Парис: Салах Абдесламыг эрэн сурвалжилж байна
2015-11-22

Парисын цуврал халдлагын сэжигтэн Салах Абдесламыг Белги улсад эрэн сурвалжилж эхэлсэн талаар Францын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Белгийн цагдаа нар нийслэл Брюссель хотыг хамгаалалтад авч хүч нэмэгдүүлэн эргүүл хийж байна.  Эргүүл хийж буй цагдаа нар гал нээх зөвшөөрөлтэй байгаа хэмээн албаныхан мэдээлэв.

 

Салах Абдесламыг эрэн сурвалжилж буйтай холбоотойгоор тус улсын удирдлагууд 20.00 цагаас хойш ресторан, шөнийн клуб зэргийг ажиллахыг хориглосон байна. Учир нь дээрх террорист этгээд тэсрэх бөмбөг болон галт зэвсэгтэй байгаа хэмээн болгоомжилж байгаа юм.

 

Тус улсын удирдлагууд аюулгүй байдлын үүднээс иргэдээ оройн цагаар гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Тагнуулын мэдээллээр Парисын халдлагын дараа Салах Абдеслам нууцаар Брюссель хотноо нэвтэрч, сураггүй алга болсон гэв. Түүнийг Сири улс руу зугтахаар төлөвлөж байгаа гэжээ. Өнгөрсөн баасан гаригт түүний хамсаатан болох Абдельхамид Абааудыг устгасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин