Парисын халдлагад монгол иргэд өртөөгүй

Парис хотод 2000 орчим монгол хүн амьдардаг
Бүгд Найрамдах Франц Улсын /БНФУ/ нийслэл Парис хотод өчигдөр орой болсон цуврал террорист халдлага болж, халдлагын улмаас 150 орчим хүн амь насаа алдаад байна.
Энэ талаар дөнгөж сая Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Франц улсад үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын хуралдааныг 11 дүгээр 14-ний өдрийн 00:00 цагт зарлан хуралдуулж БНФУ-д онц байдал зарлаж, улсын хилийг хаах шийдвэр гаргасныг дуулгалаа.
Мөн Парис хотод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан БНФУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яамнаас тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ хандсан сэрэмжлүүлгийг өөрийн цахим хуудас болон фэйсбүүкээр дамжуулан гаргасан. Одоогийн байдлаар террорист халдлагад монгол иргэн өртөөгүй байна гэж мэдээлэв.
Франц улсад 4500 орчим монгол иргэн ажиллаж амьдардаг гэсэн судалгаа байдаг аж. Албан бус мэдээгээр тэдний 2000 орчим нь Парис хотод оршин суудаг гэнэ. Террорист халдлага болсон 11 дүгээр дүүрэгт цөөнгүй монгол иргэн амьдардаг байна. Азаар тэднээс хэн нэгэн халдлагад өртөөгүй болохыг БНФУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яамнаас ГХЯ-нд мэдээлжээ.
БНФУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яамнаас монгол иргэдтэйгээ холбогдож нөхцөл байдлыг тодруулан ажиллаж байгаа. Энэ тухай мэдээллийг цаг тухайд нь хэвлэлийнхэнд мэдээлнэ гэж Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болд хэллээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ