Р.Эрхэмбүрэн: Нөхөрлөлийн үнэ цэнэ хэврэг болж байгаад эмзэглэдэг
2015-12-01

Гурван хоногийн дараа буюу  ирэх баасан гаригт “Хүсэл” уран сайхны кино нээлтээ хийх юм. Киноны найруулагч Р.Эрхэмбүрэнтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.

 

-Залуу уран бүтээлч учраас өөрийгөө танилцуулах нь зөв байх?

 

-Би Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн. 2008 онд СУИС-д элсэн орж, Н.Ганхуяг багшийн удирдлага дор жүжигчний мэргэжлээр суралцаж, 2012 онд төгссөн.

 

-Энэ кино өөрийн чинь анхны уран бүтээл үү? Киноны гол санаа юунд орших вэ?

 

-Хүн энэ орчлон ертөнцөд амьдрахын тулд ямар нэгэн хүсэл зорилгыг тээж л явдаг. Өглөө босоод л аль нэг хүслээ биелүүлэхийн төлөө л зорьдог шүү дээ. Тэр хүсэл, зорилгоо биелүүлэхэд нь хажуугийн найз нөхөд, эргэн тойрны хүмүүс, сайн муу аль нэг байдлаар нөлөөлдөг. Зарим нэг нь хүслийг нь гүйцээхийн төлөө хамтдаа зүтгэж байхад,  нөгөө хэсэг нь магадгүй муугаар нөлөөлж байгаа тухай өгүүлнэ. Миний анхны уран бүтээл. Цаашдаа олон бүтээл туурвихын төлөө хичээнэ, хөдөлмөрлөнө.

 

-Найруулагч хүн нийгэмд хүргэх гэсэн санаагаа киногоор дамжуулж хэлдэг. Тэгэхээр яагаад энэ сэдвийг хөндөв?

 

-Бид өөрсдөө залуу уран бүтээлчид учраас аль болох бидэнд ойр байгаа сэдвийг хөндөхийг хичээсэн. Надад нэг жаахан эмзэглэмээр санагддаг зүйл бол, бид нарын үеийн залуусын бие биендээ итгэх итгэл, нөхөрлөлдөө үнэнч байх явдал хэврэг болчихсон юм шиг санагддаг. Гэтэл бидний өмнөх насны ах нарын нөхөрлөл хичнээн үнэ цэнэтэй байсан юм бэ. Одооны залуучуудын нөхөрлөл хаана оршиж, юун дээр тогтоод байна вэ. Нөхөрлөлдөө үнэнч байх тэр эрхэм зүйл хэврэг болжээ гэдгийг дээрх санаагаар дамжуулж хэлэхийг л зорьсон юм.

 

 

-Аливаа уран бүтээлийг хийхэд  санхүүгийн асуудал хүнд байдаг. Хэрхэн шийдэв? Кино хэдий хэр хугацаанд бүтэв?

 

-Сургуулиа төгсдөг жил бид энэ киног хийхээр ярьж эхэлсэн. Яг зохиол бичиж эхэлснээс хойш жилийн хугацаанд киногоо дуусгалаа. Азийн фокерын аварга Б.Буянжаргал ах киноны ерөнхий продюссероор ажилласан. Анх бид өөрсдөө киноныхоо санааг танилцуулж, хамтарч ажиллахыг хүссэн.

 

-Жүжигчдийн хувьд?

 

-Ихэвчлэн залуу уран бүтээлчид тоглосон. Учир нь бид өөрсдөө залуу хүмүүс. Тийм болохоор бидний үеийнхэн гэдэг нэг тодотгол гарч ирээсэй гэдэг үүднээс ангийн болон нөгөө ангийнхнаа урьж тоглуулсан. Гол дүрд жүжигчин М.Наранмөнх, “UBS” телевизийн хөтлөгч Э.Уянга, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Б.Болорчулуун, Г.Алтандуулга, Т.Нямдорж гэсэн таван гол дүртэй.

 

-Өөрийн чинь насны залуучуудад кино найруулах зориг тэр бүр байхгүй л болов уу. Залуу хүн гэхэд зоригтой юм?

 

-Би одоохондоо өөрийгөө найруулагч гэж хэлж чадахгүй. Жүжигчний мэргэжлээс гадна найруулагч болохыг хичээж байна. Би хувьдаа муу найруулагч гэж байдаггүй байх гэж боддог. Олонд хэр ойлгомжтой, хүртээмжтэй хийж байна вэ гэдгээс шалтгаалж масс нь илүү эсвэл бага гэж хуваадаг болов уу.

 

 

-Тэгвэл “Хүсэл” киноны найруулагчийн хүсэл мөрөөдөл юунд оршдог юм бол?

 

-Мөрөөдөл, зорилго гэвэл олон зүйл байна. Хамгийн гол зорилго бол сайн найруулагч, уран бүтээлч болох явдал. Мэдээж сайн уран бүтээлч болохын төлөө л тэмүүлж байна. Аавдаа зориулж л кино хийхсэн гэж бодож явдаг юм. Аавын маань бие нь жаахан тааруу хэвтэж байгаа. Тийм болохоор аавыгаа амьд сэрүүнд нь нэг сайхан уран бүтээл зориулж хийхсэн л гэж боддог юм.

 

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
buz:
erhemdee amjilt husie! aav ni bayarlaj bgaa bhaa bur nulims urschlaa baina.
2015-12-02
egee:
amjilt amjilt....
2015-12-01
egee:
egchiin duu ystoi mundag bn. iim sain zorigtoi zorilgotoi huu toruulsen aav eej hamgiin saihan.
2015-12-01
nuuts bvsgvi:
Mundag zaluu amjilt
2015-12-01
Зочин:
залуу хүний замын хүзүү урт шүү амжилт хүсэе
2015-12-01