Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Ард нийтийн санал асуулгын тухай УИХ-ын тогтоолын тухай, УИХ-ын сонгууль өөрчлөлт оруулах тухай нэр бүхий гишүүдээс өргөн барьсан 3 хуулийн төсөл зэрэг нийт 6 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд саналаа хэлсэн юм. Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд “Сонгуулийн хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ цаг хугацааны хувьд өргөн барьсан дарааллаар нь хэлэлцүүлж болохгүй юу?” хэмээлээ. Байнгын хорооны дарга А.Бакей “УИХ-ын даргын зөвлөлөөр байнгын хороогоор хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоодог. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтооход би УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанд оролцоогүй, чөлөөтэй байсан. Гэхдээ таны саналаар санал хураалт явуулъя” гэсэн юм. Ингээд М.Энхболд даргын гаргасан саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй.
Хуралдааны эхэнд Н.Энхболд гишүүн “Ард нийтийн санал асуулга явуулах хуульд өөрчлөлт оруулах асуудал нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар 47 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл гарын үсэг зурсан гишүүд бидэнд танилцуулсан төслөөс өөрчлөгдсөн байна гэж байсан” гэсэн бол Ц.Нямдорж гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай журмын хуулийг зөрчөөд оруулаад ирсэн юм байна. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд 99 гишүүн 9 яам 5 жилийн хугацаа байгаагүй гэж гарын үсэг зурсан гишүүд яриад байгааг юу гэж ойлгох вэ? гэдгийг тодруулж байлаа. Гишүүдийн асуултад хуулийн төсөл санаачлагач Н.Батбаяр:
“Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихдаа ямар нэг хууль журам зөрчөөгүй” гэсэн юм.
Тиймээс байнгын хорооны хуралдаанаар эхлээд Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхийг дэмжих эсэхийг шийдлээ. Энэ хууль 1995 онд батлагдсанаасаа хойш нэг ч удаа хэрэгжээгүй байна. Тиймээс хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсныг төсөл санаачлагач Н.Батбаяр гишүүн танилцууллаа. Тэрбээр “Хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан бөгөөд энэ хуулийн төсөл нь 5 зүйлтэй болно. Хуулийн төслийн боловсруулахдаа Сонгуулийн ерөнхий хорооны саналыг авч тусгасан. Энэхүү хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, зарчмын хоёр санал ирүүлснийг төсөлд тусгасан болно.
УИХ-ын сонгуулийн тухай хууль 2011 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд тухайн үед нь шаардлагатай өөрчлөлт оруулаагүйгээс ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин тодорхой бус болсныг залруулж, холбогдох өөрчлөлтийг оруулснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэх юм” хэмээлээ.
Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүдийн асуулт тавьж байр сууриа хэлсэн юм.
Гишүүд Ард нийтийн санал асуулга явуулахдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар “Тийм, Үгүй” гэсэн санал авахгүй. Өөрчлөлт тус бүрээр тухайлбал 99 гишүүнтэй байх уу үгүй юу гэх зэргээр санал асуулга явуулах шаардлагатай байлаа.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явуулсан юм. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулахыг байнгын хорооны гишүүдийн 56.2 хувь нь дэмжлээ. Үүний дараагаар байнгын хороо түр завсарлаад 15.00 цагт дахин хуралдахаар болсон юм.
Н.Энх
Уншиж байна |