Ц.Цогтбаатар ”Чиндаогийн Гран при”-н салхийг хагална

Чиндаогийн Гран при тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 11:30 цагт эхэлнэ. Нийт 100.000 ам долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн 59 улсын эрэгтэй 237, эмэгтэй 142 нийт 379 жүдоч хүч үзнэ. Манай улсын 19 тамирчин Чиндаогийн Гран прин татамид барилдана.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг-ын жингийн барилдаанууд болно. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн А хэсэгт залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар баг тамирчдынхаа салхийг хагалан барилдахаар болжээ. Тэрбээр эхний тойрогтоо ОХУ-ын тамирчин Дмитрий Куликовтой барилдахаар сугалаа таарсан байна. Мөн энэ жинд хүч үзэх "Женко" клубийн тамирчин ОУХМ Ганболдын Хэрлэн Казахстаны Асхат Тельмановтой барилдахаар оноолт таарчээ.
Харин 66 кг-ын жинг "Хилчин" спорт хороо "Женко" клубийн тамирчин ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг тэргүүлэн барилдана. Тэрбээр эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Хятад, Польшийн бөхчүүдийн аль ялсантай нь хүч үзэх нь ээ. Түүнчлэн энэ жинд өрсөлдөх Женко клубийн бөх ОУХМ Батцэцэгийн Батгэрэл Казахстаны Сергей Лимтэй барилдахаар оноолт таарсан байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлэгч гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, БНХАУ, Кубын бөхчүүдийн хожсонтой хоёрдугаар тойрогт өрсөлдөхөөр болжээ. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн С хэсэгт Балжиннямын Бат-Эрдэнэ мөн эхний тойрогтоо хийлсэн бол ОУХМ Адьяасамбуугийн Цолмон БНАСАУ-ын Рим Сон-Симтэй барилдахаар сугалаа таарчээ.
Тэгвэл 57 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа эхний тойрогт Туркменстаны тамирчин Рушана Нуражавоватай барилдах бол Женко клубийн бөх ОУХМ Алтайн Батзул Люксембургийн бөхтэй хүч үзэх оноолт таарав.
Чиндаогийн Гран при тэмцээний медалийн төлөөх барилдаануудыг 17:00 цагаас Sport box HD, ETV HD, C1 телевизүүд эх орон даяар шууд дамжуулан хүргэх юм байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ