Парис: Гол сэжигтэнг нэрлэв
2015-11-18

Францын нийслэл Парис хотноо өнгөрөгч баасан гаригт террорист этгээдүүд дараалласан халдлага үйлдэж, 129 хүний аминд хүрсэн. Тэгвэл тус улсын цагдаагийнхан Парисын халдлагын зохион байгуулж, олон улсыг заналхийлсэн этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гол сэжигтэнг Абделхамид Абаауд гэдэг бөгөөд Белгийн иргэн гэнэ. Тэрбээр 28 настай. Түүнийг өнгөрсөн оны нэгдүгээр сард Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн болохыг тогтоожээ.

 

Белгийн цагдаагийнхан францын “Чарлье Эбдо” сэтгүүлийн байр руу халдсан этгээдүүдийг эрэн сурвалжлах үеэр тэрбээр Сири рүү оргон зайлсан байна. Түүнийг сэтгүүлчдийн аминд хүрсэн хэмээн Белгийн удирдлагууд буруутгаж, интерполийн тусламжтай хайж байгаа аж.

 

Абделхамид Абаауд хэт даврагч болсныхоо дараа нэрээ Абу Умар аль Балжики хэмээн өөрчилж, өөрийн твиттер, фэйсбүүк хуудастаа олон зуун иргэний аминд хүрч буй зураг, бичлэг нийтлэх болжээ. Францын тагнуулынхан тусгай мөрдлөгөөр түүнийг Парисын халдлагыг зохион байгуулж, улмаар Белги рүү зугтаасан гэв.

 

Парисын халдлагатай холбоотой хэмээн долоон этгээдийг баривчилсан бөгөөд өчигдөр тавыг нь суллаж, үлдсэн хоёрыг нь алан хядах бүлэглэлд элссэн, халдлага зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа гэнэ. Хэт даврагчид Парисыг дахин заналхийлсэн учир тус хотыг хамгаалах цэргийн тоог 115 мянга болгожээ. Мөн Парис хотноо тогтоосон онц байдлын хугацааг сунгаж гурван сар болгосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин