Туркийг эсэргүүцэн жагсав

Туркийн сөнөөгч онгоц Оросын байлдааны “Су 24” онгоцыг пуужингаар харваж, устгасны дараа Москва хотноо байрлах Туркийн элчин сайдын яамны гадна олон зуун оросууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Энэхүү жагсаалд 600 гаруй хүн нэгдсэн хэмээн орон нутгийн хэвлэлүүд уламжлав.
Жагсагчид Туркийн удирдлагуудыг албан ёсоор уучлалт гуйхыг шаарджээ. Мөн тус улсыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн гол түнш гэж жагсагчид буруутгасан байна. Жагсаал дөрвөн цаг үргэлжилсэн ч өнөөдрийг хүртэл хэсэг иргэн элчин сайдын яамны гадна суулт зарласан хэвээр байгаа гэнэ.
““Су 24” онгоц Туркийн хилийг зөрчсөн. Арван удаа анхааруулга өгч гал нээсэн ч Оросын онгоц ухрахгүй байсан учир пуужин харвасан” хэмээн Туркийн албаныхан мэдээлжээ.
Белгийн нийслэл хотноо өнөөдөр орон нутгийн цагаар 17.00 цагт “НАТО”-ийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын удирдлагууд хуралдаж, Турк болон Оросын дунд үүсээд буй хурцадмал байдлын талаар хэлэлцэх юм. “НАТО” болон Пентагон, Туркийн ажиллагааг “аргагүй хамгаалалт” хэмээн мэдэгдсэн байна.
Энэхүү мэдэгдлийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дургүйцлээ илэрхийлж “Тэдний ярьсан зүйл эсрэгээрээ байна. Тэд Орос, Туркийн онгоцыг харвасан мэт аашилж байна. Бид хэт даврагчидтай тулалдаж байх хойгуур Турк бидний ар нуруу руу хутгаллаа” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ