Их хааныг дуурсгаж, бахархлыг бадраалаа
2015-11-13

Их цагаан тугийг цэнгүүллээ


Гэрэл зургуудыг MPA.MN

 

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 өчигдөр тохиолоо. Энэ өдөр Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулж, Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүллээ.

 

Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос  Чингис хааны талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэн хүндэтгэл үзүүлэв.

 

Гомбожавын Мэнд-Ооёод  “Чингис хаан” одонг хүртээв


 

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

 

Энэ 2015 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёод хүртээв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулав.

 

Г.Мэнд-Ооёо нь уг шагналыг хүртсэн 9 дэх эрхмээр тодорсон юм. Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт есөн хүнийг шагнасан бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон байна.

 

Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлэв


 

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглов.  Уг барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Б.Батмөнх нарын зэрэг бөхчүүд хүч, бяр, уран мэхээ уралдуулсан юм.

 

Тэднээс Увс аймгийн Давст сумын харъяат, Зэвсэгт хүчний "Алдар" спортын хороо, Дулааны IV цахилгаан станц ТӨК, "Увс нуур"бөхийн дэвжээний бөх  улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Говь-Алтай аймгийн Цогт сумын харъяат, ХХЕГ-ын "Хилчин" биеийн тамир, спортын хороо, "Хантайшир" бөхийн дэвжээний бөх улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tusgaar togtnoliin bYariig hiilgehgui gej haanii tursun udriig 11 sard albaar taaruulsan biz dee. Hujaa naraa
2015-11-14
ЗОЧИН:
ЧИНГИС ХААНААРАА БАХАРХЛАА ГЭХ ЮМ ТЭГВЭЛ ЧИНГИС ХААН БИДНИЙГ ХАРААД БАХАРХАХ БОЛОВ УУ БАЙГУУЛСАН УЛС ҮЛДЭЭСЭН ГАЗАР ШОРООГ НЬ ХАРИЙХАНД НАЙР ТАВЬЖ ӨГӨӨД АРД ТҮМНЭЭ ДАВХАР ДАВХАР ӨРӨНД ОРУУЛЧИХСАН УЛС ТӨРЧ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИДААР БАХАРХАНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ ЗҮГЭЭР Л ЯДАРСАН АРД ТҮМНЭЭР ТОХУУРХАЖ ТАРХИЙГ НЬ УГААЖ БГАА ӨНГӨЛӨН ДАЛДЛАЛТ ЦААГУУРАА ХЯТАДАД ХУДАЛДЧИХААД ИРЛЭЭ ШҮҮ ДЭЭ ЦАХАР ЭЛБЭГЭЭ
2015-11-13