МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй
2015-11-16

 

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Ард нийтийн санал асуулга, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Сонгуулийн хуулийн төслийн тухай хэлэлцэж, 2016 оны төсөв батлагдсантай холбогдуулж гарах үр дагаврын талаар санал бодлоо нэгтгэлээ.  МАН-ын бүлгийн хувьд Үндсэн хуулийг өөрчлөх нь цаг хугацааны хувьд боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа дахин илэрхийлэв. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт:

 

-Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар батлах ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх сонирхолтой гишүүн УИХ дотор олон биш байна. УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг үзэхэд 50 орчим заалт хөндөгдөх нь. 50 орчим заалт хөндөгдөнө гэдэг нь Үндсэн хуулийг шинээр батлах асуудал үүснэ гэсэн үг. Энэ бол маш том эрсдэл. Үндсэн хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулж олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудал үүснэ. Тиймээс энэ УИХ давчуу хугацаанд яаран өөрчилж болохгүй. Бие даагчид, АН-ын бүлгийн олон гишүүн Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй гэдэгт санал нэгдэж байгаа. Боломжгүй зүйлийг хүч түрэх хэлбэрээр явуулах нь зохисгүй. Энэ асуудал зөвшилцөл, ойлголцлоор явах ёстой. Сонгуулийн хуульд нийгмийн захиалгаар, ард түмний хүсэн хүлээж байгаа асуудлыг тусгаж, сонгуулийг шударга, булхай луйваргүй явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө парламентад суудалтай намууд анхаарч ажиллах ёстойг онцлов. Одоогийн байдлаар УИХ-д сонгуультай холбоотой дөрвөн хуулийн төсөл өргөн баригдаад байна. Эхнийх нь улстөрийн 22 намын саналыг тусгаж парламентад суудалтай гурван намын төлөөлөл өргөн барьсан хуулийн төсөл юм.  Удаах нь УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан төсөл бөгөөд ажлын хэсгийн 15 гишүүний найм нь энэ төслийг дэмжихээс татгалзжээ. Түүнчлэн бүх шатны сонгуулийг зохион байгуулдаг СЕХ энэ хуулийн төслийг дэмжихгүй гэж саналаа өгсөн байна. Нөгөө талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, О.Баасанхүү, Р.Бурмаа нарын тус тусдаа өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд нь өөр хоорондоо эрс зөрүүтэй болохыг ч бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Тэрээр "Эрх барьж байгаа намууд нь сонгуулийн хууль дээр саналаа нэгтгэж чадахгүй, гурван тусдаа хуулийн төсөл барилаа. СЕХ ч УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төслийг дэмжээгүй. Сонгуулийн хууль бол зөвшилцлийн үр дүнд батлагдах ёстой хэмээлээ.

 

Ирэх жил  хүүхдүүдийн 40 хувь нь  мөнгөө авч чадахгүй

 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт  2016 оны улсын нэгдсэн төсөв эдийн засгийн хямралыг сөрсөн төсөв болж чадаагүй, хөөсөрсөн, эдийн засгийн тооцоо судалгаа бодитой бус хийгдсэн, өрийн ачааллыг нэмэгдүүлсэн, мөнгөний бодлого явуулах орон зайг хязгаарласан туйлын хариуцлагагүй төсөв болсон гэж мэдээллээ. Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр МАН-ын бүлгээс дэвшүүлсэн бодитой саналуудыг тоймлон хэллээ. Үүнд:

 

МАН-ын бүлгээс тавьсан саналуудын дийлэнх нь зардал бууруулах санал байсан ч эрх баригчид хүлээж аваагүй. Зардал нэмэх тухайд орон нутгаас хотод ирж эмчлүүлэгсдийг хүлээн авдаг Нэгдүгээр эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын нөхөн олговор, нийслэлийн төв цэвэрлэх байгууламж, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлд шаардагдах хөрөнгийг нэмэгдүүлэх санал тавьсан.

 

Төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувь хасах саналыг Засгийн газар оруулж ирсэн ч МАН-ын бүлэг тууштай эсэргүүцсэний үр дүнд болиулсан. Харин санал хураах эцсийн мөчид эрх баригчид төсөвт байгууллагуудын цалингийн санг нийтээр нь 10 хувь бууруулах санал оруулж ирснийг эсэргүүцэж, эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цалингийн санг бууруулахгүй болгосон. Бусад байгууллагын цалингийн сан буурсан хэвээр үлдсэн тул энэ хэмжээгээр цомхотгол явагдана, эсвэл цалин хасахаар төсөв болсныг онцлов.

 

МАН-ын бүлэг дэлхийн зах зээл дээр бензин шатахууны үнэ 2.5 дахин буурсантай холбогдуулан Монгол Улсын хэмжээнд бензин шатахууны үнийг бууруулах, бүх нутаг дэвсгэрт шатахууны үнийг жигд байлгах шаардлагыг тавьсан. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт "Америкийн зах зээлд нэг литр шатахуун 1200, ОХУ-д 1000 төгрөгийн үнэтэй байна. Гэвч Улаанбаатарт 1670, орон нутагт 1800-2100 төгрөгийн үнэтэй.  Орон нутаг, Улаанбаатарын төвшинд шатахууны үнийг ижил байлгах бололцоог нь Засгийн газарт олгож өгсөн. Энэ асуудлыг Засгийн газар шийдвэл алслагдсан бүс нутагт амьдарч байгаа иргэдийн амьдралд нааштай нөлөөлнө. Бидний шаардсаны дагуу бензин шатахууны үнийг бууруулсан бол иддэг талх, өмсдөг хувцас, экспортод гаргаж буй нүүрс, зэсийн баяжмалын өртөг зардал хямдарч, үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэж, татварын орлого бүрдэх боломжтой байсан аж.

 

2016 онд Засгийн газрын өрийн хэмжээ 1.7 их наяд төгрөг буюу 850 сая ам.доллараар нэмэгдэхээр болж байна. Зөвхөн зээлийн хүүний төлбөрт ирэх жил 947.8 тэрбум төгрөг төлнө. Ийм их өр зээлийг хүүтэй нь төсвөөс төлж байсан тохиолдол байхгүйг ч бүлгийн дарга С.Бямбацогт онцлов.

 

Мөн хүүхдүүдийн 60 хувь нь ирэх жил хүүхдийн мөнгөө авна. 40 хувь нь авахааргүй төсөв батлагдсан. МАН үүний эсрэг байсан. Бид хүүхдийг баян ядуугаар нь ялгаварлаж байгаагүй, энэ асуудалд шүүмжлэлтэй хандсан гэв.

 

Намын жагсаалтаар сонгогдохыг дэмжихгүй

 

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр "УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл С.Эрдэнийг эргэж бүлэгтээ мэдээлэл хийсэн. Энэхүү үйлдэл нь ажилгүйдэл нүүрлэж, үүнээс улбаатай ядуурал газар авч ард иргэд аргаа барсны илрэл боллоо. Засгийн эрх барьж буй АН хүч түрч аливаа асуудлыг шийдэх гэж оролддог болсон. Ийм дарангуйллын шинж Монголын төрд нүүрлэж эхэлсэн. Төр засаг дүлий байна. Төр дүлий болсноор ард иргэдээ сонсохоо байсан. Түмэн олныхоо тулгамдаж байгаа асуудлыг шийдэх арга зам, гарцаасаа холдлоо. Энэ асуудалтай холбогдуулан зөвхөн компанийн захиралтай нь хариуцлага тооцоод өнгөрч болохгүй. Ийм байдалд хүргэсэн төр засгийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой” гэв.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-ОАТ-аас чөлөөлснөөр үнэ буух боломжтой гэж байсан?

 

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр:

-Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ 60 хувиар буурчихаад байхад манайх татвараа нэмэх нь зохисгүй. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй байж өргөн хэрэглээний барааны суурь болсон нефтийн татварыг нэмэх нь буруу.  Төсвийн орлогыг өөр талаар нэмэх боломж байна. Татвар төлөлтийнхөө цар хүрээг нэмэх замаар хямралыг давах боломжтой гэж бүлэг дүгнэсэн байсан. Харамсалтай нь, эрх баригч хүчин хүч түрэн төсвийг баталсан.

 

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-Татварыг нэмэхгүйгээр ОХУ, АНУ шиг 1000-1200 төгрөг болгох боломжтой гэдгийг бид сануулж байсан.

 

-Хүүхдийн мөнгийг ялгавартай өгөхөөр болсон гэж байна. Энэ талаар?

-Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг 18 хүртэлх насны 60 хувьд олгохоор тусгасан. Бүх хүүхдэд тэгш олгодог байсан, МАН Засгийн эрх барьж байхдаа. Эдийн засаг туйлдсан учраас нийт хүүхдийнхээ 60 хувьд олгохоор 40 хувийг нь хассан. Эрх баригчид маань ямар тооцоо судалгаагаар оруулж ирснийг мэдэхгүй байна. Хүүхдийн мөнгөө авдаггүй өрхүүд бий, тэндээс үндэслэлээ болов уу. МАН-ын бүлэг санал дүгнэлтээ албан ёсоор бичгээр өгөөд явсан. Цалинг хасахгүй шүү гэхэд л 10 хувиар хассан. Тэр байтугай УИХ-ын гишүүдийн үг хэлэх, саналаа тайлбарлах эрх олгохгүйгээс завсарлага хүртэл авч байсан.

 

-Сонгуулийн хуулиудаас аль хувилбарыг дэмжиж байна вэ?

-Дөрвөн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг ерөнхийд нь дэмжье. Нэгдсэн ажлын хэсэг байгуулагдах байх. Эсрэг тэсрэг олон заалт ч байгаа, төстэй заалтууд ч бий. Бидний барьж байгаа зарчмын байр суурьтай ижил снаал байвал дэмжээд явна. УИХ-ын гишүүдийн хүн дагуулж дугуйлдаг тогтолцоог дэмжье гэдэг дээр олонхийн санал байгаа.

 

-Намын жагсаалтаар УИХ-д нэр дэвшихийг дэмжихгүй нь гэж ойлгож болох уу?

-Намын жагсаалтаар сонгогдохыг дэмжихгүй гэдэг байр суурь барьж байгаа. Сонгогч иргэн өөрийгөө төлөөлөх бүрэн эрхээ эдлэхдээ Үндсэн хуульд заасны дагуу өөрөө тэмтэрч байж, нэрээр нь сонгох ёстой гэсэн байр суурь барьж байгаа.

 

-Зардлыг өсгөсөн гол зүйлүүд юу вэ?

 

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр:

- Ганц жишээ хэлье, 2012 онд Монгол Улсын хүн ам 2.9 сая байсан, тэр үед төрийн албан хаагчдын тоо 150 мянга байсан. гурван жилийн дотор хүн ам 3 сая болсон, харьцах төрийн албан хаагчдын тоо 180 мянга болсон. Цалингийн фонд нь жилийнх нь 200 тэрбум болж байгаа. Зөвхөн 30 мянгаар нэмэгдсэн төрийн албан хаагчдын цалингийн тооцоог харахаар. Улс төрийн зорилгоор хиймэл албан тушаалуудыг бий болгосон. Эдийн засаг, шинжлэх ухааны тооцоо байхгүйгээр нэмсэн.  Хүн амын өсөлт, газар нутгийн байршилтай уялдуулж төрийн албан хаагчдын тоог зүй зохистой хэмжээнд нь аваачих ёстой гэсэн байр суурь л барьж байна.

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Эсэргүү:
Жинхэнэ эсэргүүнүүд юм биш үү, бүгд номгүй болчихсон юм бна даа
2015-11-17
Эсэргүү:
Жинхэнэ эсэргүүнүүд юм биш үү, бүгд номгүй болчихсон юм бна даа
2015-11-17
харц:
ядаад үндсэн хуулиндаа битгий өөрчлөлт оруулаарай
2015-11-16
Зочин:
Хилийн хэсгийн 10 хувийг хамгаалахаа болих уу
2015-11-16
Zochin:
Novshnuud
2015-11-16