Төсвөөс “төрсөн” төсөөлөл
2015-11-16

УИХ ирэх оны төсвөө хуулийн хугацаанд багтаан хэлэлцэн баталлаа. Ингэхдээ өмнө нь ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг өмнөх оны хоёрдугаар хагаст хаврын чуулганаар хэлэлцэн баталдаг байсан бол энэ удаад намрын чуулганаар хамтатгав. Учир нь энэ оны төсөвт өөрчлөлт орсонтой холбоотой. Ер нь энэ парламент отгон намрын чуулганаараа энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсвийг нэг амьсгаагаар баталсан гэсэн үг.  

 

2016 оны улсын төсөвт эдийн засгийн хямралтай уялдуулан танах, хэмнэх бодлогыг баримтлан Засгийн газраас боловсруулан өргөн барьсан хэдий ч  хууль батлагдахдаа агуулгад өөрчлөлт орсон. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар хасах, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах зэргээс нийтдээ 130 орчим тэрбум төгрөг хэмнэж, танахаар оруулж ирсэн байсан нь нам эвслийн бүлэг, гишүүдийн эсэргүүцэлтэй тулсан. Тиймээс танагдсан зардлыг дахин нэмж тусгах, орлого хайх тал дээр 2016 оны төсвийн хуулин дээр ажиллах УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг чамгүй ухаан зарсан гэж байна лээ. Гэхдээ Засгийн газраас анх барьсан хуулийн төслийг бүтцийг эвдээгүй гэдгээ ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг онцолсон.

 

Ингээд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй, Худалдан авах ажиллагааны газар, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын ажлын албыг татан буулгахгүй болсонтой холбогдуулан урсгал зардлыг зохих хэмжээгээр нэмэгдүүлж тооцсон байна.

 

Бүх шатны төсөвт байгууллагад хэмнэлтийн горимыг мөрдөж, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт, семинар, ном хэвлэлийн зардал зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын дүнг бууруулж байгаатай холбогдуулан зээлийн хүүгийн төлбөрийг 26.6 тэрбум төгрөгөөр тус тус бууруулжээ.

 

Хөрөнгө оруулалтын зардлаас 149.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг төслөөс хасч, 79.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгасан байна.

 

Дээрх өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7.013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.4 хувь, нийт зардал 7.954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.8 хувь, нийт алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.4 хувьтай тэнцэж байна.

 

Жил бүрийн улсын төсвийг хэлэлцэхэд гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхээр чармайдаг. Энэ удаа ч уг үзэгдэл давтагдсан. Харин ирэх онд шинээр бүтээн байгуулалт өрнүүлэхгүй, зайлшгүй шаардлагатай нөхцөлд л төсөв тусгая, өмнө дуусгаагүй үлээдсэн барилга объектуудаа цэгцэлье гэдэг дээр гишүүд санал нэгджээ. Санхүү, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ирэх оны мөнгөний бодлогыг хэлэлцэхэд банкуудын зээлийн хүүг бууруулъя гэсэн Ц.Нямдорж гишүүний санал дэмжигдэн хуульчлагдсан. Харин банкууд зээлийн хүүгээ ямар замаар яаж буулгахаа шийдвэрлэх үлдлээ. Өрхийн иргэн 1-3 хүртэл төрлийн зээлтэй байгаа. Эдийн засгийн шинэ нөхцөлд банкууд зээлийн хүүгээ бууруулах нь иргэн бидний амьжиргаанд дусал дуслаар ч нэмэртэй сэн.

 

Ирэх жилүүдэд сонгуулийн уухай биднийг хүлээж байгаа. Тэр дундаа ирэх онд УИХ-ын болон орон нутгийн хоёр сонгууль явагдана. Дээр нь АСЕМ-ын олон улсын хурал Монголд анх удаа зохиогдож, дэлхий бидний зүг хараагаа бэлчээнэ. Өөрөөр хэлбэл, найман зууны тэртээ дэлхийн талыг эзэлж явсан их гүрний нутагт орон орны хаад, улсын удирдлагууд саатан тухлан, бидний амьдрал хөл ихтэй байна.

 

Тиймээс хуулийн хугацаандаа батлагдсан 2016 оны улсын төсөвт дахин тодотгох шаардлага үүсэх байх. Ямартай ч энэ удаагийн батлагдсан төсвийг ирэх жилийн ерөнхий баримжаа, төсөөлөл гээд бодчиход болох  биз.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин