Ан Сан Су Чигийн хөргийг лего тоглоомоор бүтээжээ
2015-11-11

 

Хятадын тэрс үзэлтэн гэгддэг, зураач Ай Вэйвэй өнгөрсөн сараас лего тоглоомоор хүний эрхийн төлөө тэмцэгчдийн хөргийг бүтээж эхэлсэн билээ. Лего компани Ай Вэйвэйг улс төрийн зорилготой тоглоомыг нь ашиглаж байна хэмээн буруутгаж, худалдан авахыг нь хориглосон юм.

 

Зураач эр инстаграм, фэйсбүүкийн хэрэглэгчдээс гэртээ илүү байгаа лего тоглоомоо өгөхийг хүссэн бөгөөд 10 өдрийн дотор 14 эрхмийн хөргийг бүтээх тоглоом цуглуулж чадсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Вэйвэй өчигдөр инстаграмдаа Мьянмар улсад зохион байгуулагдсан парламентын сонгуульд ялалт байгуулсан Ан Сан Су Чигийн хөргийг легогоор бүтээж, зургийг нь байршуулжээ. Тэрбээр “Та бол агуу хүн, агуу удирдагч. Тантай уулзаж, танаас хүч авах юмсан” гэж бичсэн байна.

 

Түүний хөргийг хар, цагаан өнгийн, Ан Сан Су Чи гэх нэрийг нь өнгө өнгийн тоглоомоор бүтээжээ. Ан Сан Су Чигийн хөргийг хар болон цагаанаар бүтээсэн шалтгаанаа зураач “Энэ хатагтай олон жил сүүдэрт амьдарсан” гэж тайлбарласан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин