Эрчим хүчний шөнийн тариф өнөөдрөөс 50 хувиар буурлаа

img

Засгийн  газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар  Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч  Ц.Мөнхтөр мэдээллээ. Тэрбээр:

 

-Өмнөх жилүүдэд эрчим хүчний салбар 80 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг байсан. Харин энэ жилээс эрчим хүчний алдагдлыг үндэсэндээ тэглэсэн. Тиймээс Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын шөнийн цахилгааны үнийн тарифыг 50 хувиар бууруулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Ингэснээр халаалтаа цахилгаанаар шийдэх гэр хорооллынх айл өрхийн тоо 30-50 хувиар нэмэгдэнэ гэж тооцсон.  Энэ хэрээр агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй алхам юм. Гэр хорооллын айл өрхийн  21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тариф 50 хувиар буурч байгаа юм. Цахилгаан халаалт хэрэглэх айл өрх энгийн тоолуураа тарифтай тоолуураар солих шаардлагатай. Гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны эрчим хүчний тариф 1 кВтт нь 77.10 төгрөг. Шөнийн эрчим хүчний цахилгааны хэрэглээг 50 хувь бууруулснаар 38.55 төгрөг болж байгаа юм гэлээ.

 

7 сая мал отрын бүсэд өвөлжинө

 

Засгийн газрын хуралдаанаар  өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаар Шадар сайд Ц.Оюунбаатар танилцуулга хийжээ.  Энэ өвөл 145 мянган өрхөд 56 сая мал өвөлжих юм байна.  Үүнийг хонин толгойд шилжүүлвэл 92.5 сая толгой мал өвөлжихөөс 7000 өрхийн 7 сая мал өөр аймаг, сумын нутагт өвөлжих аж.

 

 Хот суурингийн өвөлжилтийн бэлтгэл, тэр дундаа эрчим хүчний станцуудын засвар үйлчилгээ 93 хувьтай байна. Нүүрсний нөөцийн хувьд цахилгаан станцууд 20-иос доошгүй хоногийн нөөцтэй байх ёстой аж. Одоогоор  энэ хэмжээндээ хүрэхгүй байгаа аж. Тиймээс төмөр зам болон бусад байгууллагуудтай хамтарч уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.

 

Эрүүл мэндийн салбарын хувьд, ялангуяа отрын бүс нутагт өвөлжих малчдын эрүүл мэндийн асуудалд явуулын үйлчилгээ явуулахаар бэлтгэл ажил хангажээ. Өргөн уудам нутагтай манай орны хувьд зам даваа цасанд боогдох аюул их байдаг. Тийм учраас ЗТЯ-ны дэргэд шуурхай баг гаргаж нийтдээ 45 цэгт 180 хүн 50 гаруй техниктэй бэлэн байдалд ажиллуулжээ.  Ингэснээр  зам даваа хаагдсан үед бэлэн бүрэлдэхүүнээрээ шуурхай ажиллах боломжтой бүрдсэн байна.  Онцгой нөхцөл байдал үүссэн гамшиг болсон үед яах вэ гэдэг дээр тодорхой арга хэмжээ авч техникийн болон мэдээллийн бэлтгэл ажлыг өндөр түвшинд хангасан гэж салбарынхан мэдээлжээ. Ялангуяа малчдад мэдээлэл хүргэх тал дээр радио, телевизийн сүлжээтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа. Дээр нь малчдад мессэжээр мэдээлэл хүргэх ажиллагааг өргөн хэрэглэнэ гэсэн мэдээлэл өгсөн байна. Мөн БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг өчигдөр 2015-2016 оны өвөлжилтийн эрсдийн үнэлгээг гаргаж Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.  “Энэ өвөл мичин жилийн зуд болно гэж тооцоолж эртнээс бэлтгэл хийсэн. Энэ  нь ч зөв байсан  гэдгийг өчигдрийн танилцуулгаас харж болохоор байна. Яагаад гэвэл өнөөдөр нийт нутгийн 80 гаруй хувь нь 8-12 см-ийн зузаан цастай байгаа. Мөн ойрын үед цас орж нэмэгдэхээр байна. Нийт нутгийн 40 хувьд нь байдал  хүндэрч зудтай өвөлжих нөхцөл  одоогоор ажиглагдаад байгаа. Хүйтний хувьд арванхоёрдугаар сард нэлээн хүйтэрнэ, нэгдүгээр сар ч гэсэн хүйтэрч цас нэмэгдэх төлөвтэй байгаа. Цаашдаа байдал яаж өрнөхийг сар болгон Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч онцоллоо.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
эрчим хүчний салбар чинь саяханыг хүртэл хөрөнгө мөнгө бхгүй үхлээ хатлаа гээ л үнээ нэмээд байсан бус уу. Гэнэт яагаад хөрнгө мөнгө өө багтааж ядаад халамжийн салбар болоод унаваа. Энэ салбараар үнхээр тоглож дууслаа даа.
2015-12-01