Зочид байрлах 44 зочид буудалд 150 тэрбумын зээл олгоно

Гадаад хэргийн яамнаас долоо хоног бүрийн мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг. Өнөөдөр ГХЯ-ны Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Г.Амартүвшин, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны ахлах албан тушаалтан н.Оргил, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны зохицуулагч Б.Баясгалан, Консулын газрын дэд захирал Э.Батзориг нар "Мэдээллийн цаг"-т оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-АСЕМ-ийн зочдыг хүлээн авах 44 зочид буудалд олгож буй 150 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр нь юу вэ?
-АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд 44 зочид буудалд 150 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гээд 77 тэрбумыг Хөгжлийн банкнаас Голомт, Худалдаа хөгжлийн банкаар дамжуулаад олгож байна. Эдгээр зочид буудалд олгож байгаа мөнгө бол зээл гэдгийг ойлгох хэрэгтэй. Буцааж төлөгдөх мөнгө. Мөн 150 тэрбум гэдэг бол зохиосон тоо биш 44 зочид буудлаас хөрөнгө оруулалт, зээл хүсэж ирсэн нийлбэр дүн. Засгийн газрын тогтоолоор, Хөгжлийн банкны ТУЗ зөвшөөрсний дагуу тэдэнд зээл олгохоор болсон.
-АСЕМ-ийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ. Уг үйл ажиллагаанд зориулж ирэх оны төсөвт хэдэн төгрөг тусгасан бэ?
-Ирэх оны төсөвт 20 орчим тэрбум төгрөг суусан байгаа. АСЕМ-д зургаан салбар чиглэлээр бэлдэж байна. Тэднээс зам тээврийн салбарын бэлтгэл ажил хамгийн өндөр буюу 90-ээд хувьтай явж байна.
-Энэ онд манай улсаас гадны улс оронд хэдэн удаа өндөр дээд хэмжээний айлчлал хийсэн бэ. Зардлын талаар мэдээлэл өгөх боломжтой юу?
-Өндөр дээд хэмжээний айлчлалын төлөвлөгөө жилийн эхэнд батлагдаж, хэрэгждэг. Айлчлалын албан ёсны бүрэлдэхүүн Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлагдаад айлчлалыг хэрэгжүүлдэг. Зардлын хувьд нууц байдаг. Энэ сарын сүүлчээр энэ онд Гадаад харилцааны салбарт болсон томоохон үйл явдал, арга хэмжээний талаар цогц мэдээлэл өгнө.
-Төмөр замын хэргээр хоригдоод байгаа БНСУ-ын “Самсунг СТ” компанийн захиралыг батлан даах хүсэлтийг БНСУ-аас манай улсад суугаа элчин сайдын яамнаас гаргаж байсан ч прокурор хүлээн авахаас татгалзсан. Энэ асуудлаар ГХЯ-нд хандсан уу?
-Самсунг СТ компанийн удирдлагатай холбоотой асуудлаар хүсэлт тавьсан. Манайхаас холбогдох байгууллагуудад хүсэлтийг уламжлаад явж байна.
-Хэдхэн хоногийн өмнө Малайз улсад Монгол Улсын иргэн Н.Золзаяад холбогдох хэргийн шүүх хуралдаан болж манай иргэн буруугүй нь тогтоогдсон. Түүний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, өмгөөлөгчийг зардлыг манай улсын Засгийн газар гаргасан гэсэн.
-Тэгсэн. Тодорхой хөрөнгө Засгийн газрын хөрөнгөөс гаргасан. Мөнгөн дүнг хэлэх боломжгүй. Монгол Улсын Засгийн газар, Гадаад хэргийн яамнаас хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон хүмүүстээ анхаарал хандуулан, тэдний эрх ашгийг хамгаалж, тусламж дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ