ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Туркийн эсрэг эдийн засгийн хориг тавьсан хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас уламжилсан тухай “TASS” агентлаг мэдээлэв. Хоригт Турк улсаас нийлүүлдэг импортын бараа, бүтээгдэхүүн, Орос улсад ажиллаж буй тус улсын иргэд болон компани багтжээ. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн хоёр улсын хоорондох онгоцны нислэгийг цуцалж, Турк улстай байгуулсан визгүй зорчих гэрээг хүчингүй болгосон байна.
“Орос улсад Туркийн 90 мянган хүн гэрээгээр ажилладаг. Тэднийг хэрхэхийг шийдвэрлээгүй байгаа” хэмээн Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.
Дээрх хоригийн дараа Оросын аялал жуучлалын компаниуд Турк улс руу нислэг үйлдэхээ зогсоож, иргэдийг тус улсад очихгүй байхыг сануулсан байна. Өнгөрсөн онд ОХУ-аас гурван сая иргэн Турк улсад жуучлалаар очжээ.
Энэ оны арвандүгээр сарын байдлаар Туркээс нэг тэрбум еврогийн импортын бараа худалдан авчээ. Туркийн Ерөнхийлөгч Эрдагон хоригийн дараа ““Су 24 онгоцыг сүйрсэн явдалд Оросоос уучлалт гуйх шаардлага байхгүй” гэж мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг