Ч.Өнөрбаяр тогтоолын төсөл өргөн барилаа
2015-11-19

 

Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх  үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр  УИХ-ын дарга З.Энхболдод дахин өргөн барилаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэхүү тогтоолын төслийг анх 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлж байсан ч тодорхой бус шалтгааны улмаас УИХ-ын гишүүд уг хөтөлбөрийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр уг төслийг буцаасан юм. Үүнээс хойш тогтоолын төслийг төгөлдөржүүлж, зарим өөрчлөлтийг оруулан ийнхүү дахин өргөн мэдүүлэв.

 

Монгол Улсад авлигын түвшинг бууруулах, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, нээлттэй, ил тод байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёсны үнэлэмжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн гарч байгаа билээ. Гэсэн хэдий ч авлигын асуудлыг улс төржүүлэхийг урьтал болгодог, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахгүй, ашиг сонирхлын зөрчил, авлигад өртөх өндөр эрсдэлтэй салбаруудад бодитой өөрчлөлт хийгдэхгүй, төрийн үйлчилгээний хүнд суртал чирэгдэл багасаагүй, хүртээмж муу, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны нээлттэй байдал боломжит түвшинд сайжраагүй, мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо хангалттай бүрдээгүй зэргээс үүдэн авлига түгээмэл оршсоор, нийгмийн тулгамдсан  асуудал хэвээр байгаа хэмээн үзэж Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх  үндэсний хөтөлбөрийг боловсруулсан байна.



Энэхүү хөтөлбөр батлагдсанаар авлигатай тэмцэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн үйл ажиллагаанд шударга, зарчимч байдлыг хэвшүүлэх, нийтийн албаны зөв зохистой тогтолцоог өнөөгийн шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх,  иргэд, олон нийтийн ёс зүй, ухамсар, сэтгэлгээг өөрчилж, зөв хандлагыг бий болгон төлөвшүүлэх, авлигын эрсдлийг бууруулах, эрсдлээс хамгаалах, хариуцлагыг сайжруулах талаарх төрийн бодлогыг тодорхойлж, энэ чиглэлээр хийж буй тэмцлийн үйл ажиллагаа үр дүнд хүрнэ хэмээн  төсөл санаачлагч үзжээ

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Тодорхой үр дүнд хүрэхээр л тогтоолын төсөл байна
2015-11-19
Зочин:
Ээн хөтөлбөр батлагдсанаар нийгэмд тэр тусмаа авлига, хүнд сурталд нилээн өөрчлөлтийг авчирна даа
2015-11-19
Иргэн:
УИХ-ын гишүүд уг хөтөлбөрийн төслийг хэлэлцээсэй билээ дээ. Энэ гишүүд ер нь өөрсдөө нийгэмд юу хэрэгтэй юу хэрэггүй мэдэхгүй байгаан бишүү хахах
2015-11-19
Иргэн:
Маш зөв хөтөлбөр боловсруулжээ. Өнөөгийн манай нийгэмд авлига болон төрийн үйлчилгээний хүнд суртал чирэгдэл багасаагүй харин ч нэмэгдсээр байна. Энэ үед Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж байгаа нь сайн хэрэг
2015-11-19
Нэргүй:
нээрээ л авлига түгээмэл оршсоор байна, нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байна хэзээ өөрчлөгдөх юм болдоо
2015-11-19