ХҮН: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмыг зөрчсөн

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Үүнтэй холбогдуулан ХҮН-ын гишүүд МҮЭ-ийн ордон хуралдаж, байр сууриа илэрхийллээ. ХҮН Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, УИХ-д шаардлага хүргүүлэх ажээ. Уг шаардлагад “Нийтээр зөвшилцсөний үр дүнд 1992 онд баталсан Үндсэн хууль бол манай эх орны тусгаар тогтнол, ардчилал, хүний эрх, төрт ёсны баталгаа төдийгүй Монголын ард түмний хамтын оюуны бүтээл юм.
Ард түмэн хийгээд үндэсний эрх ашгийг эн тэргүүнд тавьж, эх орноо мандан бадраах сэтгэл зүрхээ нэгтгэсэн бүлэг иргэдийн төлөөллийн хувьд манай намаас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг үндэсний хэмжээний хэлэлцүүлэг явуулж, зөвшилцөлд хүрэх замаар олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар шийдвэрлэх асуудлаар хууль тогтоогчдод хандсан шаардлагаа энэ оны зургадугаар сарын 26-нд, долдугаар сарын 31-нд тус тус УИХ-д гардуулсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахдаа 2010 онд УИХ-аас баталсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг чанд баримтлах хэрэгтэй. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах”, “иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох” үүргээ тус тус хэрэгжүүлэхийг УИХ-аас шаардсан боловч өнөөдрийг хүртэл бидэнд хариу ирүүлээгүй. Гэтэл УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг нарийвчлан тогтоосон энэхүү хуулийг мөрдөж ажиллахын оронд хууль зөрчсөн эс үйлдэхгүйгээ, хууль зөрчсөн үйлдэл болгон, улам даамжруулж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 76 гишүүнийг 99 болгож, парламентын бүрэн эрхийн 4 жилийг тав гэж, Ерөнхийлөгчийг сонгох эрхийг УИХ авч эрх мэдлээ өргөжүүлж байна. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрийг шууд зөрчиж байгаа юм” гэжээ.
Хуралдааны үеэр судлаач н.Үүрцайх “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төслийг харахад УИХ өөрөө эрсдэл үүрэхээргүй байна. Хэн нэг УИХ-ын гишүүнд хариуцлага тооцож, эгүүлэн татах заалт байдаг. Гэтэл энэ өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн хариуцлага хүлээх тогтолцоог бүрдүүлсэнгүй. Сумын Засаг даргыг намаас биш иргэдээр сонгуулна гэж байна Энэ нь төрийн бодлогыг алдагдуулж байна. Нам гэдэг институци бодлогоо тодорхойлж, хүнээ нэр дэвшүүлдэг. Гэтэл нутгийн иргэдээс нэр дэвшүүлж байгаа нь яс үндсээрээ талцах, хэн хамаатан садан олонтой, бэлтэй хөрөнгөтэй нь гарч ирэх феодалийн нийгмийг бий болгож байна” гэж үзэж байгаагаа илэрхийлээ.
Мөн Анхдугаар Үндсэн хуулийг батлагчдын холбооны төлөөлөл байр сууриа илэрхийлэхдээ “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд бидний саналыг тусгаагүй”, зөвхөн гишүүд өөрсдийн төслөө өргөн барьж байгаа нь өрөөсгөл талтай гэдгийг хэлж байлаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ