Долоон настай хүү осолджээ
2015-11-19

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Дамбадаржаагийн 16 дугаар хорооны байрны хойд замд хүүхэд зам тээврийн осолд өртжээ.  Т.Vitz маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 7 настай эрэгтэй У-г мөргөж гэмтээсэн байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Өчигдөрхөн хичээлээ тараад найзуудтай шуугилдан явсан долоон настай сурагч зам тээврийн осолд өртөж, бие махбод, сэтгэл санааны юугаар ч нөхөж болошгүй хохирол амсав. Өнгөрөгч хоногт нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд зургаан хүүхэд өртөж, хохирсон. Тэдний дөрөв нь сурагч байсан бол хоёр нь цэцэрлэгийн насны хүүхэд байжээ.

 

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг Замын цагдаагийн газраас мэдээлж, анхааруулж байна. Үүнд осол хэрэг гаргасан жолооч нараас гадна хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хариуцлагагүй байдал нөлөөлж байгаа юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид олонх тохиолдолд харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

 

"Миний хүүхэд сургууль, гэр хоорондоо чөлөөтэй явчихдаг юм" гээд гэртээ хүлээгээд сууж байгаа, хүүхдээ сургуулиас нь авах завгүй гээд гүйж яваа эцэг, эхчүүдээ хүүхдээ анхаар. Үр хүүхдээ эрүүл энх өсгөх нь эцэг, эхийн үүрэг биз дээ. Хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхад эцэг, эхчүүд болон бүх шатны боловсролын байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байгааг өдөр бүр нэмэгдэж буй зам тээврийн осолд өртсөн хүүхдийн ослын тоо сануулж байна.

 

Уул нь өнгөрөгч есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан нь зам тээврийн осолд хүргэсэн бол эцэг, эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын удирдлагад арга хэмжээ тооцно гэж заасан. Гэвч эцэг, эх, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг хариуцлагыг өндөржүүлэхээр оруулсан хуулийн энэ заалт бодит амьдрал дээр төдийлөн биелэлээ олохгүй байгаа юм. 

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
z:
yagaad huuhduudee harah hungui yabuulaad bdgiin bee
2015-11-19