Үндсэн хуулийг өөрчлөхийг нийтээр зөвшөөрүүлэх хэрэгтэй

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв буруу, цаг нь мөн биш гэх маргаан улстөрчдийн дунд төдийгүй нийгэмд өрнөж байна. Энэ сэдвээр УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.
-Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийг өөрчлөх гарцаагүй шаардлага бий. Энэ хуулийг өөрчлөх нь нийгмийг өөрчлөх үндсэн арга хэрэгсэл юм. 2012 оны шинэ чуулган эхлэхэд, “Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламентаар ярья.” гэсэн санаачилгыг гаргаж байсан. Тухайн үед дөнгөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлж байсан парламентад энэ санал санаачилга маань сонсогдоогүй юм шиг байгаа юм. Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх болсон нь хэд хэдэн шалтгаантай. 25 жилийн өмнөх систем өөрөө ажиллахаа больж байна. Намуудад өөрсдийнх нь амьдрах орон зай хумигдаж байна. Тиймээс өөрсдийн орших зайгаа хонхойлохын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаравчилж байгаа тал ажиглагдсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь нийгмийн том зөвшилцөл. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцож байж өөрчлөх ёстой. Одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг аймаг сум, салбар нэгж бүрийг хамруулсан 430 төлөөлөгч оролцож баталсан учир нийгэм хүлээн зөвшөөрсөн. Ингэхээр 430 депатутын хийсэн хуулийг 76 гишүүн өөрчилж болох уу гэсэн асуудал хөндөгдөнө. 1992 онд эцэг хуулийг боловсруулан батлахад манай улс 2 сая хүн амтай байсан. Одоо 3 саяулаа болчихлоо. Тэгэхээр 500-гаас доошгүй депутат энэ асуудлыг хэлэлцвэл хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн том гэрээ болж чадна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг би хувьдаа дэмжиж байгаа. Харин хэн хэрхэн өөрчлөх вэ гэдэг дээр бидний санал зөрж байна. Ард нийтийн санал энэ чиглэлд үүссэн маргааныг хагална гэж бодоод байгаа. Харин энэ парламентыг хүлээн зөвшөөрч байна уу, итгэл үзүүлэх үү үгүй юу гэдэг асуудал бол өөр хэрэг. Хэрэв итгэл үзүүлнэ гэвэл энэ парламент Үндсэн хуулиа батлаад өөрсдөө тарж болно. Үгүй гэвэл шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шинэ сонгуультай хамт хийх ёстой.
-Үндсэн хуулиа өөрчлөөгүй 100, 200 жил болсон орнууд байдаг. Тэр чинээгээр засаглал нь илүү тогтвортой байдаг гэдэг. Гэтэл манай улсад 10 жил ч болоогүй байхад дахиад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь буруу гэж үзэх хүмүүс байсан.
-Үндсэн хуулийг хэн дуртай нь өөрчлөх гээд байгаа юм биш л дээ. Өмнөх “дордохын долоо” гэж нэрлээд байдаг өөрчлөлт маргаан дагуулсан. Гэхдээ энэ нь өөр асуудал л даа. Өнөөдөр манай засаглал тогтвортой биш, парламент өөрөө Засгийн газраа томилдог, 25 жилийн турш нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй, улс төрийн намуудын талцал гээд энэ бүхэн яах аргагүй Үндсэн хуулийн системтэй холбогдоод байгаа юм. Тэгэхээр энэ системийн хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихаас өөр аргагүй. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхад, МАХН 72 суудалтай байхад засаглал харьцангуй тогтвортой байсан үе бий. Гэхдээ энэ тогтвортой бүтэц өөрөө эрх чөлөө ардчиллыг уландаа гишгэсэн, нэг хүний дарангуйлал хүчтэй байсан гэх мэт алдаа оноо байдаг. Засаг тогтворгүй байгаа нь бид зөвхөн дотоод улс төр, хэрүүл маргаандаа живээд гаднах ертөнцөл үл ойлгогддог, бидэнтэй томоохон хэмжээний гэрээ хийж болдоггүй гээд маш олон сөрөг үр дагаварт хүргэж байгаа. Ер нь 76 хүн ингэж олон юмыг мэддэг биш, нэг гарт харьцангуй төвлөрүүлэх зарчим руу төрийн өөрчлөлт явах ёстой гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг. Бидэнд хариуцлага хүлээдэг хүн хэрэгтэй байна гэдэг бол засаглалын хэлбэртэй л зайлшгүй холбоотой.
-Үндсэн хуулинд хийсэн өмнөх өөрчлөлтийг та хүлээн зөвшөөрдөг үү?
-Би энэ өөрчлөлтийн агуулгыг буруу гэж боддоггүй. Тухайн үед үүсч байсан зовлонгоос л үүдсэн өөрчлөлтүүд. Яахав буруу гэж яарьдаг хүмүүс байдаг. Гэхдээ зөв буруугаас үл хамаараад хуулийн процессийн алдаа маш их гарсан өөрчлөлт шүү дээ. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хүлээж аваагүй. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гээд УИХ шийдсэн. Гэтэл хууль зүйн утгаараа бол цэцийн шийдвэр хүчин төгөлдөр байдаг. Энэ асуудлаас үүдээд Үндсэн хууль хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй болчихоод байна. Ийм эмх замбараагүй нөхцөлд асуудлыг цэгцлэх шаардлагатай. Ингэхдээ нийтээрээ хэлэлцэж, хүлээн зөвшөөрөгдсөн хууль болох ёстой. Тиймээс Үндсэн хуулийг зөвхөн долоон өөрчлөлтийн хүрээнд хөндөхгүйгээр, төр, нийгмийн гэрээг хүлээн зөвшөөрч болж байна уу үгүй гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Ер нь Үндсэн хууль бүх түвшинд хэрэгжихгүй байгаа. Тухайлбал, газрын баялаг зөвхөн ард түмний мэдэлд байна гэсэн заалт байдаг. Гэтэл ард түмний мэдэлд байгаа нэг ч баялаг алга. Бүгд олигархиудын мэдэлд байна. Ард түмэн яаж ч эсэргүүцээд, мэдэлдээ авч чадахгүй байна гэх мэт олон асуудал бий. Энэ алдааг ярьж засах шаардлагатай байгаа юм. Долоон өөрчлөлтийн тухайд УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг томилохгүй гацаадаг байсан төрийн хямралын институтийг ямар нэгэн хэмжээгээр арилгаж хялбаршуулсан. Харин ирцийн тухайд бол ухралт гэж олон хүн хэлдэг. Заавал нийт гишүүдийн олонхиор хуралдаж асуудлыг шийддэг байсан бол ирсэн гишүүдийн олонхиор асуудлыг шийддэг болсон. Энэ нь илүү хялбарчилсан хувилбар байж магадгүй. Гэхдээ УИХ-ын гишүүдийн ажил бол зөвхөн хуралдаан суух биш. Тойрогтоо, гадуур ажиллах олон ажил байдаг учраас ирцийг хялбарчилсан хувилбарыг буруу гэж боддоггүй. Бид Үндсэн хуулийг сууриар нь хөндөж ярих засварлан, асуудлаа зангидаад явах хэрэгтэй. Гагцхүү олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай. Нийтээр зөвшөөрүүлэхийн тулд улс төрийн нам, парламентын зөвшилцөл хангалтгүй гэж би үзэж байна.
-Аль засаглалыг нь илүү гэж үзэж байна вэ?
-Юу гэж нэрлэх нь хамаагүй. Толгойтой эмхтэй, цэгцтэй, удирдлагатай байх нь чухал. Тэр нь Ерөнхийлөгч байхуу, эсвэл сая өргөн барьсан хувилбараар Ерөнхий сайд байх уу гэдэг нь өөр асуудал. Үүнийг хэлэлцүүлгийн явцад шийдэж болно.
-Үндсэн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөс аль аль заалтыг дэмжиж байгаа вэ?
-Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөгдсөн бүтцээр батлах ёстой. Одоогийн парламент өөрийнхөө түвшинд гишүүдийн тоог 99 болгоно гэвэл нийгэм яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй. Ийм ёс суртахууны эрх ч байхгүй. Миний хувьд гарын үсэг зурсан шалтгаан гэвэл. Нэгдүгээрт, би Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө 10 гаруй жил тэмцсэн. Миний тэр зорилго биелэх гэж байгаа учраас гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, энэ асуудал нийгмийн хэлэлцүүлэгт орж ирээсэй гэж бодсон. Хэрэв хүлээн зөвшөөрөгдөхгүй, гарын үсэг зурахгүй, өргөн баригдахгүй бол нийгмийн хэлэлцүүлэг рүү орж чадахгүй. Тиймээс сайн мууг нь ярилцаад, гишүүдийн байр суурийг ялгаж тодорхой болгоод яавал дээр юм бэ гэдэг хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй учраас би гарын үсэг зурсан. Харин өөрсдөдөө ямар нэгэн давуу боломжийг 76 гишүүн оруулаад байгаа учраас олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хуулийг өөрчлөх эрх бүхий бүтцийг бий болгох ажлыг энэ УИХ хийх ёстой гэдэг миний байр суурь бий. Үндсэн хуулийг батлах шинэ бүрэлдэхүүнийг батлах ёстой. Энэ батлагдсан бүрэлдэхүүн 430 депутатаас дутуугүй байх ёстой гэж үзэж байна. Бид тайван замаар өөрчлөх бүтцийг оруулж ирэхгүй л юм бол нийгмийг улам л хямрал, хагарал руу түлхэх болов уу гэж болгоомжилж байна.
-Таны энэ саналыг танай бүлэг хэрхэн хүлээж авч байна вэ?
- Би “Шударга ёс” эвслийн бүлэг дээр санал оруулна гэж бодож байна. Ганц гишүүний санал дэмжигдэхгүй биз дээ гээд орхихгүй. Би иргэний хөдөлгөөнд байхдаа л ийм санал, бодолтой байсан. Нийгэмд ямар нэг асуудал гаргалгүйгээр бие биенээ хүлээн зөвшөөрсөн арга замыг сонгох нь зүйтэй гэж би хувьдаа хараад байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ