Оросын дурсгалт газруудыг дэлбэлнэ гэв

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өөрсдийнх нь эсрэг нэгдэж, агаараас цохилт өгч буй Орос улсыг заналхийлсэн видео бичлэг твиттертээ байршуулсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тус бүлэглэл Оросыг дайралтаа зогсоож, нутаг буцахгүй бол Оросын түүхэн дурсгалт газруудыг дэлбэлж, их хэмжээний хохирол учруулахаа сануулсан байна.
Бичлэгийн эхэнд “Тун удахгүй цус урсах болно” хэмээж, Оросын эртний сүм хийд, цахилгаан станц, их сургуулийн хичээлийн байр зэргийг харуулсан байна. Мөн хэт даврагчид Египетийн Синайн хойгт осолдсон Оросын агаарын тээврийн онгоцыг пуужингаар харваж, 224 хүний аминд хүрсэн хэмээн мэдэгдэж “Биднийг басах хэрэггүй гэдгийг энэхүү үйл явдал батлан харууллаа. Бид хүсвэл хаана ч халдлага үйлдэж чадна” гэж мэдэгджээ.
Энэхүү бичлэгийн дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бид энэ бичлэгийг үзсэн. Албаныхан шалгаж байгаа” гэж мэдэгдсэн байна.
Онгоцны ослыг шалгаж буй олон улсын шинжээчид ослын газар болон онгоцны сэгээс пуужингийн хэлтэрхий олдоогүй хэмээсэн билээ.
Орос өнгөрсөн есдүгээр сарын 30-нд хэт даврагчдад цохилт өгч эхэлсэн бөгөөд энэ хугацаанд тус бүлэглэлийн 2000 гаруй объектийг устгасан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ