж, санал асуулга явуулар аргачлал бий. Манайд УИХ-ын ажлын хэсгээс гаргасан хуулийн төслийг олж харсан, гар дээрээ авсан улс төрийн нэг ч хүчин байхгүй. Нөгөө талаас, өнгөрсөн есдүгээр сард Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй  20-оод  улстөрийн нам оролцож, сонгуулийн хуульд оруулах найман саналыг бэлтгэсэн. Тэр “Нааштай найман санал” гэсэн олж байх шиг.

 

 

ХОЛИМОГ ТОГТОЛЦООГ ДЭМЖИНЭ 

 

Л.Гүндалай

/Ард түмнээ хайрлая намын дарга/:

-Жалга довны жижиг тойргоос салсан холимог болон намын оролцоог нэмэгдүүлсэн чиглэлийг  манай нам дэмжиж байгаа юм. Энэ нь сонгуулийг шударга болгоход нөлөө үзүүлнэ.

 

 

МАН, АН-ЫН АМИН СҮНС ХАР МАШИНД БИЙ

 

Ц.Шинэбаяр

/Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга/:

-АН-ын хүсэл зоригоор хууль батлахаар явж байна. Өмнөх хуулийг хэрэгжүүлэхэд ямар алдаа гарсныг ярихгүйгээр өөрчилж, хууль хийж байна. Одоогийн хуульд зарчмын ямар ч өөрчлөлт алга. Гол нь хар машинаа хадгалж авч үлдэх гээд байна. Яагаад АН , МАН хар машинаас нэг удаа татгалзаж, 100 хувь шударга сонгууль явуулахыг хүсэхгүй байгаа юм бэ. Энэ гол асуудал. Түүнээс биш бусад зарчмын бүх асуудалд улс төрийн намууд ойлголцолд хүрч чадаж байгаа. АН,МАН-ын амин сүнс хар машинд байгаа учраас түүнгүй бол сонгууль явуулж чадахаа байгаад дампуурчихжээ.

 

 

НАМУУДЫГ НАЙМААНААС ХОЛ БАЙЛГАЯ

 

О.Бум-Ялагч

/Ногоон намын дарга/:

-Саналыг нэгдсэн журмаар тоолохыг дэмжиж байна. Гэхдээ  заавал  дахин тоолно гэсэн МАН-ын байр суурь байгаа. Тэдний саналаас ялгагдаж байгаа зүйл нь юу гэвэл, бид саналыг дахин тоолохдоо гараар тоолох ёстой. Сонгогч олноороо тоолуулна гэсэн байр суурьтай байгаа юм. Улстөрийн намуудын сурталчилгааг төрөөс зохион байгуулдаг байя, ийм систем рүү оръё гэж байгаа. Төрөөс улстөрийн намуудад мөнгө өгөхгүй. Харин сурталчилгааны мате­риалыг нь файлаар аваад нэгдсэн зохион бай­гуулалттайгаар явуулдаг болъё гэж байгаа юм. Тэгвэл улстөрийн намуудаар дамжиж баячууд мөнгөөр   гардаг явдлыг хязгаарлана. Олонх дэмжих байх. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
76гишуунийг нэр дэвшуулж сонгох нь хамгийн зев!!!Намын нэрээр квотоор ордог нь нэр дэвшээд орж чадахгуй мертее намдаа хандив нэрээр хахууль егсен этгээдууд орох боломжтой учир болих нь зев! У ИХ-ын гишуудийг элдэв асуудалд орооцолдвол УИХ-ын гишуунээс буцааж татдаг болгомоор юм! УИХ-ын гишууний бурэн эрх гэдэг нэр томьеоны дор гишууд хуссэн бух зуйлээ хийдэг дархан эрхтэй байх есгуй! Хууль санаачлах, батлуулах,тууний хэрэгжилтэд хяналт тавихад л бурэн эрхтэй байдаг юм байгаа биз!аливаа асуудалд турэмгий зангаар явах нь яавч тохирохгуй! Хууль мэдэхгуй, тэгээд хуулийн зевлех хуульчдын угийг авахгуй, яг унэндээ тэдний санаачилсан хуулийг хуулийн дагуу жинхэнэ хуулийн уг хэллэ, ес журмаар нь хууль болгодог хумуус бол хуулийн зевлехуудшуудээ!!! Хууль санаачилж батлуулсаны гэж авдаг менге тегрегийг нь хасмаар юм! Учир нь тэд хууль санаачиж батлуулах гэж л сонгогдож,тэр ажлаа л хийж байгаа биздээ!!!Хийх естой ажлаа хийж байж 40,50 саяар нь авдаг бол естой балиар ажил биздээ!!!
2015-11-13
Зочин:
76 гишүүнийг нэр дэвшүүлж сонгоё.Намын нэрээр квотоор ордгийг болиулья.Яагаад гэвэл нам нь тодорхой хувь авахаар л намын дарга нар УИХ-д орж ирнэ гэсэн үг.Ингэхээр намын дарга нарын Их хурал болно.Аль мэдлэгтэй боловсролтой эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй,авилгаас хол шудрага хүнээ олж сонгоцгооё.Хар машинаар сонгуулийн санал авч төрийн эрхийг булаан авах үйлдлийг таслан зогсооё,Нэг тойргийн дор хаяж 1500-2000 хүний саналыг хэд хуваагаад тоолж чадахгүй гэж АН-ынхан хэсэг хорооннд ажиллаж байгаа хүмүүсийг дорд үзэж басахаа болиоч,Сонгуулийн саналын хуудасны цаасыг худалдаж авах гэж бөөн мөнгө гаргах болно,мөн праграммд нь АН-ынхаа нэрийг суулгаж идэвхжүүлэн бусад нэр дэвшигчдийн нэрийг 10 саналын хуудаснаас 1-ийг нь арчуулах праграммаа АНУ-ын нэгэн иргэнд өгч зохиолгоход бас бөөн мөнгө өгч хахуулдана эдийн засаг хнд үед хэцүү болно шүү дээ.Ард түмэн чинь хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа шүү
2015-11-10
Зочин:
76 гишүүнийг нэр дэвшүүлж сонгоё.Намын нэрээр квотоор ордгийг болиулья.Яагаад гэвэл нам нь тодорхой хувь авахаар л намын дарга нар УИХ-д орж ирнэ гэсэн үг.Ингэхээр намын дарга нарын Их хурал болно.Аль мэдлэгтэй боловсролтой эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй,авилгаас хол шудрага хүнээ олж сонгоцгооё.Хар машинаар сонгуулийн санал авч төрийн эрхийг булаан авах үйлдлийг таслан зогсооё,Нэг тойргийн дор хаяж 1500-2000 хүний саналыг хэд хуваагаад тоолж чадахгүй гэж АН-ынхан хэсэг хорооннд ажиллаж байгаа хүмүүсийг дорд үзэж басахаа болиоч,Сонгуулийн саналын хуудасны цаасыг худалдаж авах гэж бөөн мөнгө гаргах болно,мөн праграммд нь АН-ынхаа нэрийг суулгаж идэвхжүүлэн бусад нэр дэвшигчдийн нэрийг 10 саналын хуудаснаас 1-ийг нь арчуулах праграммаа АНУ-ын нэгэн иргэнд өгч зохиолгоход бас бөөн мөнгө өгч хахуулдана эдийн засаг хнд үед хэцүү болно шүү дээ.Ард түмэн чинь хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа шүү
2015-11-10
Зочин:
Нам дугуйлдаг байдлыг дэмжиж байгаа бол та нар ард түмнээ биш өөрсдийнхөө эрх ашгийг бодож байна л гэсэн үг
2015-11-10