АН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд нэгдсэн байр суурьт хүрээгүй
2015-11-16

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийсэн юм.

 

АН-ын бүлгийн хурлаар  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох хуулийн төслийг бүлгийн хурлаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байжээ. Гэвч ЭМС-ын сайдыг томилоогүй, Төрийн нарийн бичгийн дарга нь байцаагдаж байгаа учраас энэ хуулийн төслийг хойшлуулжээ. АН-ын бүлгийн хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар нэлээд олон гишүүн санал асуулга тавьжээ. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн талаар,  Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, санал асуулга тавьсан байна.  Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, арваннэгдүгээр сарын 26-нд санал асуулга авч амжих эсэх асуудалд гишүүд байр сууриа илэрхийлжээ.   АН-ын бүлгийн дарга нар мэдээлэл хийснийхээ дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-АН-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 

АН-ын бүлгийн дарга Д.Гарамгайбаатар:

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд гишүүд нэгдсэн байр суурьт хүрээгүй байгаа. Гишүүд парламент 99 гишүүнтэй байх, сумын Засаг даргыг орон нутгийн иргэд сонгох, Ерөнхийлөгчийг парламентаас  томилох асуудалд нэгдсэн байр суурьт хүрээгүй. Энэ долоо хоногт байнгын хороо,  чуулганаар хэлэлцэгдэнэ. Тэгэхээр байр суурь тодорхой болох байх.

 

Санал асуулга явуулах товын тухайд?

-Ард нийтийн санал асуулга явуулах хугацааг 11 сарын 26-нд багтааж амжихгүй болсон.  Одоогоор хугацаа нь тодорхойгүй байна.

 

АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа:

-Энэ асуудалд АН бүлгээрээ саналаа хайрцаглаад хүч түрээд асуудлыг шийдэхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүх намууд зөвшилцөнө. Парламентад суудалгүй намууд уг асуудлаар оролцох ёстой. Мөн нийт ард түмнээр хэлэлцүүлж санал авах зорилготой байгаа. Түүнээс биш ганцхан АН хүч түрээд уг асуудлыг хэлэлцэхгүй. Сумын Засаг даргыг тухайн сумын иргэд нь сонгох уу эсвэл намаас томилох уу гэдэг асуудлаар гишүүдийн дунд нилээн маргаан өрнөсөн. Зарим гишүүд суманд улс төржилтийг зогсооё. Илүү аж, ахуйн ажил руу нь чиглүүлье  гэж байгаа. Харин зарим нь гишүүд улс төрийн нам  сумын асаг даргаа томилдог байх хэрэгтэй гэсэн.

 

-С.Зориг агсны гэргий Д.Булганыг хорьсон асуудлыг  АН хэлэлцсэн үү?

-Энэ талаар гишүүд асуулт асуусан. Гэхдээ бидэнд мэдээлэл ирээгүй байна. Харин учир битүүлгээр амиа алдсан Хөвсгөлийн ирвэс хамгаалагчийн хэргийн талаар АН-ын бүлгээр хэлэлцсэн. Талийгаач Лхагвасүмбэрэлийн асуудалд анхаарал хандуулж, хэргийн цаад учрыг олох ёстой гэж тус бүлгийн гишүүд үзжээ. Учир нь талийгаачийн эцэг хүүг нь барьцаанд байлгаж, сүрдүүлж байсан талаар  ярьсан байсан.  

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин