Баталгаажаагүй мэдээллийг МАН улстөржүүлсэн

АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. Хуралдаанаар Хөгжлийн банк, Сонгуулийн тухай хуультай холбоотой ажлын хэсгийн мэдээллийг сонсч, гааль, татварын байгууллагын эрх зүйн байдалтай холбоотой асуудал болон бусад холбогдох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж санал нэгджээ. Тэд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хөгжлийн банкнаас гаргасан бондыг хэр үр ашигтай зарцуулсан гэж үзэж байна вэ?
АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа:
-Манай намын бүлгийн хурлаар Хөгжлийн банктай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл сонссон. Бүлгийн гишүүдэд материал тараасан. Энэ материалтай гишүүд нэг бүрчлэн танилцах байх. Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдуулж УИХ-аас ажлын хэсгийнхэн санал дүгнэлт эцэслэн гараагүй, баталгаажуулаагүй байхад зарим гишүүд хоосон улс төржүүлсэн. Хамгийн гол нь 5,4 сая ам.доллар дутсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Үүнийг ажлын хэсгийн гишүүд нэг бүрийн тооцоог өгсөн. Энэ 5,4 сая ам.доллар бол бонд босгохтой холбоотойгоор гардаг зардал. Монгол Улсад өмнө нь гарч байсан бондууд мөн л адил зардал шаардаж байсан.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:
-Өнгөрсөн долоо хоногт гарсан мэдээлэл албан ёсоор баталгаажаагүй, худал мэдээлэл гэж АН-ын бүлэг дүгнэж байна. Тиймээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр ажлын дэд хэсгийн гишүүдээс асууж тодруулна.
-Бонд босгоход хэдэн төгрөгийн зардал гардаг вэ?
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:
-Хөгжлийн банктай холбоотой асуудал анхаарал татаад байгаа учраас бид нэлээд сайн тодруулж, тайлбарлахыг оролдож байна. Өнөөдөр бүлгийн хуралд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт оролцсон. Сангийн яамнаас ажлын хэсэг байгуулагдаж Хөгжлийн банкинд шалгалт оруулсан юм байна. Гэхдээ тэд шалгасан материал дүгнэлтээ албан ёсных болгоогүй. Сайдын зөвлөлийн хурлаар оруулаагүй, албан ёсоор санал дүгнэлтээ боловсруулаагүй, өнөөдрийг хүртэл газар хэлтсийн хурлаар оруулаагүй тийм материалыг МАН-ын гишүүд өөрсдөө хувийн журмаар олж авсан байна лээ. Тэгээд ажлын хэсгийн дүгнэлт болгож, Сангийн яамнаас албан ёсоор шалгаад, дүгнэлт гаргасан юм шигээр тайлбарлаж олон нийтийн тархийг угаах ажил явуулсан. Бид энэ асуудлыг ярилцаад Сангийн яам албан ёсны мэдэгдэл гаргах ёстой гэж шийдлээ. Аудитын газар хоёр дүгнэлт гаргасан гэж Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар ярьсан. Гэтэл Аудитын ерөнхий газрын ерөнхий аудитор А.Зангадыг бүлгийн хуралд урьж оролцуулаад энэ тухай асуулаа. Аудитор нэг л дүгнэлт гаргадаг. Хэзээ ч хоёр дүгнэлт гаргадаггүй гэж албан ёсоор хэлсэн.
-Таныг “Монроуд” компанитай холбож яриад байна. Гурван тэрбум төгрөгийн замын төсвийг 10 тэрбум болгож өсгөсөн гэсэн мэдээлэл бий. Энэ асуудлаар тайлбар өгөхгүй юу?
-Гурван тэрбум төгрөгийн замын ажил яригдаагүй. Энэ бол ташаа мэдээлэл байна. Миний үүсгэн байгуулсан “Монроуд” гэж компани 2012 оны сонгуулийн өмнө зарласан тендерт оролцож Архангай аймгийн нутагт 100 км зам барих ажил авсан. Тэр үед энэ ажил эхлээгүй. Учир нь үнийн маргаантай асуудал байсан учир хойшлогдсоор байгаад сонгуулийн дараа холбогдох яамдтай гэрээ хэлэлцээр хийж ажлаа эхлүүлсэн. Өнөөдөр зарим хэвлэлээр нэг км зам бариагүй байж 40 гаруй тэрбум төгрөг шилжүүлж авсан гэж мэдээлсэн байна лээ. Гэтэл ажил нь бүрэн дуусчихсан санхүүжилт нь харин гүйцэд шилжиж очоогүйг Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтан мэдэгдсэн. Надтай холбоотой буруу зөрүү асуудал цацаж байгаа нь үнэхээр харамсалтай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ