Сонгуулийн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив
2015-11-25

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Х.Тэмүүжин нарын 5 гишүүний санаалчилсан нэг зүйл заалттай.

 

“Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлүийн 23.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж энэ талаар тухайлан зохицуулсан байна.

 

            УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасан нь төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрх, албан тушаалаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглан давуу байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон зохицуулалт юм. Гэвч уг зохицуулалтад төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг адилтган нэгэн адил шаардлага, шалгуурыг тавьж улмаар төрийн үйлчилгээний албаны гүйцэтгэх, туслах албан тушаал эрхэлж буй албан хаагчийн хувьд хувийн хэвшлийн ажилтантай харьцуулахад тэгш бус нөхцөл, хязгаарыг тогтоосон байна.

 

            Иймд дээр дурдсан нөхцөл шаардлагын УИХ-ын  сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан” гэдгийг танилцуулгад дурдлаа.

 

            УИХ-ын  сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчилжээ.

 

            Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын сонгуульд оролцогчдын эрх тэгш байдал хангагдаж, эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн чанар сайжрахаас гадна хууль хоорондын уялдаа хангагдаж хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл бүрдэх юм байна.

 

Энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг УИХ-ын гишүүн С.Баярцогт гаргасан юм. Байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар түүний гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдлээ.

 

Харин гишүүн Н.Батбаяр Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх горимын санал гаргасан. Түүний энэ санал  байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин