Мэдэгдэл
2015-11-20

 

Монгол Улсын эдийн засгийн өсөлт, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарыг Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх, нэмүү өртөг шингээсэн экспортыг дэмжих болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банк албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд  Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь улс төрөөс хараат бус байна хэмээн заасан байдаг билээ.

 

2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын Их Хурлын Байнгын Хорооны 01/02 дугаар бүхий тогтоолоор “Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдалтай танилцаж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий шалгалтын хамтарсан ажлын хэсэг”-ийг байгуулах тогтоол гарч ажлын хэсгийн удирдамжийг хавсралтаар баталсан байдаг. Ийнхүү заасан “олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн” ажлын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк нь зөвхөн санхүүжүүлэгчийн эрх үүрэгтэйгээр оролцдог.

 

Гэтэл Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгаж, улс төрийн шалтгаанаар ямар нэг үйл явдал өрнөж буй мэтээр олон нийтэд мэдээлэл цацагдаж байгаа нь Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь улс төрөөс хараат бус байна гэсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан зарчимд нийцэхгүй байгаа бөгөөд байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх ноцтой үр дагавартай байх тул буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн байгууллагаас Монгол Улсын Хөгжлийн банкны нэр хүндэд учруулсан хохирлыг нэхэмжлэхээс гадна холбогдох хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шалгуулах болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

Түүнчлэн холбогдох байгууллага, хариуцлагатай албан тушаалтанууд Монгол Улсын Хөгжлийн банктай холбоотой мэдээллийг цаг тухайд үнэн зөвөөр олон нийтэд ил тод мэдээллэж байна уу хэмээн хүсч, уриалж байна.

Shuud.mn
Сонин хачин