Ан Сан Су Чигийн нам ялалт байгууллаа
2015-11-11

Мьянмар улсад өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулагдсан парламентын сонгуулийн урьдчилсан дүнг тус улсын сонгуулийн хороо өчигдөр албан ёсоор танилцуулаа. Урьдчилсан дүнгээр Нобелийн шагналт Ан Сан Су Чигийн тэргүүлдэг  “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам ялалт байгуулсан тухай “www.dailymail.co.uk”  мэдээллээ. 

 

Тус нам нийслэл Янгон хотын парламентын доод танхимын бүх суудал буюу 12 суудалд ялалт байгуулсан хэмээн сонгуулийн хорооноос уламжлав. Янгон хотноо сөрөг хүчний дэмжигчид ялалтаа тэмдэглэж, өчигдөр 22.00 цагийн орчимд салют бууджээ. Бусад хот, мужийн санал хураалтын дүнг тоолж байгаа бөгөөд албан ёсны дүнг хоёр долоо хоногийн дараа танилцуулах болно гэв.

 

Сонгуулийн насны 30 сая иргэний 80 хувь нь сонгуульд саналаа өгчээ. Сөрөг хүчин Засгийн эрх авбал хамгийн эхэнд хагас зуун жил үргэлжилсэн цэргийн дэглэмийг түлхэн унагаах болно хэмээн Ан Сан Су Чи мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин