МАН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өглөө
2015-11-11

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

 

Байнгын хорооноос гаргасан саналаар санал хураалт явуулах явцад МАН-ын бүлэг түр завсарлага авлаа. Учир нь МАН-ын бүлэг байнгын хороон дээр цөөнх болсон гишүүдийн үгийг сонсохгүй, шууд санал хураах ёсгүй хэмээн үзэв.

 

 

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Харамсалтай байна. Дэгийн тухай хуулинд заасан байгаа. Нэгдсэн хуралдаанаар төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед байнгын хороо, нам эвслийн бүлэг, гишүүд гаргасан саналаа тайлбарлаж, үг хэлж болно гэж заасан байгаа. МАН-ын бүлгийн дүгнэлтэд тодорхой саналууд тусгагдсан байгаа. Бүлгийн саналаа тайлбарлаж, гишүүд маань үг хэлэх бололцоогор хангагдахгүй байна, нэгдүгээрт. Хоёрдугаарт, Төсвийн байнгын хороон дээр цөөнх болсон гишүүдийг цөөнх болсон гэдэг зарчмын зөрүүтэй саналын дотор бичиж оруулж, ирээгүй байна. Цөөнх болсон гэж бичээд үг хэлүүлэх дэгийн хуультай. Энэ хууль зөрчигдсөн байна. Ийм байдлаар цөөнхий үгийг сонсохгүй, МАН-ын бүлгийн гишүүдийн саналыг тайлбарлуулахгүй хуралдаж байгаа учраас манай бүлэг завсарлага авч байна" гэв.

 

МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авна гэсэн ч УИХ-ын дарга З.Энхболд "Төсвийн тухай хууль зөрчиж завсарлага авах гэж байна" гэснээр гишүүдийн дунд маргаан үүсэв. 

 

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж "Бид хуулинд захирагдах ёстой. УИХ хуулийн хугацаанд төсвөө батлах ёстой. Тиймээс МАН-ын бүлэгт завсарлага өгч болохгүй. Энэ нь ямар ч хууль зөрчихгүй" гэсэн байр суурийг илэрхийлэв.

 

МАН-ынхан хуралдааны танхимыг орхив. Харин УИХ-ын дарга МАН-ын бүлэгт тав хоног бус нэг цагийн завсарлага өгөв. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин