Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хоёр жилийн хугацаанд бэлтгэжээ
2015-11-13

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа.  Үүнтэй зэрэгцээд Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг   өргөн барьсан.  Харин  ард нийтийн санал асуулга явуулахад хугацаа шаардлагатай хийгээд  Үндсэн хуулийг 12-р сарын 31-нээс өмнө амжиж батлаж чадахгүй эсэхээр нийгэмд талцсан маргаан дэгдээд байгаа.  

 

Шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурал  баталсан байдаг. Ингэхдээ уг хуулийг 1991 оны 11-р сарын 11-ний өдөр БНМАУ-ын Ардын их хурлын  хуралдааны  II хуралдаанаар  хэлэлцэх эсэхийг шийдэж байжээ.   Уг хуралдааныг Ардын их хурлын дарга Ж.Гомбожав даргалж байсан байна.  Тухайн үеийн АИХ-ын II  хуралдааны  протоколд “Ардын их хурлын дарга, орлогч дарга нарт одоо хэлэлцүүлэх гэж байгаа шинэ Үндсэн хууль, хавсралт хуулиудыг дэд ерөнхийлөгч, Улсын Бага хурлын дарга нөхөр Р.Гончигдорж гардуулна.  Ардын их хурлын дарга Ж.Уртнасан:

 

 

 

-Та бид эх орныхоо түүхэн хөгжлийн нэн эгзэгтэй зурвас мөчид эх орныхоо тусгаар тогтнол, сайн сайхны бэлэг тэмдэг болсон Үндсэн хуулийг хэлэлцэж батлах нэн хариуцлагатай, хүндтэй, дурсгалтай үйл явдлын босгон дээр тулж ирээд байна. Энэ бол хамтын оюун ухааны бүтээл юм” гэжээ.

 

Ийнхүү АИХ-д өргөн бариад сар гаруйн хугацаанд хэлэлцээд шинэ Үндсэн хуулийг 1992 оны 1-р сарын 13-нд баталсан гаргасан түүхтэй аж.

 

Тиймээс одоогийн өргөн бариад байгаа нэмэлт өөрчлөлтийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, УИХ дахь намын бүлгүүд, бие даагч нар сэтгэл нэгдэн зүтгэж, ард нийтийн санал асуулгыг шуурхай явуулж, хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж батлах бололцоотой гэж ажиглагчид үзэж байна.   

 

Дашрамд дурдахад, УИХ-ын дарга  З.Энхболд анх 2013 оны 2 дугаар сарын 8-нд захирамж гаргаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ. Уг  ажлын хэсгийг нь Л.Цог гишүүн ахалж ажилласан байна.  Ажлын хэсгээс Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байдаг. Үүний дараа 2015 оны нэгдүгээр сарын 13-нд УИХ-ын даргын хоёр дахь захирамжаар манай ажлын хэсгийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн барих үүрэгтэйгээр байгуулжээ.   Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хоёр жил гаруй хугацаанд бэлтгэсэн гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Барга:
Энэ хүмүүс төсөл хийсэн болохоос ХУУЛЬ хийгээгүй. Сайн ярилцах хэрэгтэй, яарахын хэрэг алга. Тэгээд ч эдгээрээр хуулиа алуулах хэрэг байна уу. Яагаад заавал улс төрчид боловсруулах ёстой юм бэ.
2015-11-13