М.Оригжав:“Буянт-Ухаа 2”-ын цахилгаан, дулааны асуудлыг бүрэн шийдсэн
2015-11-13

 

"Буянт-Ухаа 2" хорооллын эхний ээлжийн 30 барилгын 1620 айлын орон сууцны барилгыг энэ онд багтаан Улсын комиссд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм байна. Харин уг хороолол руу цахилгаан дамжуулах дэд станцын засварын ажил удааширч байгаагаас ашиглалтад орох хугацаа хойшилж магадгүй гэх мэдээлэл ч гараад байсан юм. Тэгвэл цахилгаантай холбоотой асуудлыг шийдэж эхний ээлжийн 1620 айлын орон сууцыг энэ жилд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг захилагч тал болох Төрийн орон сууцны корпорациас мэдээлэв. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Төрийн орон сууцны корпорацийн Барилга захиалагч, дэд бүтэц, техникийн хяналтын газрын дарга М.Оригжавтай уулзаж ярилцлаа.

 

-“Буянт-Ухаа 2” хорооллын эхний 30 байрыг ашиглалтад өгөх хугацаа нь эцсийн байдлаар тодорхой болсон уу?

 

-“Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгын барилга угсралтын ажил бүрэн дууссан. Эхний ээлжийн 30 барилгыг энэ оны дөрөвдүгээр улиралд хүлээлгэн өгөх зорилготой ажиллаж байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газартай зөвшилцөж, уг хорооллын барилга дээр Улсын комисс ажиллах хугацааг товлох шатандаа явж байна. Урьдчилсан төлөвлөгөөгөөр эхний 30 барилгын эхний тавыг нь энэ сарын 23-нд, дараагийн тавыг 25-нд, дараагийн дөрвөн барилга 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 27-нд, дараагийн долоон барилгыг 30-нд түүний дараагийн гурван барилгыг арванхоёрдугаар сарын 2-нд, хамгийн сүүлийн зургаан барилгыг арванхоёрдугаар сарын 9-нд ашиглалтад өгөх хуваарийг хийсэн байгаа. Ер нь арванхоёрдугаар сарын 10 гэхэд Улсын комиссын ажлыг бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна.

 

-Барилга угсралтын ажил дууссан гэхээр одоо дотоод засал, гаднахь зам талбай ажлыг хийж байна уу?

-Тийм. Бүх барилгын эмүүс, замаасаг хийх ажил дууссан. Дотоод засал, сан-техник, цахилгааны доторхи тоноглолын ажлыг хийж байна. Ирэх 20 хоногт бүх барилгын дотоод засал, сангийн ажлыг бүрэн дуусгах бололцоотой. Ингээд ирэх долоо хоногоос техникийн комиссын магадлалыг ажиллуулж эхэлнэ. Энэ комисс нь Улсын комисс ирэхээс өмнө барилгын чанар стандартыг өндөр төвшинд шалгана. Энэ нь захиалагч, гүйцэтгэгч, зургийн төслийн багийнхнаас бүрдсэн мэргэжлийнхний комисс. Эл комисс арваннэгдүгээр сарын 23-наас өмнө барилгын ажлыг шалгаж дуусгасны дараагаас Улсын комисс шалгах байдлаар шат дараалалтай ажиллана.

 

-“Буянт-Ухаа 2” хорооллыг ашиглалтад оруулахад цахилгааны ажил нэлээд хүндрэл гарч байгааг мэдээлж байсан. Цахилгааны асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Хороолол руу цахилгаан хуваарилах байгууламж, 2-3 км шугам татаж цахилгааны сүлжээний ажлууд талбай  дээр бүрэн хийгдсэн байгаа. Харин цахилгааны эх үүсвэрийг “Яармаг 35” дэд станцаас татахаар төлөвлөж байсан ч уг станц энэ жилдээ багтаж тэжээлтэй холбогдох боломжгүй болсон. Тиймээс “Буянт-Ухаа” дэд станцаас өгье гэсэн чиглэл гарсан. Одоогоор “Буянт-Ухаа” станцын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна. Санхүүжилтийн асуудал бага зэрэг саатсан ч Эрчим хүчний яамны холбогдох хүмүүстэй ярилцаж асуудлыг шийдсэн. Энэ сарын 20 гэхэд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, цахилгаан дамжуулж эхэлнэ гэсэн шийдэлд хүрсэн байгаа. Тэгэхээр цахилгааны дамжуулах асуудалд ямар нэгэн саадгүй болсон гэж болно.

 

 

                                                                                                                 /240 хүүхдийн цэцэрлэгийн барилга/

 

-Дулааны хувьд хэрхэн шийдсэн бэ. “Буянт-Ухаа 1” хорооллын зарим айлууд паар нь халахгүй, хүйтэн байна гэсэн гомдол ирүүлсэн гэж сонссон?

-Өнөөдрийн байдлаар эхний ээлжид ашиглалтад орох 30 барилгад дулаанаа бүрэн авсан байна. “Буянт-Ухаа 1” дээр бага зэрэг өрөөсгөл ойлголт байна. Нийтээрээ хүйтэн байгаа юм шиг яриад байна. Тийм зүйл огт байхгүй шүү дээ. Зарим нэг айл цонх, хаалганаасаа дулаан алдсан тохиолдол байгаа. Манай хяналтын баг гомдлын дагуу айлуудаар явж дулааныг нь шалгасан. Гомдол ирүүлсэн ихэнхи айлд ороход 18 хэмээс доош  дулаантай айл байгаагүй. Энэ нь д хүн амьдарч байгаа байр 18 хэмээс дээш дулаан  байх ёстой гэсэн заалтыг хангаж байгаа юм. Гэртээ 30-аас дээш хэмийн дулаантай айл ч олон бий. Учир нь Монголд байхгүй тунелын системыг ашиглаж “Буянт-Ухаа 1”-ийн халаалтын шугамын асуудлыг шийдсэн. Дагалдах төнөг төхөөрөмж ч бүгд шинэ технологиор хийгдсэн. Харин зарим айл цонхны битүүмж алдсанаас болж салхи сийгэж, дулаанаа алдаж байгаа тохиодол байгаа юм. Буянт-Ухаа 2 хувийн хувьд дөрөвдүгээр цахилгаан станцын шугамаас дулаан авна. Цонх хаалганаас дулаан алдахгүй байх үүднээс маш сайн чанарыг цонх, хаалгыг гүйцэтгэгчид суурилуулсан. 

 

-Зарим иргэд Буянт-Ухаа хорооллын байр зах зээлийн үнээс хямд байгаа учраас чанарын хувьд муу гэж бодоод байдаг тал бий. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Бас л нэг буруу ойлголт л доо. Чанарын хувьд элит байшин, бага дунд орлоготой иргэдэд зориулсан байшингийн хооронд ямар нэгэн ялгаа байддаггүй юм. Ямар ч барилга угсралтын ажил барилгын норм стандартын дагуу явагддаг. Бага дунд орлогтой иргэдэд зориулсан барилга гээд арматур төмрийг хасч, бетонын маркийг нь багасгана гэсэн ойлголт байхгүй гэдгийг иргэд сайн ойлгомоор байна. Монголд баригдаж байгаа бүх барилгын араг яс, хийц нь адилхан. Харин дотоод засал чимэглэлээрээ тансаг, элит зэрэглэлтэй гээд байгаа юм. Хямд үнэтэй гэхээр нурж бутарч уначихаар барьсан гэж ойлгож болохгүй. Харин ч хамгийн сайн чанартай бат бөх, бүрэн цутгамал барилгыг барьж байна. “Буянт-Ухаа 1, 2” монголд бараг анх удаа бүрэн цутгамал хийцтэй баригдсан томоохон хэмжээний хороолол. Бүрэн цутгамал хийцээр баригдсан байр нь газар хөдлөлтийн 7-8 балльд тэсвэртэй, маш сайн хийцтэй. Японд дандаа энэ технологийг ашигладаг. Тоосгон, карказан барилга газар хөдлөлтөд найдваргүй байдаг. Тиймээс бүрэн цутгамал барилгыг бат бөх гэж үзээд байгаа юм. Бүтээн байгуулалтын ажилд  ихэвчлэн дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зорьсон. Гэхдээ зайлшгүй гаднаас авах шаардлагатай бараа бүтээгдэхүүн бий. Арматур төмөр, шорлон, баннын өрөөний төнөг төхөөрөмж гээд зарим зүйлийг гаднаас авч байна.

 

-“Буянт-Ухаа 2” хорооллын хувьд нэг өрөө байхгүй, дандаа 2-3 өрөөтэй гэдгээрээ нэгээсээ ялгаатай гэж байгаа?

-Тийм ээ. “Буянт-ухаа 1” хорооллыг борлуулалт дээр нэг өрөө байрны борлуулалт маш муу байсан. Тиймээс “Буянт-Ухаа 2” дээр нэг өрөө байр байхгүй байхаар барилгын зураг төслийг хийсэн. Ажлын явцад ч, амьдрал дээр шалгагдсан агааржуулалтыг сайжруулах олон зүйлийг шинээр хийсэн. “Буянт-Ухаа 1” хорооллын хувьд талбайн хэмжээ жижиг байсан учраас зөвхөн үйлчилгээний төв, цэцэрлэгийн барилгыг барьсан. Тэгвэл “Буянт-Ухаа 2” хороолол дээр үйлчилгээний томоохон хэмжээний бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдэж байна. Нийт 8600 гаруй айлын орон сууцны барилга баригдаж байгаа учраас нийгмийн дэд бүтэц, эмнэлэг, спорт цогцолбор, сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн байна.

 

-Энэ оны хувьд нийгмийн чиглэлтэй дэд бүтцийн ажлаас ямар барилгууд ашиглалтад орохоор байгаа вэ?

-Энэ жилийн хувьд “Буянт-Ухаа 2” хорооллын нэгдүгээр секцийн 48 орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орно. Харин хоёрдугаар секцийн 12 давхар 60 байрны барилгын ажил ирэх жил эхэлнэ. Үүнийг дагаж хоёр сургууль, гурван цэцэрлэг, нэг спорт цогцолбор, 400 автомашины багтаамжтай долоон давхар грааш баригдана.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шарга морьт зусланд цэвэр агаарт шалнаасаа халдаг, халуун хүйтэн устай, дотроо 00-той, харуул хамгаалалттай,машины зогсоол дулаан гражтай, цэвэр тохилог 1өрөө байруудыг 6 сарын хугацаагаар түрээслүүлнэ.утас 99118457
2015-11-13