Цацагт хяруулд өршөөл үзүүлэв
2015-11-26

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр тэмдэглэх Талархлын баярын өдрөөр Цагаан ордны зоогийн ширээг чимэх ёстой байсан цацагт хяруулыг өршөөн хэлтрүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхийлөгч өөрийн охин Мали болон Сашагийн хамтаар цацагт хяруулыг өршөөжээ. Тэрбээр “Би өөрийн бүрэн эрх мэдлийнхээ төлөө чамайг үндэсний уламжлалт баярын зоог болох аймшигт хувь тавилангаас хэлтрүүлж байна” гэж хэлжээ. Түүнийг ийнхүү хэлэхэд охид нь инээдээ барьж дийлээгүй хэмээн “AFP” агентлаг мэдээлэв.

 

Талархлын өдрөөр зоогийн ширээг цацагт хяруулаар чимэх уламжлал 1947 оноос эхтэй юм. Энэ өдөр Америкийн Цацагт хяруулын үндэсний холбоо, Шувууны аж ахуй эрхлэгчдийн үндэсний зөвлөлөөс АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэнд цацагт хяруул бэлэглэж байжээ. 1963 онд Ерөнхийлөгч Жон Кеннеди уламжлалыг эвдэж анх удаа цацагт хяруулд уучлалт үзүүлсэн байна. 1989 оныг хүртэл цацагт хяруулыг шууд л Цагаан ордны гал тогоо руу илгээдэг хэвээр байжээ. 1990 оноос эцэг Буш анх цацагт хяруулыг албан ёсоор өршөөх зарлиг буулгажээ.

 

Цагаан ордны хэрэглэх цацагт хяруулыг Виржини мужийн Харрисонберг хотын ойролцоох Нэнси Миллер болон Крейгийн фермээс тусгай цуваагаар авчирдаг байна. Энэ фермд нийтдээ 43 мянган цацагт хяруул бий. Миллерийн гэр бүлийнхэн Цагаан ордны цацагт хяруулд өршөөл үзүүлэх ёслолд оролцдог байна. Өршөөл үзүүлэх ёслолын өмнөх хоёр шөнө цацаг хяруул хотын төвд хамгийн алдартай “W” гэх зочид буудалд тухалдаг гэнэ.  

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин