Монгол Улсын хөгжлийн замыг дардан болгохыг зорьсон
2015-11-20

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах  ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга  С.Оюун орж ажилласан. Түүнтэй Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах төслийн талаар ярилцлаа.

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах  ажлын хэсэг ямар зарчим барьж ажилласан бэ?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт эсэхийг судлах   УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай, цаг хугацаа нь болсон юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ үндсэн дээр парламентын засаглалыг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулах үүрэгтэй ажлын хэсэг УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар энэ оны эхэнд  байгуулагдсан.  Энэ ажлын хэсэгт парламентад суудалтай бүх намын төлөөлөл оролцсон. Мөн Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдахад эрх баригчид хүчин  парламентад суудалтай  улс төрийн хүчнүүдтэй хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ хамтын ажиллагааны гэрээний  нэгдүгээр зүйлд “Парламентын засаглалыг боловсронгуй болгох, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад хамтарч ажиллана” гэсэн заалт байгаа.  Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төсөл нь цөөн хэдэн гишүүдийн ярилцаад боловсруулсан зүйл биш.

 

Анхны  Үндсэн хуулийг боловсруулахад хэрхэн хэлэлцэгдэж байсан зэргийг ажлын хэсэг маш сайн судалсан.  Тэр үеийн болоод Л.Цог даргын ажлын хэсгийн дүгнэлт дээр нэлээд сууж  ажилласан.

 

Анхны  Үндсэн хуулийн төслийг өргөн барихад парламентын засаглалтай байя гэж депутатууд хэлэлцээд “Монгол Улс бол парламентын бүгд найрамдах улс мөн” гэж заалт оруулж байх санал гаргаж байсан юм билээ.  Гэхдээ үүнийг Үндсэн хуулиа батлахдаа тусгаагүй. Сонгодог онолоороо хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн засаглалын гурван салаа мөчир байдаг. Энэ гурван засаглал тодорхой хэмжээнд харилцан уялдаатай, харилцан бие даасан байдалтай явж байх ёстой. Засаглалын эрх үүргүүдийг   ойлгомжтой, тодорхой болгохоор ажлын хэсэг хэлэлцсэн.  Томилгооны, төсвийн, ялангуяа аж ахуйн шийдвэр гаргах эрхийг нь тодорхой болгож өгье.  УИХ бол өөрөө хууль тогтоох дээд байгууллага.  Тиймээс хууль тогтоох тал дээр илүүтэй төвлөрлөнө.  Мөн  гүйцэтгэх засаглалаа хянах, ард иргэдээ төлөөлөх  үүрэгтэй. Гэхдээ Засгийн газрын хийж, хэрэгжүүлэх зүйлийг заавал УИХ руугаа татаад хэлэлцээд байх хэрэггүй. Тиймээс Ерөнхий сайд нь өөрөө Засгийн газрынхаа танхимыг бүрдүүлж чаддаг байхаар тусгасан. Түүнээс биш сайд болгоныг нь УИХ-аар хэлэлцэн батлаад байх шаардлагагүй. Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалынхаа өдөр тутмын үйл ажиллагааг өөрөө шийдвэрлээд явах эрхтэй. Хэрвээ буруу, зөрүү бодлого гарвал парламент уг асуудлыг хянан хэлэлцэх эрх нь нээлттэй ч гэсэн Ерөнхий сайдад хуулиар эрх мэдлийг нь ойлгомжтой өгч байгаа. Хэрвээ огцруулах, итгэх, үл итгэх асуудал яривал зөвхөн Ерөнхий сайдыг авч хэлэлцэнэ. Сайд бүрийг хэлэлцээд байх шаардлагагүй. Харин Ерөнхий сайд танхимын багаар ажиллаж чадахгүй гишүүддээ өөрөө хариуцлага тооцон чөлөөлөх, томилох эрхтэй болгохоор тусгасан. Ер нь сонгодог парламентын засаглал энэ чиглэлд байдаг.

 

Ерөнхий сайдад парламентыг тараах эрх өгч ч болох


-УИХ 99 гишүүнтэй, бүрэн эрхийн хугацаа нь 5 жил байх заалтыг тусгажээ. УИХ бүрэлдэхүүнээ нэмж, хугацаагаа сунгачихаад өөрсдөдөө хүлээлгэх хариуцлага, хяналт байхгүй байна. Тухайлбал, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заал тусгагдаагүй байсан.

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд туссан 99 гишүүнтэй байх, бүрэн эрхийн хугацаа нь 5 жил байх зэрэг нь бүхий л хэвлэл мэдээллийн мэдээнүүдийн онцлох гарчиг болоод яваад байна. Энэ бол онцлох өөрчлөлт биш. Шаардлагатай бол энэ саналыг хэлэлцүүлгийн явцад  ажлын хэсэг татаж болно гэж би хувьдаа  бодож байгаа. Энэ бол нэг гишүүнд ногдох  хүн амын дэлхийн дундажаар үндэслэсэн. Хоёр сая гаруй хүн амтай байсан. Өнөөдөр 3 сая хүн амтай болж нэмэгдсэн.  Тиймээс үүнийг харгалзаж үзэх хэрэгтэй гэж ярилцсан. Жишээлбэл,  би 20 мянган хүн төлөөлдөг байсан бол өнөөдөр 30 мянган хүнийг төлөөлж байна. Нэг гишүүн ногдох хүн амын төлөөлөл нь нэмэгдэхээр тэр бүр  иргэндээ хүрч чадахгүй.  Өнгөцхөн харахад баахан гишүүн нэмэгдэж байгаа мэт боловч парламентын гишүүд нэмэгдсэнээр төлөөлж байгаа хүндээ хүрч чадна. Шийдвэр гаргалт дээр олон хүний санаа бодол тусч оролцоно. Ардчилал өөрөө зөв зүйтэй байхын тулд олон хүний, гишүүдийн санаа бодол тусах ёстой.

 

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт заавал Үндсэн хуульд байх албагүй. Өөр хуулиар зохицуулж болно. УИХ хариуцлага хүлээнэ гэдэг нь парламент тарах, тараахыг бас хэлээд байгаа юм. Тухайлахад нэг нам  УИХ-ын сонгуулиар олонхи боллоо.  Олонхи болсон нам нь Ерөнхий сайдаа томиллоо. Ерөнхий сайд нь намынхаа мөрийн хөтөлбөр, амласан амлалтуудаа хэрэгжүүлэхийн төлөө явна. Гэтэл Ерөнхий сайдын ажлыг УИХ нь хийлгэхгүй, хэрэгжүүлэхгүй байгаа бол  УИХ тараад ,ард түмэн дараа нь хэнд саналаа өгөхөө шийднэ гэсэн санаа цаана нь байдаг юм байна. Гэхдээ дөнгөж сонгогдонгуутаа Ерөнхий сайд парламентаа ганц жилийн дотор тараагаад байж болохгүй. Тодорхой заасан хугацаа байдаг юм билээ.

 

 

-Хэрвээ Ерөнхий сайдад парламентыг тараах эрх өгчихвөл сонгодог парламентын засаглал гэхээсээ сонгодог гүйцэтгэх засаглал тал руугаа хэлбийчих юм биш үү? Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг  гүйцэтгэх засаглалаа удирдах явуулах боломжийг бүрдүүлсэн байсан.

-Үүнийг ажлын хэсгийнхэн бодолцсон. Ерөнхий сайдад дэндүү их эрх мэдэл өгчихвөл парламент тогтворгүй болох вий гэсэн болгоомжлол байсан.  Сонгууль бүрийн дараагаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгддөг, ялсан улстөрийн хүчин нь өөрийнхөө хүмүүсийг оруулах, томилохын тулд нэрнээс нь эхлээд бүтцийг өөрчилж, тогтворгүй байдал үүсгээд байдаг. Тийм учраас Үндсэн хуулинд Засгийн газрыг 9 яамтай байлгахаар заасан. Дээр нь 3 хүртэл тодорхой асуудал хариуцсан яамгүй сайд байж болохоор оруулсан. Мөн Засгийн газрын гишүүнийг томилох асуудалд “давхар дээл”-ний асуудал маргаан тарьдаг. Үүнийг зохицуулж, 3/1-ээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт орсон.  Цаашдаа төрийн албан хаагчийн үйл ажиллагааг тогтвортой байлгах талаар  ч Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан.

 

Тодорхой эрх мэдлийг нь өгч байгаа ч гэсэн эрхийг нь дутуу өгсөн байна гэж зарим судлаачид хэлсэн байна лээ. Жишээлэхэд судлаач О.Машбатын хэвлэлд өгсөн ярилцлагыг уншихад “Эрх мэдлийг өгөх нь өгч. Гэхдээ дутуу өгсөн байна. Ерөнхий сайд УИХ-аа тараах эрхтэй байх ёстой. Өөрөө сонгуулиа зарлах эрхтэй байх хэрэгтэй" гэсэн байна лээ. Нэгэн талаас эрх мэдлийг нь өгч байгаа юм шиг боловч парламентад тэр хүнийг огцруулах эрх нь байгаа.

 

Ажлын хэсэг дээр Ерөнхий сайдад эрхийг нь өгөхдөө үүнийг ярилцсан. Гэхдээ УИХ-ыг тараана гэдэг маш том эрх болчихож байгаа учир наанатай цаанатай бодолцсон. Ажлын хэсэг төслөө боловсруулаад УИХ-д өргөн барилаа. Одоо хэлэлцүүлэг эхэлнэ.  Ард түмнээр, УИХ-аар хэлэлцүүлэг өрнөнө.  Засаглалтай холбоотой хэлэлцүүлэг эхэлж байгаа нь өөрөө маш чухал зүйл. Яагаад Монгол Улс 24 жил шинэ Үндсэн хуулиар явчихаад Засгийн газар, сайд нар нь дандаа огцорч байдаг юм. Яагаад бодлого нь тогтвортой биш гэж шүүмжүүлж байдаг юм. Гадаад нь ч, дотоод нь  ч шүүмжлээд бодлого нь тогтворгүй гэж шүүмжилдэг. Жишээлэхэд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн  дөрвөн сард хаврын чуулган эхлэхийн  өмнөх өдөр, ням гарагийн орой олон нийтэд хандан МҮОНТВ-ээр үг хэлсэн.  Засгийн газар ямар ямар ажлыг хийхээр төлөвлөж,  шийдэх гэж байгаагаа маш тодорхой зарласан. Харин маргаашаас нь эхлээд  Ерөнхий сайдын том том зорилтууд гацаад, өнөөдөр гэхэд дийлэнх нь хэрэгжээгүй байна. Энэ нь Үндсэн хуулинд байгаа гол асуудлуудыг хэлээд байгаа зүйл. Давхацсан эрх үүрэг энэ салаа мөчрүүдэд  их байгааг өөрчлөлтөөр зохицуулсан. Хэлэлцүүлэг явагдаад, хүмүүс сайн мууг нь шүүж хэлэлцэж байгаа нь сайн хэрэг. Ерөнхийлөгчөөс ажлын хэсэгт ирүүлсэн саналд хэлэлцүүлгийг маш  сайн өрнүүлэх хэрэгтэй гэсэн байсан. УИХ-д өргөн барьж байна гэдэг нь шууд батлуулна гэсэн үг биш. Хэлэлцүүлэг өрнүүлэхийн эхлэл юм.

 

-Ерөнхийлөгчийг парламент болон ИТХ-ын дарга нараас сонгоно гэж төсөлд заасан байсан. Энэ нь тухайн Ерөнхийлөгчийн сонгуулийн жил аль нам олон суудалтай байна, тэр намын нэр дэвшигч сонгогдоод явах боломж бүрдэх юм биш үү?

-Парламентын засаглалтай орнуудад Ерөнхийлөгчийн тодорхой эрх үүргүүд байдаг. Энэ хүрээнд нь тусгасан заалт. Улс орныг авч явах гол эрхэм нь парламентын засаглал, түүний Ерөнхий сайд гэж үзэж байгаа бол “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн гэж заасан байдаг. Тиймээс  заавал  ард түмнээсээ сонгогдоод байх албагүй өргөтгөсөн Их хурлаар шийдье гэж ярилцсан.  Мэдээж одоо хэлэлцүүлгийн явцад хүлээж авах үгүй нь шийдэгдэнэ.

 

-Сумын Засаг даргыг иргэд өөрсдөө сонгох санал нэлээд шүүмжлэлд өртөж байна. Суманд ах дүү хамаатан садан, танил тал олонтой, бэлтэй нь сонгогдоно гэж?

-Сумын Засаг даргыг орон нутгийн иргэд өөрсдөө сонгодог байя гэдэг заалт ИЗНН-ын мөрийн хөтөлбөртэй нийцэж байгаа.  Бид 2000 онд анх мөрийн хөтөлбөрөө боловсруулж байхдаа  энэ санааг дэвшүүлж байлаа. Засаг дарга нарыг иргэдээс шууд сонгодог байя. 2000-4000 мянга хүн амтай сумын иргэд өөрсдөө Засаг даргаар хэнийг сонгохоо мэднэ. Хэн манай сумыг аятайхан аваад, хөгжүүлээд явчиж чадах вэ гэдгээ мэднэ. Нам, намаас Иргэдийн хурал нь бүрдээд, дундаасаа Засаг даргаа сонгоод дуусахгүй намчирхал яваад байгаа.  Тийм учраас нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага өөрөө өөрсдийгөө удирдах гэж байгаа болохоор заавал намчирхаад яах вэ гэдэг санаа гарсан юм.  Харин аймаг, хотын Засаг даргыг Ерөнхий сайд нь шууд томилж байхаар заасан. Хот бол эдийн засгийн том бүтэц. Тиймээс нэгдсэн удирдлага, нэгдсэн тогтолцоотой байхын тулд аймаг, хотын даргыг шууд сонгоё гэсэн заалт оруулж байгаа.  

 

Хотын статус заавал байх ёстой гэсэн дүгнэлтийг судлаачид гаргаж ирсэн байдаг. Үүнийг хуулийн төсөлд оруулж өгсөн. Улаанбаатар хотоос гадна Эрдэнэт, Дарханыг хотын статустай болгосон. Энэ мэтээр сүүлийн 20 гаруй жилд үүсээд байгаа засаглалын, шийдвэр гаргалтын зөрчилтэй тогтворгүй байдлыг засч, залруулах шийдэл гэж бодож байгаа. Цаашдаа Монгол Улсын хөгжлийн замыг илүү дардан болгож байгаа өөрчлөлтүүд гэж бодож байна.

 

Нийгэмд хэлэлцүүлэг сайн өрнүүлэх хэрэгтэй


-Шинэ Үндсэн хуулийг шилжилтийн үеийн хууль одоо өөрчлөлтийг хийхдээ эдийн засаг дээр суурилуулмаар байна гэж гишүүд ярьж байсан. Энэ талаар?

 

-Шинэ Үндсэн хууль бол муу хууль биш маш сайн хууль. Үндсэн хуулинд заавал бүх зүйлийг нь өөрчлөөд хөндөөд байх шаардлагагүй.  1992 онд батлагдсан Үндсэн хууль бол маш сайн хууль. Хуулин дотроо баахан өөрчлөлт хийгээд, хөдөлгөөд байх шаардлагагүй. Зөвхөн парламентын засаглалаа илүү боловсронгуй болгох,  сонгодог парламент руу ойртуулах өөрчлөлтийг хийе гэж бодсон.  

 

 

-Та 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт хийхэд ажлын хэсгийн бүрэлдүүнд байж, оролцсон гишүүдийн нэг. Энэ өөрчлөлтийг зарим судлаачид шүүмжилдэг. Таны хувьд шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?

-Судлаачид “дордохын 7 өөрчлөлт” гэж ярьдаг юм. Харин юуг нь дордуулсан нь юм гэхээр хэлдэггүй. Тухайн үедээ өөрчлөгдсөн заалтууд дордуулах биш харин нь ч өнөөг хүртэл сайн хэрэгжиж байгаа. Шийдэх ёстой асуудлуудыг шийдсэн гэж би боддог. Жишээлбэл УИХ-ын чуулганы хуралдааны ирц гишүүдийн 3/2-ын хүчинтэйд тооцогддог байсан. Үүнийг ардчиллын зарчмаар 50+1 болгож өөрчилсөн.  Ялсан нам нь Ерөнхий сайдаар томилох өөрийнхөө хүнийг дэвшүүлэхэд Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй байсан. Энэ нь сонгодог парламентын жишиг зөрчсөн зүйл байлаа. Үүнийг өөрчилсөн. Дээр нь нууц санал хураалт явуулдаг байсан. Нууц санал хураалтын цаана улс төрийн хор явагддаг. Тиймээс санал хураалтыг  ил болгосон.  Энэ бүх өөрчлөлт зөв шийдэл болсон гэж бодож байгаа.

 

Тэр үед хэлэлцүүлэг олигтой явагдаагүй нь үнэн. 2000 онд МАХН /одоогийн МАН/ хэт олонхи байсан. Тухайн цаг үе нь ч иргэний нийгмийн хэлэлцүүлэг явагддагүй үе байлаа. Харин одоо бол цаг үе өөр болсон. Тиймээс л ард нийтийн санал асуулга явуулъя гэж байгаа.  

 

-Ажлын хэсгийн зарим гишүүд санал нийлээгүй.  Гарын үсэг зурсны дараа зарим заалт нэмэгдсэн байна гэх үл ойлголцол гараад байгаа. Яагаад төсөлд зарим зүйл нэмэгдэж хасагдсан юм бол?

-Ажлын хэсгийнхэн бүх зүйл заалт дээр 100 хувь санал нийлнэ гэж байхгүй. Дундажаар 70-80 хувийн саналаар санал нийлээд төслөө өргөн барьж байгаа. Жишээлбэл УИХ-ын дэд дарга Л.Цог прокурортой холбоотой зүйл заалт дээр санал нийлэхгүй байсан. УИХ-ын гишүүн Л.Болд “орон нутагт нам заавал байх ёстой. Хүссэн ч хүсээгүй ч улс төрийн намаар дамжуулж бодлого хэрэгждэг” гэсэн. Бусад асуудлаар санал нийлсэн.  

 

-Цаг хугацааны хувьд хэлэлцэж амжих уу? Цаг тулган өргөн баригдаж байна гэсэн шүүмжлэл бий.

-Цаг хугацааны хувьд эрт өргөн барьсан бол хэлэлцэх хугацаа байх байсан боловч ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сард байгуулагдсан. Өмнө нь  УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг судалгаа явуулсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийн хувьд  өргөн барих боломжоо бүрдсэн үе нь энэ. Үүнээс өмнө бид маш шахуу, судалж шинжлэх зүйл ихтэй, хуулийн төсөл дээр ажилласан. Ямар ч байсан  судлаач, шинжээч, иргэдэд нийгэмд нээлттэй хэлэлцүүлэг эхэлж байгаа нь чухал.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
гишүүдийн тоог нэмэхгүйгээр хариуцлага, ухамсар, ур чадвар,мэдлэг, Эх орноо гэсэн сэтгэлийг л нэмэгдүүлмээр байна, хуучин нийгмийн үед 11 хүн удирдаад болж л байсан, энэ нийгэмд 76 хүнтэй ч улс орон хөгжихгүй байна.
2015-11-21
Оюун:
Оюун Монголоо ечуухэн ч мэдэхгуй тоох ч угуй Оерее л болж байвал болдог хун Гадаадынхны гар хел бяолоход хэзээд бэлэн Одоо мнгенд нугасгуй дуртай болсоН
2015-11-21
zochin:
OUYN DORNODOOS 10 GARIU JIL GISHUUNER SONGOGDLOO . DORNODIIN TAL NUTAG TOSOND BULHAIJ ARD TUMEN NI HYATADUUDAD DOROMJLOGDOJ MONGOLIIN ASHIGT MALTMAL GADAGSH HEDEN ZUUN SAY TONNOOR ZOOGDOJ BAIHAD SAIN MUU ALI CH TALAAR DUUGUI BNA TA UGEE HELEH CAG BOLOOGUI UY
2015-11-21
нийтлэлч:
Судлаачид ДОРДОХЫН ГЭЖ ЯРЬДАГ Л ЮМ ЮУГИЙ НЬ ДОРДУУЛСНЫГ ХЭЛЖ ЧАДДАГГҮЙ гэнээ За арай ч ингэж олон түмнийг эргүү тэнэгт оруулан дуудаж болохгүй Та нар ухаантай судлаачид нийтлэлчид мулгуу тэнэгүүд хов живчид болж таарч байнаа даа Эсвэл энэ хүүхэн юу ч уншдаггүй юу ч мэддэггүй юмуу бүр гайхчихлаа
2015-11-20
Зочин:
OYUN GUAI ODOO TA BOLIOROI. MONGOLIIN ARD TUMEN TANIIG MASH IH ERHLUULLEE, TANIIG ARDCHILSAN NAMIIN DAGUUL HIIGEED YAVJ BAI GEJ OLON UDAA SONGOOGUI
2015-11-20
Puuh:
Iim hudalch hun gej baidgaa Ee burhan mini!
2015-11-20