Ард түмний “эсрэг” бизнес
2015-11-18

Бидний Монголчууд үйлдвэрлэл үйлчилгээ, бизнесийг 'ард түмэн'-ээс салгаж  сурмаар санагддаг.  Уг нь бизнест ард түмэн биш үйлчлүүлэгч л байдаг. Үнэгүй хувцас тараах шуугианы үеэр бас энд бичиж байсан. Экспорт, монополийн бодлогоор зориуд дэмжиж байгаа салбар биш бол  бизнест  УИХ, Засгийн газар ч уг нь оролцох ёсгүй.  Даанч Тавантолгой зэрэг томхон ордууд нэгд монголын байгалийн баялаг, улсын томхон орд гэдэг утгаараа, хоёрт төрөөс өөр төсөл хэрэгжүүлэх чадамжтай субъектгүй гэх мэт шалтгаанаар  “ард түмэн” - д нэг асуудал гарахаар Ерөнхий сайд нь дуудаад захирлыг нь халчих хэмжээнд улстөрөөс хараат байдалд байдаг. Өнгөрсөн Баасан гарагт шашин цэрэг зэвсгийн мөргөлдөөнгүй тайван монгол нутагт эрдэнэт хүн өөрийгөө шатааж олон нийтийг цочирдуулсан хэрэг гарсан. Шатахынхаа өмнө хэлсэн үгийг нь сайн задалж шинжилсэн мэдээ харагдахгүй байгаа ч ерөнхийдөө бизнесийн биш улстөрийн мэдэгдэл хийснийг ажиглаж болно.

 

Энэ бүхний гол буруутан нь Шийдлийн нэртэй шидлийн засгийн газрын Ерөнхий сайд Сайханбилэгийн бодлого, Энхсайханы явуулга, Баярцогтын гардан гүйцэтгэсэн ажлын үр дүн гэж үзэж байна. С.Эрдэнэ
 
Өнөөдөр Монголчууд бид эв нэгдлийг эрхэмлэх ёстой. Гэхдээ энэ бүхний явуулгаар монголын ард түмэн хохирох ёсгүй. Засгийн газар огцрох ёстой, энэ компанийн хариуцлагүй удирдлагуудыг огцруулах ёстой гэдэг улс төрийн шинжтэй шаардлагаа гаргаж тавьж байна. С.Эрдэнэ
 
Би төр улс, тусгаар тогтнолын төлөө чамгүй зүтгэж ирсэн. Цаашид ч тэмцэнэ, шатах ёстой бол шатъя. С.Эрдэнэ

 

Гэхдээ бид ард түмэн, улс төр, тэмцэл, тэр энэ хувь хүн ярихаасаа өмнө зүгээр бизнес гэдэг утгаар нь, нэгэнт дэлхийд томхон борлуулалт хийж байгаа цорын ганц салбар гэдэг утгаараа уул уурхай олон улсад ямар байдалтай байгааг эхлээд бодитоор харах хэрэгтэй. Өмнөд хөршийн нүүрсний хэрэглээ энгийнээр хэлбэл гурван хүрз тутмын нэгээр багасч, зөвхөн манайд төдийгүй, Австрали Индонез зэрэг бусад экспортлогчдийн хувьд ч уналт үргэлжилж байна. Энэ нийтлэлээр хүргэсэн зарим баримтыг дахин хүргэе.

 

  • АНУ-д УУ салбарын ажиллах хүчний тоо 9 сар дараалан буурч, есдүгээр сард дахин 10300 хүн ажлын байргүй болов.
  • Хагас жилээр 3,01 тэрбум долларын алдагдалтай гарсан Их Британийн Anglo American ажилчдын 35 хувийг буюу 53000 ажлын байрны цомхотгол хийх төлөвтэй.
  • Австралид нийт уул уурхайн мэргэжилтнүүдийн 16,2 хувь нь ажилгүй байгаа нь 2012 оны 1,7 хувиас бараг 10 дахин өссөн дүн юм. Өнгөрсөн онд энэ тоо 12,2 хувь байв.
  • Австралид төмрийн баяжмалаар мэргэшсэн мэргэжилтнүүдээс 4 хүн тутмын нэг нь ажилгүй байна.
  • Австралийн хувьд уул уурхайн салбарын ажилгүйдэл ерөнхий индексээс даруй 3 дахин их байна.  
  • 2012 оны 8 сард 274 мянга гарч оргилдоо хүрсэнуул уурхайн салбарын ажил эрхлэлт 3 жилийн дотор 50 мянга орчим ажлын байраа алдаад байна. 
  • 2008 оноос хойш Хятадад хамгийн том нүүрс экспортлогчийн нэг болсон Австралийн уул уурхайн салбарт 2017 он хүртэл ажил олголт эргэн сэргэх төлөвгүй гэгдэж байна
  • БНХАУ-ын хувьд дулааны нүүрсний хэрэглээ 2015 онд өмнөх оноос 32 хувь багасч 157 сая тонн болох урдчилсан төлөвтэй.

Хоёрт,  макро түвшинд салбарын нөхцөл байдлыг баримжаалсны дараа  микро түвшинд буюу компанийн өөрийнх нь ашиг орлогын үзүүлэлт ямар байгааг харах ёстой. Доор графикт ЭТТ компанийн шилэн данс, улирал тутмын тайланд мэдээлснээр энэ оны 3 дугаар улирал хүртэлх зарим үзүүлэлтийг борлуулалтын орлогод харьцуулсан хувийг харуулж байна.

 

 

 

Олон улсад тасралтгүй унаж байгаа хүний нөөцийн зардлын хувь өмнөх улиралтай харьцуулахад эсрэгээрээ өсөж 4,3 хувь болсон байгаа нь хасах ашигтай гарсан энэ компани эсрэгээрээ “бизнеслэг” биш “ард түмэнлэг”  ажиллаж байгааг харуулна. Удирдлагаас нь Өдрийн Сонинд өгсөн ярилцлагыг үзвэл эх орон ард түмний асуудал сөхөж байгаа ажилчдад ЭТТ 14 сарын турш цалингийн 60 хувь, 700-900 мянган төгрөг тогтмол олгож ирсэн аж.  Оны эхний улирлаар 69 хувь хүртэл буусан борлуулалтын өртөг 91 хувь давахад нөлөөлсөн хүчин зүйлсэд ч анализ хийх шаардлагатай. Тэгж байж удирдлага сайн муу, халах солихыг шийдэх ёстойгоос биш хэн нэг нь хэний ч хатгаасаар юм бэ хэдэн хүний нэр хэлээд хайран амь биеэ галдан шатаагаад сольчихдог бол энэ улсад бизнесийн ирээдүй түй ч алга. Компани нь нийгмийн баялгийн гол зүтгүүр гэдэг утгаараа ашигт ажиллагааны төлөө хүний нөөцийн тоо хэмжээ зэрэг зарим хэцүү шийдвэрийг гаргаж байж амьд үлддэг, нэн ялангуяа макро орчин таагүй байхад.

 

Бидний монголчууд уул уурхай гэлтгүй ер нь бизнесийг ард түмэнтэй холиод байдаг нь түүхэн шалтгаантай болов уу. Өнгөрсөн нэг зуунд бизнесийн эзэн нь төр, үйлчлүүлэгч нь ард түмэн байв. (сүүлийн үед коммунизм нь тендер гэдэг нэртэй болсон). Одоо гэхдээ цаг өөрчлөгдөж, бид сэтгэлгээгээ өөрчлөх цаг болжээ. Угийн өрсөлдөх чадваргүй хэдхэн салбараа улстөр популизмын дөнгөнөөс чөлөөлөхгүй бол ямар ч дөнгөгүй, дарамтгүй орчинд өсөж хүчирхэгжсэн бусад улсын компаниуд ашигтай ажиллаж хуримтлуулсан хөрөнгөөрөө манай бизнес, баялгийг авахаар орж ирэх явц зогсохгүй. Тийм явцаас хэн хожих вэ, ард түмэн үү? Уг нь бизнес чинь хүний төлөө ашиг орлоготой ажиллах механизм болохоос ард түмний төлөө улстөр биш, гал өрдөх шүдэнз бүр ч биш.

 

Эх сурвалж : @bolushka trends.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
эрдэнэд эрүү үүсгэ
2015-11-19
Уншигч:
Сайханбилэг маш буруу үлгэр дууриал үзүүлж өөрийгөө шатаагч-ийг дэмжсэн. Ардчиллын анхны өлсгөлөнгийн араас хичнээн ч өлсгөлөн болов, түүн шиг өөрийгөө шатаагчдын жагсаалт удахгүй хөвөрнө. Аль нэг ажил нь дампуурч байгаа байгууллагын өмнөөс өөрийгөө шатааж өгч үйлчлээд Солонгос явдаг ч юм бил үү...
2015-11-19
Хужуул:
Бас нэг этгээдийн захиалгат сэтгүүл зүй байх даа хөөрхий...
2015-11-18
IRGEN:
UYNGA GANBAATAR POPULISTUUD ULS ORNII BISSINES HIIJ BGAA HEDIIGEE BNGA AD UZHIIMAAA HEDEN BUSSINES BAIGUULAGUUDAAA BUYNII BAIGUULAGA SHIG L AJILUULAH GED BGAAM UUU.ENE ZAH ZEELIIN NIIGEM SHUUUUUUUU
2015-11-18
Уншигч:
Сайханбилэг маш буруу үлгэр дууриал үзүүлж өөрийгөө шатаагч-ийг дэмжсэн. Ардчиллын анхны өлсгөлөнгийн араас хичнээн ч өлсгөлөн болов, түүн шиг өөрийгөө шатаагчдын жагсаалт удахгүй хөвөрнө. Аль нэг ажил нь дампуурч байгаа байгууллагын өмнөөс өөрийгөө шатааж өгч үйлчлээд Солонгос явдаг ч юм бил үү...