Шошго хадсан тодотгол, шоу хөөсөн төсвөөс юу ч горьдолтгүй
2015-11-13



2016 оны төсөвт тэндээс нэг их ялгарсангүй. 2015 оны төсвийг өмнөх онд хэлэлцэхдээ Сангийн сайдгүй хэлэлцэж байсан бол энэ удаад арай ялгарах зүйл нь сайдтай байсан явдал. 

 
Гэсэн ч Сангийн сайд зөвхөн бэлэгдлийн шинж чанартай байсан нь өнгөрсөн өдрүүдэд болсон хэрүүл талцал, эрх баригч намын дураараа дургисан цамаархал, сөрөг хүчний барьцсан шантаажаас харагдаж байлаа. Би өргөн мэдүүлсэн. Гэтэл УИХ чинь өөрөө ийм болгочихлоо. Энэ төсвөөр цаашаа явах юм бол үр дүн гарахгүй хэмээн сайд нь сэтгүүлчдэд хов зөөн арчаагаа алдаж явна. 


2016 оны төсвийг Сангийн сайд анх УИХ-д өргөн мэдүүлэхдээ ёстой л биелдэг бол сайхан зүйлсийг амалсан. Төрийн данхагар бүтцийг багасгаж, төрийн амьгүй албатуудыг шигшиж, орлого зарлагаа тэнцүүлж, Мөнгөний бодлоготойгоо нягт уялдуулан шинэчлэл гэдгийг ёстой залуу хүний эрч хүчээр хийж өгөх тухай ярьсан. Төрийн гадаад томилолт, ширээ сандал, хүлээн авалтыг алга болгож, сонгуульд зориулсан биш сонгуулиас ангид төсөв баталж түүхэнд нэрээ үлдээх шинэчлэл өөрчлөлтийн тухай өдөр бүхэн хэвлэлээр ам хуурайгүй ярьж байв. 


Гэвч өнөөдөр тэр шинэчлэл хийгдсэн эрүүл төсвийн бараа сураг ч алга. Хуралд ирдэггүй атлаа холоос хор найруулахдаа гаршсан “Мон-Уран”-ы Б.Наранхүү нарын таван гишүүн төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт багтаж улмаар өнөөх төслийг нь 360 градус өөрчилж орхижээӨөрөөр хэлбэл, нам дээрээ тохироод гарсан ч нэг өрөөнд цуглаж сууж байгаад төсөвт өмнө нь тавигдаагүй байсан баахан мөнгийг суулгачихаад оруулаад ирсэн хэрэг. Тэгээд л хор найруулсан хэсэг нь намынхаа ч, чуулганы хуралд ирэхээ больж, шаварт унасан шарын эзэн гэгчээр сөрөг хүчний хэрүүлийн өөдөөс бэлэгдлийн сайд Б.Болор загнуулан, хийсэн ажлаа хамгаалах ажлыг Д.Ганхуяг гишүүн ганцаараа хийж суугаа юм. 


Дээр хэлсэнчлэн шошго хадсан өөрчлөлтийн араас зарлагыг 130 тэрбумаар нэмэгдүүлсэн, өмнөх ярьж байснаасаа 360 градус өөрчлөгдсөн төсвийг УИХ хүч түрэн батлах нь тодорхой боллоо. Намынхаа сонгуульд бэлтгэсэн амлалтад 24 тэрбумаар төсөвлөсөн атлаа цалин нэмэх тухай А үсэг ч тавиагүй. Монгол Улсын эдийн засагт асар том өөрчлөлт авчрах нефтийн үйлдвэр барих мөнгийг хассан атлаа нэг суманд төрийн далбааны өдөрлөг тэмдэглэх, улсаас цалинжиж байдаг Үндэсний телевизэд мөнгө өгөх гэх мэтээр шинэчлэлт биш ухралтын төсвийг эрх баригчид хүч түрж, сөрөг хүчин шантаажны хүчинд хэдэн төгрөг салган батлахаар болж байна. 


Өмнө хэлсэнчлэн төрийн албан хаагчдыг чанаржуулах, данхагар бүтцийг өөрчлөх, 13 яамыг ес болгох гэх мэт бүх ажил нь зөвхөн хоёр сарын хугацаанд тэдний хийсэн шоу төдий байжээ. Ирэх жилийн төсвөөс нэг ч гэрэлтэй зүйл харагдахгүй юм байна. Энэ өөрчлөлт боллоо, үүнийг шинэчилж чадлаа гэж хэлэх нэг ч эерэг үр дүн гарахгүй юм байна. Яг л өмнөх жилүүдийнх шиг улстөрчдийн сэтгэлийн хөөрлөөр баталсан, алдагдалтай, хэт хөөсөрсөн төсөв болж хувирлаа. Нэг агентлаг татан буулгаж нэгтгэснээ л шинэчлэл гэж хэлэхгүй юм бол энд үзээд өгье гэхнээ ч шинэчлэлийн салхи сэвэлзсэнгүй. Хоёр сарын хугацаанд талцаж хэрэлдсэний үр дүнд аль аль нь ашигтай үлдэж, харин ард түмэнд олон гэнэтийн бэлэг барилаа. 
 

Нэг ширхэг ч бүтээн байгуулалт тэд хийхгүй. Ирэх жил цалин нэмэгдэх талаар бодох ч шаардлагагүй. Харин он гараад бензиний үнэ нэмэгдэхгүй байгаасай гэж залбирахаас өөр бидэнд төсвөөс хүлээх зүйл үнэндээ алга байна. Улстөрчдийн хэрүүлийн үр дүн энэ л байсныг нуух юун. Яг л өмнөх жилүүд шиг цамаан, алдагдалтай төсвийн үр дүнд ирэх жил бид дахиад л төсвөө хэд хэдэн удаа тодотгож, өнөөх л алдагдлын тухай үлгэрээ ярьсаар суух нь ээ. Татвар нэмж, хувийн хэвшлийн нуруунд дахиад нэг жил төрийн амьгүй албатуудыг татвараараа тэжээх сонголт ирлээ. Энэ бүхнийг бэлэглэсэн улстөрчид харин ирэх сонгуулийн мөнгөө хоёр сар хэрэлдсэний үр дүнд олж чадсан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. 


Б.Тогтох 

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин