Эйфелийн цамхагийг дэлбэлнэ гэв

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Францад дахин халдлага үйлдэнэ гэдгээ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид Эйфелийн цамхагийг дэлбэлж, олон мянган франц хүний аминд хүрэхээ сануулсан байна.
Нэгэн хэт даврагч арабаар “Хөөе Олланд. Бид тун удахгүй Франц улсад очих болно. Чи биднийг ялсан хэмээн мэдэгдэж буй ч бодит байдалд эсрэгээрээ. Францын цэргийн ажиллагаа ямар ч үр дүнгүй 0 хувьтай. Та бүхэн биднийг аюулд оруулж чадахгүй байна. Бидний эсрэг нэгдсэн барууны эр чи тун удахгүй хөөрхийлөлтэйгээр амиа алдах болно” гэж хэлжээ.
2009 онд дэлгэцнээ гарсан “GI Joe: The Rise of Cobra” кинонд Эйфелийн цамхаг нурж буйгаар гардаг билээ. Хэт даврагчид тус киноны Эйфелийн цамхаг унаж буй хэсгийг твиттертээ байршуулаад “Тун удахгүй ийм зүйл болно” гэсэн байна.
Бичлэгийн төгсгөлд “АНУ-ын Вашингтон, Нью Йорк хотноо цус урсах болно” гэж мэдэгджээ. Францыг хэт даврагчид дахин заналхийлж эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Олланд ард түмнээ тайван байхыг уриалжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ