Сонгуулийн хуулийг баталлаа
2015-11-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Ингээд Х.Тэмүүжин нарын гишүүний өргөн барьсан  Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцуулсан юм. Уг танилцуулгад Сонгуулийн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан юм.  Гишүүд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг дэмжив. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй.

 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасан нь төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрх, албан тушаалаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглан давуу байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон зохицуулалт юм. Гэвч уг зохицуулалтад төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг адилтган нэгэн адил шаардлага, шалгуурыг тавьж улмаар төрийн үйлчилгээний албаны гүйцэтгэх, туслах албан тушаал эрхэлж буй албан хаагчийн хувьд хувийн хэвшлийн ажилтантай харьцуулахад тэгш бус нөхцөл, хязгаарыг тогтоосон байна.

 

Иймд дээр дурдсан нөхцөл шаардлагын дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчилжээ.

 

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцогчдын эрх тэгш байдал хангагдаж, эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн чанар сайжрахаас гадна хууль хоорондын уялдаа хангагдаж хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин