Эгийн голын УЦС “босно” гэдэг худлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн. Талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар харилцан тохиролцсон байна.
Зээлийн нөхцөлийн хувьд жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг тус зээлийн хөрөнгөөс санхүүжүүлэх юм байна.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1.0 тэрбум ам.долларын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зурж байгуулжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хариуллаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Өрийн босго хэтрэх үү. Нэг тэрбум ам.доллар гэдэг их мөнгө. Зээл бол зээл. Эгийн голын УЦС-т зориулах юм бэ?
-Хөнгөлөлтэй зээлийн хэмжээ 1 тэрбум. 20 жилийн хугацаанд эргэн төлөгдөнө. Эхний 7 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Нийт зээлийн 70 хувийг Эгийн голын УЦС-ыг барихад зориулна. 316 мВт-ын хүчин чадалтай. Монголын тал хатуу хучилттай зам, дэд бүтцийн асуудлаар шийдвэрээ гаргаад явж байгаа. Эгийн голын УЦС-ыг 6 жилийн хугацаанд барьж ашиглалтад орно. Төвийн эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төсөл. Эрчим хүчний салбарт олгогдож байгаа хууль Өрийн хязгаарт хамрагдахгүй.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Өрийн босго 58.3 хувь байгаа. Энэ зээл өрийн хэмжээнд хамрагдах уу? Эгийн голын УЦС-ыг барих асуудлыг олон жил ярьж байна.
-Эгийн голын УЦС бол УИХ-аар 3 удаа яригдаж байгаа. Энэ удаа ТЭЗҮ-ээ шинэчлээд, хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай юм байна гэж Засгийн газар үзсэн. Тийм учраас энэ зээлийн 70 гаруй хувийг Эгийн голын УЦС-д хийж байна.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-1 тэрбум ам.долларын зээлийн 70 хувь нь Эгийн голын УЦС барихад зарцуулж байна. Үлдсэн мөнгө нь ямар төсөлд зарцуулагдах вэ? Өрийн хязгаарт яаж нөлөөлж байна.
-1 тэрбум ам.доллараас 806 сая ам.доллар буюу 80 хувь нь Өрийн хязгаарт орохгүй. Нийт 120 сая ам.доллар нь өрийн хязгаарт орохоор байгаа. 2006 онд хийсэн Эгийн голын УЦС-ийн ТЭЗҮ 300 сая байсан, 2008 оны ТЭЗҮ 406 сая ам.доллар болсон. Хамгийн гол нь хүчин чадлын өсөлт байгаа юм. Дээр нь дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний тоног төхөөрөмж өссөн. Мөн эрчим хүчний тарифын үнэ хамаарч байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-1 тэрбум ам.доллар их том мөнгө шүү. УИХ-ын гишүүд унтаа байдлаасаа гараад үүн дээр анхаарах хэрэгтэй. Эгийн голын УЦС-д энэ мөнгийг авна гэдэг нь миний тооцоолж байгаагаар ашиггүй. 1.5 тэрбум ам.доллар их зүйл хийж болдгийг харуулсан ТЭЦ-IV-ийн хүчин чадлыг 70 сая ам.доллар, ТЭЦ-III хүчин чадлыг 40 сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Гэтэл 300 мгВатт-ыг 800 сая ам.доллараар сэргээнэ гэж байхгүй. Өнөөдөр тийм их хэрэгцээ шаардлага ч байхгүй. УЦС хэрэгтэй. Гэхдээ тэмээнээс илүү үнэтэй өртгөөр ийм зүйл хийвэл эдийн засагт хохиролтой. Энэ хэзээ босох вэ? Ямар хэмжээний мөнгийн үйлдвэрлээд хэзээ төлөх вэ? Өнөөдөр зээлийн ерөнхий хэлэлцээр л ярих ёстой. Түүнээс бус Эгийн голд авна гэж ярьж байгаа нь үндсээрээ буруу. Би их сургуульд үзсэн, ажлын туршлагаасаа харахад дэндүү өртөг өндөртэй зардал. 1 тэрбум ам.долларын зээл авах нь зөв. Гэхдээ Эгийн голд зарцуулахыг эргэж харах хэрэгтэй.
Эрчим хүчний сайд Д.Зоригт:
-Бид оргил ачааллынхаа үед ОХУ-аас 250 мгВт хүчин чадалтай эрчим хүчээр авдаг. Жилийн жилд тарифын үнэ нэмэгдээд байгаа. Энэ станц баригдвал хамгийн хямд, тогтвортой УЦС болох юм. Ийм учраас л Засгийн газар дээр хэлэлцээд ярьсан. Эгийн голын УЦС 6 жилд баригдана. 20 жилийн зээлийн хугацаанд улсын төсөв, татвар төлөгчийн нуруун дээр ачаалал ирэхгүй. Техникийн хувьд бэлэн болсон.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
Эгийн голын УЦС босно гэдэг, 11 жилд өртгөө нөхнө гэдэг худлаа. Д.Зоригт сайд энэ талаар ойлголт муу байна. Улс оронд хэрэгцээтэй бүтээн байгуулалтын ажилд зарцуулах хэрэгтэй.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ