Оросоос уучлалт гуйхгүй гэв

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “CNN” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Оросоос уулчлалт гуйхгүй” гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Манай агаарын хилийг зөрчсөн хүмүүс уучлалт гуйх ёстой. Манай нисгэгч, манай зэвсэгт хүчин зүгээр л үүргээ гүйцэтгэсэн. Тэд дүрмээ биелүүлсэн” гэж хэлжээ.
Энэхүү ярилцлагыг Туркийн нийслэл Анкара хотноо авсан байна. Эрдоган мөн Оростой харилцаагаа муудуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ. Оросын “Су 24” онгоц Туркийн агаарын хилийг зөрчсөнөөс гадна анхааруулгыг үл тоосон учир гал нээсэн хэмээн тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэв.
Ослоор амьд үлдсэн нисгэгч Константин Муратин хэлэхдээ “Туркууд ганц ч удаа анхааруулга өгөөгүй шууд галлаж эхэлсэн” гэсэн юм. Энэхүү ярилцлагын дараа Туркууд Оросын онгоцонд анхааруулга өгч буй нисгэгчийн бичлэгийг интернэтэд байршуулжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сири улсад цохилт өгч буй нисэх хүчний хамгаалалтыг сайжруулахыг албаны хүмүүст үүрэгдэж, шаардлагатай гэж үзвэл хэнтэй ч тулалдахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Гадаад хэргийн сайд Сергей Лавров Туркийн үйлдлийг “санаатай өдөөн хатгалга” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ