Автобус осол гаргаж, хүний амь нас эрсэдлээ
2015-12-01

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг "Сутайн буянт" ХХК-ийн автобус осолдож 10 гаруй хүн гэмтсэн тухай өчигдөр мэдээлсэн. Иргэд зүгээр л найрсаг хотынхоо нийтийн тээврээр үйлчлүүлж байгаад, нийтийн тээврээр үйлчлүүлэхээр автобус хүлээн зогсохдоо нийтийн тээврийн автобусанд мөргүүлж эрүүл мэндээрээ хохирч байна.

 

Энэ хэргийг Замын цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Тэнд ослын шалтгаан, хохирлын хэмжээ гээд бүгд тодорхой болно. Одоо харагдаж буй хэргийн буруутан "Сутайн буянт" ХХК мэргэжлийн байгууллагын дүгнэлт бүх шалтгааныг тодорхой болгоно гэдэг тайлбарыг өгч байгаа.

 

Гэтэл хэдхэн цагийн өмнө дахиад л нийтийн тээврийн автобус осол гаргаж, хүний амь нас хохироолоо. Өнөөдөр өглөө 09:50 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хар хорин захаас баруун тийш Миний дэлгүүрийн урд замд "Тэнүүн огоо" ХХК-ийн "Daewoo BS-106" маркийн автобусны жолооч Г нь явган зорчигч 50 орчим насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг хохироосон хэрэг гарлаа.

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хангай захаас зүүн хойш замд "Автобус нэгдэл" ХХК-ийн H.Aero Citi-540" маркийн автобусны жолооч Г нь  "Тэнүүн огоо" ХХК-ийн "H.Aero Citi-540" маркийн Д жолоочтой автобустай мөргөлдөж дөрвөн зорчигч гэмтсэн тухай Замын цагдаагийн газраас мэдээлэв.

 

Нийтийн тээвэр шинэчлэгдэж, нийтийн тээвэрт мэргэшсэн жолооч нар үйлчилж байна гэж ярьдаг. Гэвч тэдэнтэй холбоотой зам тээврийн осол буурахгүй байна. 

 

Нийтийн тээврийн хэрэгслийг хамгийн аюулгүй гэж иргэд сонгодог. Халтиргаа, гулгаатай өвлийн цагт машинаа уналгүйгээр нийтийн тээврийн хэрэгслийг сонгон зорчдог хүмүүс ч цөөнгүй. Харамсалтай нь аюулгүй гэж итгүүлдэг тээврийн хэрэгсэл хамгийн том аюул, ослыг дагуулдаг боллоо.

 

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн аюулгүй байдал хангалттай бус,  зорчигчид сууж, бууж амжаагүй байхад хөдөлгөөнөө эхэлдэг, зорчигчийг хаалгандаа хавчдаг, огцом тоормослох, хоорондоо уралддаг, гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх гээд нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын замын хөдөлгөөнд оролцохдоо гаргадаг зөрчлийг тоочоод байвал барагдахгүй.

 

Энэ оны эхний 11 сарын байдлаар нийтийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын жолооч нартай холбоотой зам тээврийн осол  405 бүргэгдсэн тоо баримт байна. Тэдгээр осол хэргийн улмаас таван хүн нас барж,  254 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Найрсаг хотын аюулгүй нийтийн тээвэр иргэддээ нэг иймэрхүү үйлчилжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд, жолооч нарт дэг журам, сахилга хариуцлага хэрэгтэй байна.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин