Хэт даврагчид зочид буудал барьцаалжээ
2015-11-22

Мали улсын нийслэл Бамако хотноо байрлах “Radisson Blu” гэх зочид буудлыг өчигдөр 7.00 цагийн орчимд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн гишүүд барьцаалсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хэт даврагчид дипломат дугаартай машин унаснаас гадна “АК-47 буугаар зэвсэглэсэн байсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Тэд буудлын хашаанд нэвтэрснийхээ дараа “Аллах” хэмээн хашгирч, буудлыг барьцаалсан болохоо мэдэгдсэн байна. Барьцаалагдсан буудалд ажилчид болон үйлчлүүлэгчид нийлсэн 127 хүн байжээ.

 

НҮБ-д суугаа Мали улсын төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгч Оливер Сальдаго “Буудлыг 10-15 хэт даврагч барьцаалсан. Тэд тун болгоомжтой хөдөлж байсан” гэсэн бол тус буудлын эзэн “Өглөөний цагаар зэвсэглэсэн хоёр этгээд буудал барьцаалж, гал нээсэн” гэж мэдээлжээ.

 

Буудлыг барьцаалах үед есөн хүн амиа алдсан бол чөлөөлөх ажиллагааны үеэр 22 хүн амиа алдсан гэнэ. Амиа алдагсдын дунд Франц, Орос болон Малигийн иргэд байгаа гэнэ. Тус улсад суугаа ОХУ-ын элчин сайд Алексей Дульян “Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин