Ард нийтийн санал асуулгыг “сөрсөн” МАН

Чуулганы хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Харин энэ хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжээгүй. Тус намын бүлгийн цаашлаад Удирдах зөвлөлөөс чиглэл өгсөний дагуу ч юм уу уг төслийг дэмжихгүй байхаар нэгдсэн байр суурьт хүрсэн бололтой. Уг төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны болон өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад МАН-ын бүлгийн нэг ч гишүүн “Yes” товчлуур дарсангүй. Тиймээс л асуудалд хувь гишүүний биш багийн зарчмаар ханддаг тус намын байр суурь нөлөөлсөн биз. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг эсэргүүцсэн МАН Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулахыг ч мөн дэмжсэнгүй.
Ард нийтийн санал асуулга зохион байгуулах тухай тогтоолын төслийг анх МАН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн хавар буюу энэ оны дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьж байсан. Уг төсөлд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дурайтал гарын үсгээ зурсан байна. Сонгуулийн хуулийн холбогдох заалтаар ард нийтийн санал асуулгыг 8 тэрбумаар төсөвлөн явуулах тогтоолын төслийг боловсруулж байсан сөрөг хүчин өнөөдөр байр сууринаасаа ухарсан бололтой.
Ард нийтийн санал асуулга зохион байгуулахын тулд хуулинд нь өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн. 1995 онд батлагдсанаасаа хойш нэг ч удаа хэрэгжүүлээгүй Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг тухайн үеийн УИХ-ын сонгуулийн хуультай уялдуулан гаргасан байжээ. Түүнээс хойш удаа дараагийн Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулаагүй аж. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулахад нийт 68 гишүүн гарын үсэг зурсан байна.
“Ард нийтийн санал асуулга явуулах нь цаашдаа төр нь ард түмнээ сонсдог байх уу үгүй юу гэдгийг ярьж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ард түмнээс санал асуулга явуулах хуультай юм шиг хэрнээ хэрэгжих боломжгүй болсон байна. Ард нийтийн санал асуулгаар сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргах тухай Сонгуулийн хуулинд заачихсан байлаа гэж байгаа. Гэвч тухайн заалт нь тойргийн хорооны асуудал тусгагдаж, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн хэрэгжих бололцоог алга болгосон байна. Тиймээс өөрчлөлт оруулж байна” хэмээн хууль санаачлагч тайлбарлаж байна лээ.
Ард нийтийн санал асуулгын хуулийг баталснаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж санасны хэрэггүй гэдгийг гишүүн Ц.Нямдорж онцолж байсан.
Ямартай ч эрх баригчид МАН-тай зөвшилцөхгүйгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй шүү дэг үгээр ч, үйлдлээрээ ч сөрөг хүчин сөрөн харуулж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ