Хөгжлийн бодлого төлөвлөлтийн төслийг байнгын хороонд шилжүүлэв
2015-11-19

Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр /2015-11-19/-ийн нэгдсэн хуралдаан ажлаа эхэллээ.

 

 

Дээрх тогтоолын төслийг баталсны дараа  Улсын Их Хурлын гишүүд Шүүх байгуулах тухай хуулийн 1,2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Цэцээс гаргасан дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар тус тус танилцууллаа.

 

 

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргажээ.

 

 Үндсэн хуулийн цэц эдгээр заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр дүгнэлт гаргасан байна.

 

Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль батлагдсан, шүүхийн одоогийн зохион байгуулалтыг өөрчлөх хөрөнгө, төсөв байхгүй, түүнчлэн Монгол Улсад захиргааны хэргийн давж заалдах шатны дагнасан шүүх 2003 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа нь эрүүгийн хэргийн болон иргэний хэргийн давж заалдах шатны дагнасан шүүх байж болох үндэслэлийг бий болгож байгаа тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байх нь зүйтэй бөгөөд Цэцийн их суудлын хуралдаанд шаардлагатай холбогдох баримт материалуудыг бэлтгэж, Цэцэд гаргах тайлбараа сайн боловсруулах, Цэцээс гаргасан дээрх дүгнэлт нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг харуулж байна, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхийн үндсэн тогтолцоонд Шүүх байгулах тухай хуулийг нийцүүлж аймаг бүр давж заалдах шатны, дүүрэг бүр анхан шатны шүүхтэй байх нь зүйтэй тул Цэцийн дүгнэлтийг хүлээж авах шаардлагатай зэрэг саналууд гаргаж байжээ.

 

Хэлэлцэж буй асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжиж  улмаар зохих тогтоолын төслийг баталлаа.

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг асуудлаарх Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын Байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд түүнтэй холбоотой асуулт тавьж саналаа илэрхийллээ.Үндсэн хуулиар баталгаажсан, иргэд, эрдэмтэн, мэргэжлийн хүмүүсийн саналыг тусгасан эдийн засгийн хөгжлийн бодлого  урт настай, тогтвортой байхыг тэмдэглэхийн сацуу  улс төрийн хүчнүүд хөгжлийн чиглэлийн баримт бичигт тулгуурлан өөрсдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж цаашид баримталж байх,  хөгжлийн бодлогын төлөвлөлтийг алдаагүй үндэслэлтэй төлөвлөх,  урт, дунд, богино хугацааны хөгжлийн төлөвлөлтийг хооронд нь уялдуулж зохицуулсан байх, энэ бодлого бусад хөгжлийн бодлоготой  нэгдмэл, цогц, залгамж чанараа хадгалсан  байх, хөгжлийн бодлого нь санхүү, эдийн засгийн боломжид тулгуурласан, хэрэгжилтийг хангах эдийн засгийн болон хууль зүйн хөшүүрэгтэй байх зэрэг асуудлыг асуулт тавьж саналаа илэрхийлэхдээ Улсын Их Хурлын гишүүд чухалчиллаа.

 

 

 

Дараа нь гишүүд  Байнгын хороодоос гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулав.

 

Тухайлбал, Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтийг, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн жилийн эцсийн хэрэгжилтийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан хугацаанд Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлнэ, Бүсчилсэн хөгжлийн бодлогыг Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай, Хот байгуулалтын тухай хуультай уялдуулан боловсруулна, Төрийн захиргааны төв байгууллагын боловсруулсан хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл нь урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигтэй нийцэж байгаа эсэх, түүнд тусгагдсан төсөв, санхүүгийн тооцоолол, санхүүжилтийн эх үүсвэрийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно, энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн зэрэг  өөрчлөн найруулах буюу өөрчлөх саналын томьёолол олонхын дэмжлэг авч төсөлд тусгагдахаар болов. Үүнээс гадна энэ хууль батлагдсантай холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж батлуулах санал дэмжигдлээ.

 

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай  болон холбогдох бусад хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.

 

Чуулганы үдээс өмнөх хуралдаан үүгээр өндөрлөв  гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин