“Мөнх тэнгэрийн бичиг-2015” үзэсгэлэнгийн нээлт боллоо
2015-11-13

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиодог “Мөнх тэнгэрийн бичиг-2015” монгол бичгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар нарын албаны хүмүүс оролцов. Мөн төрийн шагналт, багш Ш.Чоймаа болон өчигдөр тэмдэглэн өнгөрүүлсэн “Монгол бахархлын өдөр”-өөр төрийн дээд шагнал “Чингис  хааны одон” хүртсэн МУСГЗ, яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёо зэрэг монгол бичиг, түүх соёлын эрдэмтэн мэргэдийн төлөөлөл оролцлоо.

 

 

Үзэсгэлэнг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол хүмүүний бүтээсэн дэлхийд хосгүй бүтээлүүдийн нэг бол Монгол бичиг мөн. Тийм учраас Монгол улсыг сурталчлах хамгийн чухал соёл болох эх бичгээ сурч мэдэж, түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй. Монгол бахархлын өдөр өчигдөр болсон. Өнөөдөр ч үргэлжилж байна. Энэ бахархалын өдөр, өдөр бүр  үргэлжилж байгаасай гэж хүсэж байна” хэмээн хэллээ.

 

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд  1985-2015 оныг хүртэлх төрөөс гаргасан тогтоол шийдвэрүүд, баримт хэрэглэгдэхүүн,  эртний монгол бичгийн дурсгалууд, Чой Лувсанжав багшийн хэрэглэж байсан бичгийн машин, цахим монгол бичгийн машин зэрэг бүтээлүүд тавигджээ. Түүнчлэн ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын 60 багшийн уран бичлэгийн бүтээл, “Хүмүүн” бичиг сонины онцлох дугаарууд, тус сонины газраас уламжлал болгон зохиогддог “Монголын сайхан бичигтэн” уралдааны шилдэг бүтээлүүд болон Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу монгол бичгээр үйлдсэн төрсний гэрчилгээ, бакалаврын, магистрын, докторын диплом зэрэг олон бүтээлийг дэлгэжээ.

 

“Мөнх тэнгэрийн бичиг-2015” үзэсгэлэн энэ сарын 17-ны өдөр хүртэл Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин