Гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр энэ онд батлагдана
2015-11-13

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

 

-Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалыг хэр зэрэг амжилттай боллоо гэж дүгнэж байна вэ?

 

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Таван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилсан. Өнгөрсөн онд БНХАУ-ын дарга манай улсад айлчилж хоёр улсын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь харилцаагаа улам гүнзгийрүүлэх, өмнөх айлчлалын үеэр ярьсан зүйлүүдийнхээ хэрэгжилтийг хурдасгах байлаа. Айлчлал энэ зорилгоо биелүүлж амжилттай өндөрлөлөө. Монгол, Хятадын хооронд хөршийн хувиар илэн далангүй яриа хэлэлцээ эхэлсэн. Бараг ярихгүй сэдэв гэж байхгүй. Эдийн засгийн хамтын ажиллагаанаас эхлээд соёл, улс төр, хүмүүнлэгийн харилцаа, бүс нутагт, олон улсын салбарт хамтран ажиллахаас эхлээд бүх сэдвээр ярилцлаа.

 

-Айлчлалын хүрээнд нэлээд олон баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр баримт бичгүүдийн хамгийн чухлаас нь онцолбол юу юуг нэрлэх вэ?

 

-Энэ удаагийн айлчлалын үеэр 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээрээс хамгийн чухал нь Си Зиньпин даргын Монголд хийсэн айлчлалын үеэр Хятадын талаас амласан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал байлаа. Энэхүү зээлийг авснаар эдийн засгийн байдал сайнгүй байгаа үед томоохон төслүүдээ эхлүүлэх боломж гарч байгаа юм. Нэг тэрбум ам.долларын зээлийн ихэнхийг буюу 730 орчим саяыг нь Эгийн голын цахилгаан станцын төсөлд зарцуулахаар хоёр тал тохирсон. Энэ төсөл удахгүй эхлэх байх. Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулахад энэ төсөл үр ашгаа өгөх нь дамжиггүй. Дэлхий даяар ногоон эдийн засгийн талаар ярьж байна. Байгальд үзүүлэх нөлөөлөл зэрэг бүх асуудлыг тооцсоны үндсэн дээр Эгийн голын усан цахилгаан станцыг барихаар болсон. Гарын үсэг зурсан баримт бичгүүдээс бас нэг чухал нь дулааны аргаар боловсруулсан хонь, үхэр, ямааны махыг БНХАУ-д экспортлохоор болсон явдал. Хоёр улсын эдийн засгийн харилцааг төрөлжүүлэх шаардлагатай байгаа. Монгол Улсын тухайд л гэхэд уул уурхайн салбарыг хэт түшиглэсэн байдалтай байна шүү дээ. Уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр унахаар бид эдийн засгийн хүндрэлд орж байна. Засгийн газраас эдийн засгаа төрөлжүүлэх бодлого барьж байна. Энэ утгаараа 70 саяд хүрчихсэн байгаа малынхаа малыг экспортод гаргах нь чухал байгаа.

 

-Эдийн засгийн коридор байгуулах яриа хэлэлцээнд  ахиц гарч байгаа юу?

-Өнгөрсөн долдугаар сард Уфа хотноо болсон гурван талын хоёр дахь уулзалтаар энэ ондоо багтаагаад эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрөө тохиролцъё гээд гарын үсэг зурсан. Монголын талаас Гадаад  хэргийн яам, ОХУ-ын талаас мөн Гадаад хэргийн яам, БНХАУ-ын талаас Худалдааны яам, Шинэчлэлийн хороо нь оролцоод хэлэлцээрээ хийж байгаа. Дараагийн долоо хоногт Бээжинд энэ төвшинд яриа хэлэлцээ хийнэ. Ямар ч байсан энэ ондоо багтаад ОХУ, Монгол, БНХАУ-ын хооронд эдийн засгийн коридор байгуулах ерөнхий хөтөлбөр батлагдана. Манай тал газар зүйн байрлалаа ашиглаад төмөр зам, авто зам, хийн хоолой зэрэг дэд бүтцийн төслүүдэд гол анхаарлаа хандуулж байгаа.

 

-БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх бараа бүтээгдэхүүндээ транзит тээврийн хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Энэ асуудал хэзээ бодит ажил хэрэг болох вэ?

-Өнгөрсөн онд Си Зиньпин дарга манай улсад айлчлахдаа БНХАУ-ын нутгаар дамжиж буй транзит тээвэрт үнийн хөнгөлөлт олгохоор тохиролцсон. БНХАУ-тай 14 улс хуурай газраар хил залгадгаас тав нь далайд гарцгүй. Энэ таван улсаас ганцхан манай улс БНХАУ-ын нутгаар дамжин хамгийн дөт замаар далайд гарахаас өөр аргагүй байгаа. Энэ байдлыг маань ойлгож транзит тээврийн хөнгөлөлт олгохоор болсон. Үүнийг ажил хэрэг болгохын тулд 2004 онд байгуулсан боомтын хэлэлцээрт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Мөн төмөр замын хэлэлцээрт ч өөрчлөлт оруулна. Энэ ондоо багтдаггүй юм аа гэхэд ирэх оны эхээр дээрх хэлэлцээрүүдэд өөрчлөлт оруулна.

 

-Энэ хэлэлцээрүүдийг ямар төвшинд хэлэлцэж өөрчлөлт оруулдаг юм бэ?

-Засгийн газрын төвшинд хэлэлцээд өөрчлөлт оруулчихна. УИХ-аар хэлэлцүүлэх шаардлага байхгүй. Боомтын болон төмөр замын хэлэлцээрт өөрчлөлт оруулж олон улсын стандартай болсноор нүүрс экспортолж байгаа хүмүүс орон нутгийн татвар төлөхөө болино.

 

-Ерөнхийлөгчийн санаачилсан Төвийг сахих бодлогын талаар БНХАУ-ын тал ямар байр суурь илэрхийлж байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан зарласан Төвийг сахих бодлогын талаар БНХАУ-ын талд мэдээлэл өглөө. Бүх уулзалтын үеэр энэ талаар ярилцсан. Хятадын тал бидний энэ шийдвэрийг хүндэтгэн хүлээж авсан. Бид хамгийн эхний ээлжинд хоёр хөршдөө энэхүү бодлогоо сайн танилцуулж тайлбарлах шаардлагатай байгаа. Хоёр хөршийнхөө дэмжлэгийг авч байж дараагийн алхам болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар тогтоол, шийдвэр гаргуулна. Түүнээс өмнө бид дотооддоо хуулиа батлах шаардлагатай. Хамгийн эхний зорилт хуулиа батлуулах, дараа нь хоёр хөрштэйгөө болон дэлхийн тавцанд ажиллах гэсэн дарааллаар явна гэсэн үг.

 

-Ирэх онд Монголд болох АСЕМ-ын дээд төвшний уулзалтын бэлтгэлд БНХАУ дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн гэж сонссон. Ямар дэмжлэг үзүүлэх юм бэ?

-Хятадын талаас 16 сая ам.долларын тусламж үзүүлж байгаа. Гэхдээ бэлэн мөнгөний тусламж үзүүлэхгүй. Энэ мөнгөтэй дүйцэхүйц хэмжээний эд материалын  тусламж үзүүлнэ гэсэн үг. Манай тал БНХАУ-аас юу авч болох вэ гэдгээ ярилцаж байгаад хүсэлт гаргасан.

 

-БНХАУ-аас өөр дэмжлэг үзүүлж буй улс орнууд бий юү? 

-Хятадаас гадна Өмнөд Солонгос, Япон, Франц, Европын холбоо, Итали, Герман, Англи зэрэг орнууд янз бүрийн тусламж дэмжлэг үзүүлж байгаа. Тухайлбал, Өмнөд Солонгос эд материалын, Европын холбоо логистикийн тусламж үзүүлж байгаа. Герман улс зөвлөхөө олон сараар ажиллуулж байна. Франц, Итали өөрсдийнхөө туршлагаас хуваалцах гэх мэтээр манайд шаардлагатай байгаа бүх зүйлсээр тусалж дэмжиж байгаа. 

 

С.ШИЙЛЭГТӨМӨР

 

Эх сурвалж:

 

Shuud.mn
Сонин хачин
bs:
Германд саяхан хэвлэгдсэн, “Орос Хятадын завсар дахь Монгол Улс” ном Өрнөдөд oлон уншигчдын анхаарлыг татаж, гуйлгээтэй байна. Өнөөгийн энэ өрөвдөлтэй байдлыг өгүүлэнгээ, хэтийн төлөвийг зураглажээ. Дэлхийд том сүлжээ Amazon-оор US 50 зарагдаж буй энэ номын монгол,орос хувилбар Интерном, УИД зэрэгт их хямд байна. 99187553 -аар ярьж илүү хямдаар авч болохоор байна. Өрнөдөд зарагдаж буй холбоос нь httpwww.amazon.comMongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnyedp3659592781ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8qid=1415521666sr=8-1-fkmr0keywords=mongoliabaasansuren
2015-11-13